ЗАХИДАЛ: Долдугаар сарын захидлын хариу №3


ССҮТөв | YOLO.MN
2020-07-23

mail Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Ааш чинь таалагддаггүй гээд блок хийчихсэн

Сайн байна уу? Би 13настай. Би Э гэдэг найзтайгаа хоёр жилийн турш нөхөрлөж байна. Би найздаа үнэхээр хайртай ч найз маань саяхан “чамд дургүй, ааш чинь таалагддаггүй” гэж хэлээд блок хийчихсэн. Бусад найзуудаараа дамжуулан холбоо барьсан ч дорвитой хариу өгөөгүй. Би юу буруу хийснээ сайн мэдэхгүй байгаа ч олон удаа уучлалт гуйсан постууд оруулсан. Сүүлдээ гэрт нь очсон ч хаалгаа тайлж өгөөгүй. Надад үнэхээр л дургүй байсан юм бол анхнаасаа яах гэж харилцаа үүсгэсэн юм бол? Би түүнтэй буцаад сайн найзууд болмоор байна. Гэхдээ яаж тэгэх вэ? Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Чиний бодлыг сонсоод чамайг уучлах үгүй нь түүний эрх 

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Хэн нэгэн биднийг орхиж явахад тодорхой шалтгааныг нь ойлголгүй “яагаад?” гэсэн асуулттай үлдсэн үедээ бид тухгүйрхэхээс гадна шударга биш санагддаг. Найзын чинь хувьд чамд тодорхой тайлбар хэлээгүй ч ааш чинь таалагддаггүй гэж хэлжээ. Чиний зүгээс “шүүмжлэлийг чинь хүлээж авлаа, би аашаа засах болно, чи надад яг юун дээрээ анхаарахыг хэлж өгөөч ээ” гэж хэлээд хүлээж л чадна. Тэр чиний бодлыг сонсоод чамайг уучлах, үгүй нь түүний эрх шүү дээ. Найз нь чамайг ойлгоно гэж итгэж байна. Амжилт хүсье.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Би idol болохыг хүсдэг

Сайн байна уу? Би эмэгтэй. Кпоп хөгжим сонсоод аль хэдийнэ хоёр жил өнгөрсөн байна. Бас idol болохыг үнэхээр их хүсдэг. Гэхдээ заримдаа дуулахаар өнгө алдаад солгойрчихоод байдаг. Би үнэндээ тийм ч гоё хоолойтой биш. Jennie, Hwasa нар шиг чадварлаг болохыг хүсдэг. Би мэргэжлийн хүнд хандах боломжгүй. Бас гэр бүлийнхэндээ энэ мөрөөдлөө хэлэхээс эмээгээд байна. Яах ёстой юм бол?

ЗӨВЛӨГӨӨ: Яг одоо байгаа нөөц бололцоог ашиглаж бага багаар хөгжөөрэй

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Мөрөөдөлтэй байгаа чинь их сайн байна. Мөрөөдөл болон бодит байдал хоёрын боломж хол биш ойр байвал зүгээр. Өөрт яг одоо байгаа нөөц бололцоог ашиглаж бага багаар хөгжих замыг сонгоорой. Хэт өндөр шаардлага тавьснаараа бид өөр өөртөө дарамт үүсгэж байдаг. Мөн бодох гэхээсээ илүүтэй бага багаар үйлдэл хийгээрэй. Зөвхөн бодоод байгаа хэрнээ үйлдэл хийхгүй байх нь эргүүлээд биднийг хэцүү байдалд оруулах эрсдэлтэй байдаг. Мэргэжлийн хүнд хандах боломжгүй бол онлайн хичээлүүдийг интернетээс судалж үзээрэй. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Үсээ тайрсандаа харамсаж байна

Сайн байна уу? Үнэхээр тэнэг сонсогдож магадгүй ч би үсээ тайрсандаа харамсаад байна. Би үнэхээр урт устэй байсан. Нээрээ шүү, бүр үнэхээр урт. Бараг 3 жил ургуулсан үс. Тэгээд нэг өдөр би Youtube-ээс бичлэг үзээд над шиг урт үстэй байж байгаад мөр хүртлээ шатлуулж тайруулсан охины бичлэгийг үзсэн юм. Надад их таалагдсан учир үсээ тайруулдаг ч юм билүү гэж бодож эхэлсэн. Нэг тал минь өөрчлөлт хийхийг хүсэж байсан ч нөгөө тал минь үсэндээ үнэхээр хайртай гэдгийг минь ухааруулах гэсэн шиг тайруулмааргүй санагдаж байлаа. Тэгээд би өөрийн хамгийн сайн зөвлөх болох ээжээсээ асуутал ээж "Аан за гоё байна" гэж хэлсэн. Ганц зөвлөгөө авах хүнээсээ ийм үг сонссон би тайруулж болох юм байна гэж бодсон.

Тэгээд эргэлзэж байтал бусад охид бодол уншсан мэт л үсээ тайруулаад эхэлцгээсэн. Маргааш нь найзтайгаа уулзах ёстой, бас би угийн хүн дуурайх дургүй учир бусад охидыг дуурайсан биш аль хоёр сарын өмнө л тайруулсан гээд хэлчихье гэж шийдээд зүгээр л гэрээсээ гараад хажуугийн үсчинд ороод л тайруулчихсан. Тэгээд л 2 3 хоногоос харамсаад эхэлсэн. Google-ээс үс хурдан ургуулах арга хайж үсээ хараад л уур хүрдэг болсон. Урт үстэй бичлэг зураг гээд харахаар л өөрийгөө зүхээд байх юм. Удахгүй ургана, бусад нь тайруулсан ч харамсахгүй байхад гэж өөрийгөө тайвшруулсан ч би үнэхээр тэнэг үйлдэл хийжээ гэж бодсон. Гэхдээ нэг талаараа урт үстэй байх бага зэрэг хэцүү байсан. Урт үстэй болохоор задгай тавьж чадахгүй байгаа юм богинохон болчихвол задгай тавихад зүгээр гэж бодсон ч миний үс боолттой хэвээр. Миний үс өтгөн болохоор угаасны дараа тээртэй байх, их шампунь хэрэглэх, үс унах гээд их л асуудал байсан ч одоо бодоход би үсэндээ их хайртай байжээ. Яаж ингэж харамсахаа болих вэ? Өдөржингөө л "үсээ яах гэж тайруулав аа? яах гэж богино болгов оо? хэзээ урт болох болоо?" гэж бодсоор өөр зүйлд анхаарч чадахаа ч больчихлоо. Одоо би яг яах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Болоод өнгөрсөн зүйлд харамсах хэрэггүй

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Өөрийн хэв маягийг өөрчилж үзсэнд чинь баяр хүргэе. Мөн хүн өөртэйгөө ижил зүйлсийг илүү их харж эхэлдэг. Урт үстэй байхдаа богино үстэй охидыг анзаарахгүй байж байгаад өөрөө богино үстэй болсноороо анзаарч эхэлнэ гэсэн үг юм. Бусад хүмүүс чиний бодлыг уншсан юм биш харин чиний бусдыг ажиглах өнцөг л өөрчлөгдсөн байх.

Болоод өнгөрсөн зүйлд одоо харамсаад яахав? Сэтгэл хөдлөл бол биднээс гарч байгаа эрч хүч. Одоо өөрт хуримтлагдаад байгаа энэ харамслын сэтгэл хөдлөлөө өөр зүйл рүү шилжүүлж гадагшлуулах хэрэгтэй. Үс чинь ургана. Яах аргагүй цаг хугацаа хэрэгтэй. Одоо байгаа цаг хугацаагаа харамсаж сууж өнгөрөөж байхын оронд богино үсийг хэрхэн янзалж болох вэ гэдэгт анхаарч, судалж үзээрэй. Нэг үгээр өөрт хуримтлагдсан эрч хүчийг өөр зүйлд гаргаж шинийг туршиж үзэх нь өөрийг чинь тайвшруулах боломжтой. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: "Дүүгээ харна" гэсээр өдөр өнгөрч байна

Сайн байна уу? Би 18 настай. Оюутан болоод 1 жил өнгөрсөн байна. Би одоо гадаадад сурдаг. Гэрээсээ холдсон эхний жил үнэхээр хэцүү байсан ч ганцаараа амьдраад сурсан. Би айлын ганц бөгөөд эмээ, өвөө дээрээ өссөн болохоор доороо дүүтэй болсон ч байнга анхаарлын төвд байдаг. Аав минь надад шинэ ээж авчирч, одоо би аминаасаа ч илүү хайртай дүүтэй болсон. Би гадаадад сурч байхдаа судалдаг хэлэндээ тийм ч сайн байгаагүй болохоор Монголд ирээд сургалтад сууж, зуны гурван сарыг гэртээ хий дэмий хэвтэж өнгөрөөхгүй талаараа аав ээж хоёртоо хэлэхэд тэр хоёр санаа нийлж байгаагаа хэлсэн.

Цар тахал дөнгөж гарч эхлэхэд хил хаахаас өмнө амжиж орж ирж анхны тусгаарлалтад орсон би гэртээ ирсэн өдрөөс авахуулаад хичээлээ ч хийх сөхөөгүй, дүүтэйгээ өдрийг өнгөрөөх болов. Би эмээ өвөөгийндөө амьдардаг. Аав ээж хоёр маань ээлжийн ажилтай. Би ядаж 1 сарын хугацаанд ажил хийж, сургалтынхаа төлбөрийг олмоор байгаагаа хэлтэл эрс эсэргүүцсэн. Аав ээж хоёр маань ээлжийн ажилтай хүмүүс болохоор би л дүүгээ аргагүйн эрхэнд хардаг. Сүүлдээ би залхаж эхэлсэн.

Насанд хүрсэн охины хувьд найзуудтайгаа зугаалах байтугай орой ядаж 1-2 цаг гарахыг ч эсэргүүцэж, юм л бол намайг дүүгээр минь боогоод хоёр сар өнгөрлөө. Ээж бид хоёр хоорондоо муудалцахгүй гэж их хичээдэг. Тэрэндээ ч болов уу миний хийсэн зүйл угаасан аяга хүртэл санаанд нь таарахгүй, уураа над руу гаргаж чадахгүй аав руу гаргаж, аав уурлаж сүүлд над руу уураа гаргах болов. Энэ талаар би эмээдээ хэлтэл миний буруу болж намайг ер ойлгосонгүй. Бас эмээ минь хоёр жижигхэн ачаа харж байгаа (ахын хүүхдүүд). Тэр хоёрт бухимдсан бухимдлаа ч надад гаргах болов.

Миний хамгийн эмзэг сэдвээр намайг үгээр идэж би "Яах гэж энэ тухай та яриад байгаа юм бэ" гэж хэлсний төлөө “том толгойлсон өөрийгөө юу гэж бодоод байгаа юм чи” гэх мэтээр сөрж гэрээр дүүрэн маргаан үүсэв. Эмээ бид хоёр харьцаагүй бараг 5, 6 хонолоо. Аав ээж дээр эргээд харвал миний гарах орох асуудлаас авахуулаад сүүлдээ орлого зарлагыг минь хүртэл хааж бэлэн мөнгө барих эрхгүй болчихсон. Би гадаадад оюутны тэтгэлгийн мөнгөөрөө амьдарчихдаг байсан юм. Найзууддаа дотроо онгойлгож ярьдаг ч хэдий болтол би тэд нарт хэлэх вэ дээ. Хүн л болсон хойно тэд нар бас залхана шүү дээ.

Хичээл орох дөхлөө хэлний шалгалтаа өгч сурдаг улсаа солих минь ч өнгөрлөө. Гэрийнхэн минь намайг ойлгохгүйгээс гадна би ийм боогдмол байдалтай дүүгээ харсаар зуны амралтаа дуусгачихлаа. Надад аймар хүндээр тусаж бүр яахаа ч мэдэхгүй, бүгдэд нь гомдох мэдрэмж төрж байна. Гэрийнхэнтэйгээ ярилцана гэдэг, тэд нар намайг ойлгоно гэдэг зүгээр л өдрийн од харахтай адилхан зүйл болчихсон. Гэрт байдаг ах нар минь сүүлдээ өмссөн зүүсэнд минь хүртэл үг хаяж, байхгүй хооронд түрийвчийг минь ухаж үзэх, өрөөндөө хувийн орон зайтай байх эрхийг минь хүртэл боож, хувцас солих эсвэл өөр ямар нэгэн байдлын үед шууд орж ирэх гэх мэт үйлдлүүд ч намайг хүндрүүлж дууслаа. Найзууд маань амарцгаая, голын эрэг гаръя, эсвэл гарч хоолонд оръё гэх үгс надад бүр ахадсан сонсогдох боллоо. “Уучлаарай, найз нь чадахгүй. Дүүгээ л харна шүү дээ” л гэх үгсээр өдөр минь өнгөрч байна. Гэрийнхэн минь зүгээр хийж буй жижиг үйлдлүүдээрээ намайг үгүй хийж байгаагаа анзаардаггүй. Юун сүртэй юм бэ л гэж боддог. Бүгд миний буруу уурлах ч эрх надад байдаггүй. Би яах ёстой вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийн байр суурийг эвтэйхнээр ойлгуулахыг хичээгээрэй

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Олон асуудал тулгараад байгаа үед асуудлуудаа өөрөөс хамаарахаас хамаарахгүй хүртэлхийг жагсааж эрэмбэлээд үзээрэй. Өөрөөс чинь хамаарах боломжтой асуудлыг бага багаар шийдэж эхэлбэл зүгээр байдаг.

Өөрөөс чинь хамаарах боломжтой асуудлуудаас чамайг хамгийн их бухимдуулж байгаа асуудлыг жагсааж бичээд дарааллынхаа дагуу тус бүрд нь чиний зүгээс юу хийж чадах вэ гэдгээ ард талд нь тэмдэглэж бичээд үзээрэй.

Өөрөөс чинь бүрэн хамааралгүй асуудал бол цар тахал юм. Цар тахлаас болж олон хүний төлөвлөгөө нурж байгаа цаг үе. Энэ цаг үеийг намжих хүртэл ирээдүйн зорилго болоод төлөвлөгөөний нэг хувилбартай байхаас илүүтэй нөөц төлөвлөгөөнүүд гаргаарай .

Гэр бүлийн харилцаанд чамаас хамааралтай зүйл ч байна, шууд хамаарах боломжгүй нөхцөл ч байна. Өөрийн зүгээс хийж чадах зүйлсийг мөн бодоод үзээрэй. Хувийн орон зай хүн бүрд чухал. Гэр бүлийн ямар ч гишүүд өөрсдийн орон зайтай байх шаардлагатай байдаг. Тиймээс өөрт чинь таалагдахгүй, тухгүй мэдрэмж төрүүлээд байгаа зүйлийг хэлж болно. Гэхдээ хэт уурлаж бухимдсан өнгө аясаар хэлэх үед эсрэг талд зөвөөр ойлгогдож очдоггүй. Эсрэг тал өөрсдийгөө хамгаалж өөрсдийнхөө зөв гэдгийг бататгах гэж оролддог. Мэдээж бухимдсан өнгө аяс байлгүй яахав. Тиймээс өөрийн байр суурийг эвтэйхнээр зөвөөр ойлгуулахыг хичээгээрэй. Өөрийн зүгээс энэ үйлдлийг хийж чадна шүү дээ. Төрөөд байгаа сэтгэл хөдлөлөө цаг бүрд нь зөвөөр илэрхийлж байвал дараа гарах харилцааны асуудал шийдэгдэхэд амар байдаг. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Хүүхдүүд намайг дуурайгаад байна

Сайн байна уу? Би 12 настай. Би өөрийгөө хөөрхөн, ухаантай гэж боддог. Өөртөө их итгэлтэй хүн л дээ. Хүмүүс ч хэлдэг. Олимпиадуудад олон медаль авж байсан учраас. Ойрд надад нэг юм анзаарагдаад байдаг боллоо. Юу вэ гэвэл намайг хүүхдүүд дуурайгаад байна. Ямар нэг юм сонирхох эсвэл хүүхэлдэйн киноны зургийг пропайл дээрээ тавих ч юм уу тиймэрхүү үйлдэлд үргэлж дуурайдаг. Бас нэг найз маань их гомдоод надад хэлж байсан. Намайг медаль авах бүрд хүүхдүүд надад илүү сайхан хандаад л чихэр авч өгөөд л байгааг анзаарсан байсан. Тэгэх бүрд найзын маань найзалдаг хүүхдүүд тоохоо болиод над дээр шавчихдаг. Надад үнэхээр таалагдахгүй байна. Би яах ёстой вэ? Надад жинхэнэ найз байгаа болов уу? Яаж энэ хуурамч хүмүүсээс салах вэ? Надад туслаач!

ЗӨВЛӨГӨӨ: Өөрт чинь баяр хүргэж байгаа хүмүүсийг хуурамч гэж бодох шаардлагагүй

Өдрийн мэнд захиа илгээсэнд баярлалаа. Хичээл номондоо амжилт үзүүлж байгаад чинь баяр хүргэе. Өөрт чинь сайн хандаж байгаа хүмүүсийг яагаад хуурамч гэж бодох болов? Өөрт чинь сайн хандаж, чихэр авч өгч байгаа нь буруу гэж үү? Баяр хүргэж байгаагийн илэрхийлэл биш гэж үү? Найзынхаа найзуудыг чи хүчээр өөр дээрээ татаад авчраад байгаа юм биш харин тэд нар чам дээр ирээд байгаа. Тийм байхад өөр дээрээ буруу авах хэрэг байна уу? Хүн бүр хэнтэй ойрхон байх хэнээс зайгаа барих вэ гэдгийг шийдэж байдаг. Энэ эрх өөрт чинь ч мөн адил байгаа. Өөрт чинь баяр хүргэж байгаа хүмүүсийг “хуурамч” гэсэн тодотголд оруулаад зугтах хэрэг байхгүй болов уу. Тэдэнд эелдгээр хандаад баярлалаа гэж хэлсэн байхад хангалттай шүү дээ. Ингэлээ гээд найзаасаа холдоно гэсэн үг биш юм. Чамд амжилт хүсье.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Чимээгүй орхих хэрэгтэй юу? 

Сайн байна уу? Би 12 настай. Би математикийн хичээл сонирхдог. Гэхдээ би бодлого бодож чаддаггүй. Олимпиадын бэлтгэлд суувал бодлого бодож чадахгүй хүүхдүүдэд шоолуулах юм болов уу гэж бодоод сууж чаддаггүй. Би яасан нь дээр вэ? Би дуртай хичээлээ сонирхсон нь дээр үү? Эсвэл сайн ойлгодог хичээлээ сонирхсон нь дээр үү?

Мөн би хүнээс маш их зүйл асууж шалгаадаг. Тийм болохоор надад хоёр хүүхэд дургүй байдгийг мэдсэн. Би тэр хоёр хүүхэдтэй найзалмаар байгаа ч тэр хүүхдүүд хүсдэггүй учир чаддаггүй. Найз маань намайг заавал найзлах гээд яадаг юм бэ? гэж хэлсэн. Тэр зөв байж магадгүй. Хүүхдүүд зөвхөн найз дээр минь анхаарлаа төвлөрүүлдэг. Сүүлдээ багш нар хүртэл тэгж харьцдаг юм шиг санагддаг болсон. Ямар нэг үйлдэл бүрийг минь шоолж байдаг. Намайг хүүхдүүд “том хамарт” гэж хэлж байсан. Надад тэгж хэлүүлэх эвгүй байсан болохоор би өөдөөс нь инээдэг байсан.

Сүүлийн 1 сард намайг нэг охин байнга муулдаг болсон. Би тэр охиныг зүгээр л орхисон. Тэгэхэд тэр охин бүүр давраад групп нээсэн. Тэгээд би уурандаа загнасан, хэрэлдсэн. Тэгээд буруугаа мэдээд уучлал гуйхад тэр бүүр доромжилж эхэлсэн. Энэ охинтой эвлэрмээр байна. Яаж эвлэрэх үү? Эвлэрэх нь зөв үү?

Би нэг бандид сайн. Гэхдээ тэр банди надад дургүй. Өөр охинд сайн байдаг нь надад их хүнд байсан. Би мартах хэрэгтэй гэж бодсон ч чадахгүй байгаа юм. Жинхэнэ хайр юм болов уу? Тэр бандитай аятайхан харьцвал тэр намайг тоох болов уу? Би тэрнийг хайрласаар байх уу? Эсвэл тэрэнтэй харьцахаа болих уу? Тэр банди надад сайн гэж тоглосон. Тэгэхэд нь би баярласан ч “худлаа юм болов уу?” гэж бодоод ууртай маягийн юм бичсэн юм. Сүүлдээ би маш их харамссан. Надад үнэхээр хэцүү байна. Энэ бандитай үерхвэл би маш их баяр баясалтай болно. Сүүлийн үед Facebook-ээр би чамд сайн гэх худал мэдээллүүд явж байна. Охид хөвгүүд энэ үгэнд итгэн баярлаж байхад нь тоглоом гэдгийг хэлж бие биенийгээ гомдоож байна надад ч бас ийм зүйл тохиолдсон. Гэхдээ би энэ үгийг худлаа гэдгийг мэдсэн тул тоогоогүй. Ингэж бусдынхаа сэтгэлээр тоглох нь ёс зүйгүй хэрэг гэж бодож байна. Бид уйдаад хийсэн гэж хэлдэг. Уйдсандаа хүнээр тоглохын оронд ном уншиж хичээлээ хийсэн нь бид нарт бидний ирээдүйд хэрэгтэй. Тэднийг яаж болиулах вэ? Юу гэж хэлэх ёстой вэ? Юм хэлэх ёстой юу? Чимээгүй орхих хэрэгтэй юу? Би яах ёстой вэ? Надад туслаач!

ЗӨВЛӨГӨӨ: Чи өөрийгөө хүндлэхгүй бол хэн ч чамайг хүндлэхгүй

Өдрийн мэнд захиа илгээсэнд баярлалаа. Хичээлдээ анхаарч байгаа чинь сайн байна. Заавал нэг хичээлээ сонгох ёстой юм гэж үү? Сайн ойлгодог хичээлээ давтаад, сонирхдог хичээлээрээ давтлага авч болохгүй гэж үү? Бусдын төлөө гэхээсээ өөрийн төлөө л бид эрдэм мэдлэг олохыг зорьдог шүү дээ. Чиний нас бага байгаа учир одооноос давтвал ямар ч хичээлээ сайн ойлгодог болох боломжтой. Анхнаасаа сайн хүн гэж байдаггүй шүү дээ.

Судалгаагаар өөрт чинь хоёр хүний нэг нь дургүй байна гэсэн үр дүн байдаг. Тиймээс бид хүн бүрд таалагдаж амьдарч чадахгүй. Харин өөрт чинь таарамжгүй хүнд анхаарлаа хандуулах уу? Эсвэл өөртэй чинь харилцаа сайтай хүмүүст анхаарлаа хандуулах уу? гэдгийг шийдэж чадна.

Хэн нэгнийг өөрчлөгдөх боломжгүй генетикийн бүтцээр нь шоглож инээх нь их бүдүүлэг зүйл. Тэр охин өөрийн сэтгэлгээгээ үүгээрээ харууллаа. Нэг хүн өөрийг чинь гаднах төрхөөс чинь болж шоглолоо гээд чи муухай гэсэн үг биш юм шүү. Өсвөр насны олон охид, хөвгүүд ийм үе тэнгийн дээрэлхэлтээс болж өөрийн үнэлэмж доогуур болж байна. Энэ бол зөв зүйл биш шүү дээ. Мөн чамайг доромжлоход чи инээдэг учраас чамд таагүй мэдрэмж төрж байгааг ойлгохгүй эсрэгээрээ чамайг хөгжөөж байна ч гэж ойлгодог байж болох юм. Тиймээс хэн нэгний хэлсэн үгс чамд ямар сэтгэгдэл төрүүлж буйг үнэнээр нь илэрхийлж байвал сайн байдаг. Үнэхээр хэцүү болж эхэлбэл багш болон эцэг эхдээ санаа зовохгүйгээр хэлээрэй.

Чамд таагүй хандаж буй хүмүүсийг гуйгаад ч болов тэдэнтэй эвлэрэх хэрэгтэй гэж чи боддог бололтой. Үнэхээр тийм гэж үү? Тэгвэл чиний үнэ цэнэ юунд орших вэ? Чи өөрийгөө хүндлэхгүй бол хэн ч чамайг хүндлэхгүй гэдэг шүү дээ. Чамтай муухай харилцаж байгаа хүнтэй найзлах хүсэлтэй, чамд дургүй хүнтэй үерхэх хүсэлтэй байна гэдэг нь “надтай муухай харилцаж болно” гэж хэлж байгаатай ижил. Өөрийгөө үнэлж сураарай. Амжилт хүсье.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Би найздаа атаархдаг

Сайн байна уу? Би дахиад л и-мэйл бичиж байна. Манай гэр бүл өр зээлтэй учраас мөнгө муутай байдаг л даа. Би найзтайгаа англи хэлний сургалтад явмаар байгаа ч манайх мөнгө муутай учраас явж чадахгүй л байна. Би сүүлийн үед их залхуу болж утас оролддог боллоо. Энэ үйлдлээ зогсооё гэсэн ч чадахгүй байна. Манай аав ажил хийвэл манайх өрөө хурдан төлнө. Намайг ч давтлагад явуулна. Гэхдээ аав ажил хийхгүй байна. Манай найз төгөлдөр хуур, англи хэлний сургалтад явдаг, маш их завгүй байдаг болсон. Би л хичээлээ хийхгүй утас ухаж гэрээ цэвэрлэхгүй хий дэмий юм хийж байна. Яаж энэ алдаагаа засах вэ? Би гэр орноо цэвэрлээд байвал ээж минь ядрахгүй байна гэдгийг ойлгож байгаа ч гэр орноо цэвэрлэх сонирхол цаанаасаа төрөхгүй байна. Энэ нь утсанд донтолт уу?

Би найздаа атаархдаг. (буруу атаархал үгүйг мэдэхгүй байна) Яагаад гэвэл найз маань хүссэн юмаа сурч, бодлого сайн боддог, хөөрхөн охин. Хүүхдүүд ч амархан шавдаг. Багш нар хүртэл байнга л нэрийг нь хэлдэг. Намайг үргэлж хийсэн үйлдэл болгоныг нь дуурайдаг гэж боддог. Би гэхдээ зөвхөн нэг бодол нэг сонирхолтой төдий шүү дээ. Би өөрийнхөө сонирхлоор явмаар байгаа ч манайх мөнгөгүй байна. Би өөрөө мөнгө олдог ч байсан болоосой гэж боддог. Яаж ээждээ тусалбал би хүссэн зүйлээ сайн сурч, ирээдүйд зөв мэргэжилтэй болж, ээжийгээ жаргаах юм болоо? Ямар алхмууд хийвэл ээждээ илүү сайн тусалж чадах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийгөө ялан дийлээрэй

Сайн уу, захиа илгээсэнд баярлалаа. Өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй байгаад нь баярлаж байна. Гэсэн ч чамаас шалтгаалахгүй хүчин зүйлээс буюу санхүүгийн байдлаас болоод хүссэн зүйлсээ хийж чадахгүй байгаа юм байна. Гэтэл найз нь төрөл бүрийн сургалтанд хамрагдаж өөрийгөө хөгжүүлж буйг харахаар нэг бодлын атаархах, шударга бус мэдрэмж төрж байгаа бололтой. Чиний хувьд одоогийн нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөөд, санхүү шаардахгүйгээр яаж өөрийгөө хөгжүүлж болох боломжуудыг хайх нь зөв шийдэл болно. Интернетээр өөрийгөө хөгжүүлэх маш их боломж байгаа шүү. Мөн үнэ төлбөргүй сургалт, эвэнтүүд зохион байгуулагддаг. Сонирхож судалж үзээрэй.

Ээждээ тусалмаар байгаа ч утсаа оролдохоос өөр зүйл хийхгүй байгаадаа мөн л сэтгэлээр унаж байгаа бололтой. Тархи нэг залхуурлын эсвэл амралтын горимд шилжчихээрээ түүнээсээ гарах гэж их хүч зарцуулах хэрэгтэй болдог. Харин эхлүүлчих юм бол үргэлжлүүлж хийхэд амархан байдаг. Тиймээс өөрийгөө ялан дийлээрэй. Ахиад нэг л бичлэг үзчихье, нэг л хүнтэй чатлачихаад босъё гэж бодогдсон үедээ бодолдоо хуурталгүй шууд босоорой. Одоогоор чиний бодол ихдээд үйлдэл чинь багадаад байна гэж дүгнэж болохоор байна. Бодсон зүйлсээ шууд хэрэгжүүлдэг хүн илүү аз жаргалтай амьдардаг. Гэтэл чи “надад хийе гэсэн ч мөнгө байхгүй шүү дээ” гэж бодож магадгүй. Тэгвэл мөнгөнөөс шалтгаалахгүй буюу гэрийн ажилд туслахаас эхэлж болно. Мөн дээр хэлсэнчлэн хүн өөрөө хичээвэл санхүүг нь хөнгөлдөг олон хөтөлбөрүүд байдаг. Судалгаа хийгээрэй. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter