Б.Хунцэнгүүн: Мэргэжилдээ дурласан ч гэж хэлэхээс айхаар тийм сүрлэг, бас бахдам


Т.Мөнхжин | YOLO.MN
2018-10-01

"Эр хүнийг зөөллөхийн тулд Бурхан бүсгүй хүнийг бүтээжээ” гэж Францын нэрт философич Волтер хэлсэн байдаг. Тэгвэл эгэл жирийн охидын төлөөлөл болгож та бүхэндээ Соёл урлагийн их сургуулийн 2а курсын оюутан Б.Хунцэнгүүнтэй танилцуулъя. Түүний ярианаас энэ насандаа юуг хайрлаж, юу бүтээж, өөрийгөө өөрчилж амжиллтай явах талаар санаа сэдэл авна биз ээ.

YOLO: Сайн байна уу? Юуны өмнө миний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Өөрийгөө танилцуулаач.

-Намайг Баттулгын Хунцэнгүүн гэдэг. Соёл урлагийн их сургуулийн Жүжиглэх урлагийн тэнхимийн 2а курсын оюутан. Өсвөр насны охидын жирийн нэг төлөөлөл байна. /инээв/

YOLO: Би өөртэй чинь эмэгтэй хүний талаар, мөн өөрийгөө ялан дийлэхүйн талаар илүүтэй ярилцахыг хүсэж байна. Дунд сургуульд байсан Б.Хунцэнгүүний талаар яриагаа эхэлье.

-Дунд сургуульд сурч байхдаа ер нь зожиг хүүхэд байсан. Ичимхий, чимээгүй, хэлье гэсэн зүйлээ хэлдэггүй, үсээ дээш овоолоод боочихдог байсан. Ерөөсөө чамирхаж  чаддаггүй, чимээгүй суугаад л байж байдаг хүн байсан даа.

YOLO: Хүн ер нь өөртөө өөрчлөлт хийх, гадаад төрхөө өөрчлөх хэр их чухал гэж боддог вэ?

-Мэдээж хамгийн чухал зүйл чинь өөрчлөлт. Эмэгтэй хүн чинь сэтгэлээр унахаараа ямар нэгэн юмаа өөрчилдөг дөө. Үсээ тайруулах, нүүрээ будах, ямар нэгэн зүйлсийн байрлалыг өөрчлөх гэх мэт. Тийм ээ. Цаанаасаа гоё болчихдог доо. Ер нь аль аль таалаасаа өөрчлөлт байвал зүгээр ш дээ дотооддоо ч, гаднаа ч. Тэр тусам эмэгтэй хүн. Эмэгтэй хүн болгон цэцэг. Өргөстэй, өргөсгүй улаан, ягаан, шар гээд л. Ганцхан дэлбээлээгүй, дэлбээлсэн л гэж ялгах байх даа.

YOLO: Америкийн нэрт жүжигчин Дик Ван Дайк хэлсэн байдаг л даа “Эмэгтэй хүн хэзээ ч эрчүүд шиг амжилт гаргаж чадахгүй. Учир нь тэдэнд зөвлөх эхнэр гэж байхгүй”. Тэгвэл өөрийг тань өөрчлөгдөхөд хамгийн их нөлөөлөлсөн хүчин зүйл юу вэ?

-Би өөрөө. Өөрийгөө өөрчилөхгүй бол хэн ч намайг өөрчлөхгүй. Энийг л ойлгочих хэрэгтэй. Би л өөрийгөө хайрлахгүй бол өөр хэн ч биш. Нүүрнийхээ будгийг арилгаж, эсвэл усанд орж байлаа ч би л энэ нүүрийг цэвэрлэхгүй бол өөр хэн ч цэвэрлэхгүй шүү дээ. Би л өөрийгөө арчлахгүй бол, би л өөрийгөө хооллохгүй бол өөр хэн хийх вэ. Өөрийгөө хайрлах, халамжлахааас бүх зүйл эхэлдэг. Эхлээд өөртөө арчаатай бай. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй өөрчлөлтийг өөрөөсөө, тэр тусам дотроосоо эхэл.

YOLO: Зарим нэг хүмүүс байна л даа. Өөрийнхөө төлөө биш, өрөөлийн төлөө өөрчлөгддөг. Нэг найз залуудаа хаягдаад, түүний төлөө турна. Өөрийн төлөө өөрчлөлт, өрөөлийн төлөө өөрчлөлт адилхан юм болов уу?

-Өөр хэн нэгний төлөө өөрийгөө өөрчлөхөөр надад ямар ч ахиц байхгүй. Миний сэтгэл зүйд гэсэн үг шүү дээ. Магадгүй байнга сэтгэл яриад байгаа маань эзэмшиж буй мэргэжилтэй холбоотой байх. Байнга дотроосоо гэрэлтэхийг заадаг учир. Хэрвээ тэр хэн нэгний төлөө турж байх үед тэр хүн нь байхгүй болчихвол больчихно гэсэн үг шүү дээ. Өөрийнхөө төлөө өөрчлөгдөх нь амжилтын суурь ч болж болно.

YOLO: Сургуульдаа их дассан юмаа даа?

-Дассанаас ч илүү. Үнэхээр гайхалтай. Сургууль гэж бол хэлэхгүй ээ. Нэг л дулаахан. Өдөр болгон намайг тэнд юу хүлээж байгаа бол доо гэж боддог. Магадгүй би нэг дүрээр гуйлгачин болж болно, нэг дүрээр баян хүн болж болно. Энэ мэргэжлээрээ энэ амьдралыг туулна гэж бодоход л дэндүү амттай.

YOLO: Мэргэжилдээ их дурласан юм шиг ээ.

-Би мэргэжилдээ дурласан ч гэж хэлэхээс айхаар тийм сүрлэг бас бахдам. Хазаар цэцэгсийн дуулал кинонд тоглоод “making movie” үзэж байхад миний нэрийг жүжигчин Б.Хунцэнгүүн гээд биччихсэн байсан. Би "Хөөх, ямар аймар юм бэ. Ингэж бичүүлмээргүй байна" гэж хэлж байсан. Би энэ мэргэжлийн зах зухаас ч амсаагүй, мэдээгүй, сураагүй байж өөрийгөө жүжигчин гэж хэлэхээс айсан.

YOLO: Дунд сургуульд байхдаа шоглуулж байв уу?

-Аймар, гэхгүй юу /инээв/. Наймдугаар ангид байхаа байрныхаа гадаа воллебол /төмсдөж/ тоглож байсан юм. Тэгсэн би алдчихсан чинь нэг хүүхэд “Хөөе, бүдүүн үнээ минь суу” гэдэг байгаа. Тухайн үедээ ямар ч сэтгэл хөдлөл гаргаж чадахгүй гэртээ ороод л шууд асгарч байсан. Тэр бүр маш том цохилт болсон. Хүний юуг ч мэдэхгүй мөртлөө чи тийм ш дээ гээд хэлчихдэг тийм зүрх зоригтой хүмүүсээс айдаг. Нэг кинонд гардаг үг байдаг. “Чи тарган байна уу, туранхай байна уу хэнд хамаатай юм бэ, өөрөө өөртөө л таалагд л даа гэж”.

YOLO: Нэг ийм үг байдаг даа. “Өндөр өсгийт өмсчихсөн, өөртөө итгэлтэй нь аргагүй алхан яваа бүсгүйг эрчүүд хараад дурладаг болохоос хайрладаггүй”. Таны бодлоор эмэгтэй хүний гоо үзэсгэлэн юунд байдаг гэж бодож байна вэ?

-Одоо жишээ нь эмэгтэй хүмүүс тольтой газрын хажуугаар зөрөх болгондоо өөрийгөө хардаг ш дээ. Энэ чинь л эмэгтэй хүн өөртөө зориулж хөөрхөн харагдаж байгаа гэсэн үг байхгүй юу. Тухайн эмэгтэйн гаднах хөөрхөн байдлыг нь бус, хөөрхөн харагдах гэж яагаад тэгтэл их эрмэлзэн хичээсэн дотоод шалтгааныг нь л олж хардаг эрэгтэй хүмүүс гэдэг ховор. Гоё цэцэг шиг байх хэрэгтэй ш дээ, эмэгтэй хүн чинь. Эмэгтэй хүн чинь цаанаасаа л гоо байх гэж төрсөн. Түрүүн хэлсэнчлэн дотоод гоо сайхнаа дагаад бүхий л зүйл өөрчлөгддөг.

YOLO: Бүсгүй хүн гэдэг ямар эмзэг туяхан билээ дээ. Ганц үг сонсохын төдийд л баярлана ч, уйлна ч. Ийм хүмүүстэй чинь яаж харьцах хэрэгтэй юм бол доо?

-Би ч өөрөө мэдэхгүй байна /инээв/. Би заримдаа өөрийгөө ойлгодоггүй. Нэг хүн рүү уурлачихаад, “Би сая яагаад ууралчихав аа? Миний буруу байсан уу?” гэж дараа нь бодох үе их байдаг. Цэвэр мэдрэмж юм болов уу. Нэг ийм үг байлаг даа. “Та дагинатай баймаар байвал эхнэртэйгээ зүгээр л дагина шиг харьц” гэж. Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү их тэвчээр, зориг, хүч гаргадаг хэр нь, ганц хоёрхон үгийн төдийд л баярлачихдаг, уйлчихдаг тийм л хүмүүс ш дээ.

YOLO: Амьдралаас хамгийн их таашаадаг зүйл тань юу вэ?

-Одоогийн мэдрэмжиндээ их хөтлөгддөг. Яг энэ мөчид надад юу таалагдсан, түүнийгээ л хийдэг. Одоогоосоо л таашаал авахыг их хичээдэг дээ. Яг өөртөө тавьсан хоёр дүрэм байдаг. Нэгд цаг баримтлах, хоёрд хүний ажлыг алахгүй. Үүнийгээ баримтлаад л явдаг шүү дээ. Би том болоод гэж ярих дуртай өөрийгөө одоо ч жоохон гэж боддог.

YOLO: Эрэгтэй хүнээс болж нойтон дэртэй өдөр хоногийг өнгөрөөж байв уу?

-Огт үгүй. Ээж минь надад хэлж байсан. “Надад чи байна, би элэг бүтэн байна” гэж. Уйлж байгаагүй гэж бол хэлэхгүй. Шөнө орой унтаж чадахгүй уйлаад л сууж байсан уу, гэвэл үгүй. Өөрөө өөрийнхөө сэтгэл зүйг өөрөө л засдаг. Хүн өөрөө л өөрийгөө бүтээнэ шүү дээ.

YOLO: Бүтэлтэй, бүтэлгүй хайр дурлалаас болж өсвөр насны охидод их л зүйл тохиолдох юм. 17, 18 насны хайр ямар байвал гоё гэж боддог вэ?

-Өө, хөнгөхөн хөнгөхөн. Зах зухаас нь мэдрээд л, тийм ээ. Цааш юу ч хүлээж байж мэднэ. Нэг тийм гоё эрвэлзэж, дэрвэлзээд, хөрөөд л гүйдэг нас шүү дээ.

YOLO: Дурлал гэснээс, өөрөө найз залуутай юу?

-Байхгүй ээ. Найз залуутай болъё гэж боддоггүй. Дотроо бодож явдаг хүн байдаг. Зүгээр л тэр хүн минийх байгаасай гэж хүсдэггүй хэр нь хүнд алдахыг хүсдэггүй. Нандигнаад, сэтгэлд дотроо л хадгалдаг хүн юмуу даа.

YOLO: Хүмүүс эрэгтэй хүн түрүүлж үйлдэл хийх ёстой, эмэгтэй хүмүүс ямагт хүлээнэ гэж ярьдаг. Энэ талаар юу гэж бодож байна?

-Эрэгтэй хүн чинь адилхан л хүн ш дээ. Яагаад эмэгтэй хүмүүс энэ мэдрэмжээ эрэгтэй хүмүүст мэдрүүлж болохгүй гэж. Түрүүлж эхэлнэ гэдэг ч асуудал бишээ.

YOLO: Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.

-За баярлалаа.

#Girls, #Interview