Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Би түүнд сэтгэлээ илчилсэн. Гэхдээ...
Сайн байна уу? Намайг Д гэдэг. Би 15 настай эмэгтэй. Миний өөртөө итгэх итгэл хаашаа ч юм алга болчихоод байна. Сүүлдээ хүсч буй зүйл ч үгүй болсон зорилгогүй, мөрөөдөлгүй болчихсон мэт санагддаг. Таныг ойлгоно гэж найдаж байна. Энэ байдал миний бодлоор хоёр гурван жилийн өмнөөс эхэлсэн байх. 12 настай байхад нэг охин үргэлж хэрүүл өддөг байлаа. Тэгээд өөрийгөө ойлгуулах гэж байгаад л хэрүүлч болсон тэр үеэс би хүмүүсийн хайрыг татахаа больчихсон байх. 13-тай байхад миний их сайн байсан хөвгүүн шилжихээр болсныг дуулаад амьдарлынхаа хамгийн том алдааг хийж билээ. Би түүнд сэтгэлээ илчилсэн. Гэхдээ тэр өөр охинд сайн байсан байна лээ. Тэгээд тэр цагаас хойш надтай хөндий хүйтэн, хэрцгий хандаж доромжилдог болсон. Дандаа л үгээр иддэг. Би одоо яагаад тэгэв дээ гэж үргэлж боддог. Тэр одоо болтол шилжээгүй л байгаа. Тэгээд 14-тэй би гэдэг хүн ямарч нэр хүндгүй "хэрүүлийн бузар" гэж хэлүүлж, хаягдсан хөвгүүндээ доромжлуулж амьдарсаар л байлаа. Миний сурлага ч санаанд минь хүрдэггүй байв.
Энэ жил би амьдралдаа сонсож байсан хамгийн хатуу үгээ ганц авралаасаа сонссон. Ээж намайг оюуны хомсдолтой, юм яриад ч нэмэргүй, ойлгодгүй, бусдаас олиггүй гэсэн. Бас “Чамаас дээр охин байсан бол” гэж харьцдаг. Одоо хүртэл мартаж чадаагүй тэр хөвгүүний зүрх хөлдөөсөн хормын хүйтэн харц, ээжийн төвөгшөөсөн, үзэн ядсан царай хоёр надад мартагдашгүй хүнд цохилт болж байна. Нодлин зун би гурван сар хаашаа ч гаралгүй лагерь дээрээ байсан. Би хэнтэй ч тогтмол харьцдаггүй. Цээжин дээрээ хүнд юмаар даруулсан амьтан гутарч өнгөрөөсөн. Энэ зун харин зуны сургалтад суулаа. Арай үр дүнтэй. Гэхдээ тэнд байгаа хүүхдүүд бүгд маш мундаг, биширмээр дийлдэшгүй хүчирхэг. Би улам л өөрийнгөө эвгүй байдалд оруулж, өөрийгөө хэн ч бишээр төсөөлөх болсон. Гэвч энэ надад амьдрах шалтгаан бэлэглэдэг ганц зүйл болсоон. Энэ хар амьдралд ухаарал хайрлах уужим сэтгэлтэй аав минь багад минь хаяад явчихсан. Хамгийн зөөлнийг мэдрүүлэх ёстой ээж надад хар яр аашнаасаа өөр зүйл даанч өвлүүлээгүй болохоор сэтгэл зүйч та надад тус болооч дээ.
1) Би тэр хөвгүүнтэй яаж харьцах ёстой вэ? Тулж уулзаад ч нэмэргүй юм.
2) Надад сайн найз их ховор. Би яаж хэрүүлч байдлаасаа салж, сайн найзтай болох вэ?
3) Би төрсөн аавыгаа их үгүйлэх юм. Одоогийх их сайхан сэтгэлтэй. Гэвч цаанаа л бас өөр.
4) Миний хоёр дүү гурав ба таван настай. Ухаан ороод намайг эцэг өөр гэдгийг яаж хүлээж авах бол? Яах вэ? Тэрсхэн хоёр болохоор надтай хөндий, гадуурхаж хандвал яана?
5) Хэрхэн хулчийдаг, өөртөө итгэлгүй зангаа засах вэ?
Хэт нуршсан бол уучлаарай. Хариу заавал өгөөрэй. Баярлалаа.
ЗӨВЛӨГӨӨ: Сэтгэлээ илчилсэн чинь ямар нэг буруу үйлдэл, гэмт хэрэг биш
Сайн байна уу. Бидэнд захиа ирүүлсэнд баярлалаа.
- Чи тэр хөвгүүнд сэтгэлээ илчлэх нь ямар нэг буруу үйлдэл, гэмт хэрэг биш. Хүн хүнд сэтгэлээ илчлэх эрхтэй. Тэглээ гээд тэр хөвгүүн чамайг дарамтлах, гадуурхах эрх байхгүй. Чи үүнийг түүнд хэлж ойлгуулах хэрэгтэй. Хэрвээ чамайг үг хэлээр доромжилж, олны өмнө эвгүй байдалд оруулж, эсвэл биед чинь зөвшөөрөлгүй халдаж байвал энэ үе тэнгийнхэний дарамт юм. Тиймээс чи түүнд “чиний надтай ингэж харилцаж байгаа чинь таалагдахгүй байна, чамд надтай ингэж харилцах эрх ч байхгүй, хэрвээ үүнийгээ болихгүй бол би насанд хүрэгчдэд хэлэхээс өөр арга алга” гэж зоригтой хэлээрэй. Хэн ч чамайг доромжлох эрхгүй шүү.
- Чамайг өөрийгөө ойлгуулах гэж оролдохыг бусад хүмүүс хэрүүлч гэж хүлээж авдаг гэсэн байна. Өөрөөр хэлбэл чи бусадтайгаа үл ойлголцоод байна шүү дээ. Хэрвээ тэд чамайг хэрүүл хийлээ гэж хэлж байгаа бол чи өөрийгөө бага зэрэг буруу илэрхийлээд байна гэсэн үг. Өөрийгөө тайлбарлахдаа нам дуугаар, зөөлхөн хоолойны өнгөөр, инээмсэглэж байгаад ярьж байгаарай. Бас асуудлынхаа талаар, өөрт чинь ямар мэдрэмж төрснөө л хэлж байхаас нөгөө хүнийхээ талаар юу ч битгий ярьж байгаарай. Тэгвэл тэр хүнийг буруутгаж байгаа юм шиг санагдсанаас биеэ хамгаалж жинхэнэ хэрүүл үүсэх болно.
- Өөртөө итгэлтэй байдлыг чи хүссэнээрээ өөртөө бий болгож болно. Жишээ нь: Чи өөрийгөө юу хийхдээ хамгийн сайн гэж боддог вэ? Чиний ямар зан чанар чинь чамд болон бусдад илүү таалагддаг вэ? Эдгээрийн тухай бодоод өөртөө хариулаарай. Харин дараа нь эсрэгээрээ буюу чамайг юу хамгийн их өөртөө итгэлгүй болгож орхидог бэ? Зуршил болсон зарим нэг үйлдлүүд үү, эсвэл бусдаас ирсэн шүүмжлэл үү? Хариултаа олсон бол одоо энэ зүйлсийг багасгахад чи өөрийн зүгээс юу хийж чадахаа дэвтэр дээрээ бичээд бага багаар дээрх зүйлсийг өөрчилж, сайжруулах дээр ажиллаад үзээрэй. Асуудал байгааг анзаарсан бол өөрчилж сайжруулахын төлөө үйлдэл хийх нь л чухал байдаг. Асуудлаа яриад л суугаад байвал энэ хэвээрээ байгаад л байна. Амжилт хүсье.
#ЗӨВЛӨГӨӨ булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
Т.Цэцэгбаяр
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.