Р.Эрдэнэтулга: Өрсөлдөөн ихтэй уур амьсгалд ороод өөрийн эрхгүй биеэ дайчилсан


Анх “Браунд би чинь дэлхийн хүн шүү дээ гээд бусад орны бүх л хүүхдүүдтэй чөлөөтэй ярилцаж уусаж чадсан” гэсэн яриаг сонсоод түүнээс ярилцлага авахаар сэтгэл шулуудсан минь биелэх азтай завшаан тохиолдлоо. Түүнтэй уулзаж ярилцахад үнэхээр их урам зориг, эрч хүч авснаа хэлэхэд таатай байна. Магадгүй та ч гэсэн энэ түүхийг уншаад дотроо нэгийг бодож хоёрыг тунгаах биз ээ. Р.Эрдэнэтулга 2009 онд Дэлхийн нэгдсэн коллежийг зорьж, дараа нь Браун Их сургуульд орсон. Удалгүй Дэлхийн 42 гаруй оронд салбартай, Америкийн шилдэг хөрөнгө оруулалтын компани болох “Morgan Stanley”-д тэнцэж орсон гайхалтай, сургамж авмаар түүх болон хүсэл мөрөөдлийнхөө төлөө хэрхэн сурч, хөдөлмөрлөж байгааг түүнтэй хийсэн сонирхолтой ярилцлагаас хүлээн авна уу. Yolo.mn сайтын сэтгүүлч миний зүгээс энэхүү ярилцлагыг мөрөөдлийнхөө төлөө хичээж байгаа залуус бүгдээрээ уншаарай хэмээн зөвлөж байна.

YOLO: Таньд энэ өдрийн мэнд хүргэе! Уншигчдад маань өөрийгөө танилцуулаач.

-Сайн байна уу? Намайг Тука гэдэг. 2009 онд Сант сургуулийг төгсөөд Дэлхийн нэгдсэн коллежид хоёр жил суралцсан. Үүний дараагаар Браун Их сургуулийг тоо, эдийн засгийн чиглэлээр төгсөөд Морган Стэнли / Morgan Stanley/ хөрөнгө оруулалтын компанид хоёр жил ажилласан. Түүний дараа би биотехнологийн компанид нэг жил ажиллаад, Монголдоо ирэн “RVJ capital company”-д дэд ерөнхйилөгчөөр ажиллаж байна.

YOLO: Таны бага насны мөрөөдлийн тухай ярилцъя. Бага байхдаа хэн болохыг мөрөөддөг байсан бэ?

-Аав ээж хоёр маань анх шатрын тэмцээн дээр танилцаж байсан. Тиймээс бага байхаас минь эхлээд шатар тоглохыг зааж өгч, гэр бүлээрээ шатар тоглодог байсан. Анх таван настайгаасаа хойш 14 нас хүртлээ шатрын бүх л төрлийн тэмцээн, Азийн аварга, дэлхийн аваргын тэмцээн, олимпиадад оролцож мэргэжлийн шатарчин, дэлхийн аварга болсон. Ингээд харахаар хүүхэд насны минь мөрөөдөл шатрын дэлхийн хэмжээний аварга болох, шатраараа илүү их мэргэших явдал байсан.

YOLO: Одоо таны мөрөөдлөөс биелэсэн зүйл байгаа юу?

-Мөрөөдөл гэдэг нэг давааг давахаар дахин нэг даваа гарч ирдэгтэй адилхан ухагдахуун юм шиг санагддаг. Биелсэн зүйл гэхээсээ илүү мөрөөдлөө биелүүлэхийн тулд маш олон жижиг амжилтууд болон давааг давж байгаа минь хүрэх арга зам минь болж өгдөг. Тэр арга замуудыг одоо би туулаад явж байна.

YOLO: Анх яагаад Brown University-г зорих болсон бэ? Сургуулиа сонгоход тань юу нөлөөлсөн бэ?

-Америкт сурах хүсэл сонирхол эхэндээ байгаагүй. Зөвхөн шатраа л тоглоод, хичээлдээ сайн анхаардаггүй хүүхэд байлаа. Зүгээр л шатраараа дагнаад явбал бусад зүйлээс хоцорчих юм шиг санагдаад... Өнөөдөр би зөвхөн шатарчин биш өөр зүйлд өөрийгөө сорих хэрэгтэй юм байна гээд илүү нийгмийн идэвхтэй болж, хичээлдээ анхаарлаа хандуулж эхэлсэн. Ингээд Сант сургуулийн 9-р ангид орсныхоо дараа тоо, физикээр илүү их дагнаж хичээллэдэг болсон. Тэр үед З.Энхмөнх ахтай танилцаж би дэлхийн шилдэг их дээд сургуулиуд болох Харвард, Массачусетсийн технологийн их сургууль зэрэг сургуулиудын талаар мэдэж, орохын тулд англи хэлтэй байх ёстой юм байна гэдгийг ухаарсан даа. Тухайн үед элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөөд МУИС-д л орж байвал хамгийн том амжилт гэдэг ойлголттой байлаа.  Америкт суралцах талаар давлагаа үүсээгүй байсан. Англи хэлээ сайжруулахын тулд ном их уншиж, удалгүй Дэлхийн нэгдсэн коллежид тэнцсэн. Хамгийн түрүүнд тэндэхийн уур амьсгал нь маш гоё санагдсан. Олон улсын чанартай шилдэг коллежид маш олон, 100 гаруй орны оюутнуудтай хамт сурч боловсорч байгаадаа их таатай байсан. Хүн өөрийн эрхгүй өрсөлдөөн ихтэй уур амьсгалд ороод ирэхээрээ өөрийгөө илүү их дайчилж мотивацитай болдог. Бусад маш чадварлаг хүүхдүүдийг хараад өөрийгөө голж эхэлсэн ба залхуурах ямар ч бололцоо байгаагүй. Багш байх үгүй нь хамаагүй. Хүүхэд бүр л хичээж шилдэг их дээд сургуулиуд руу зорьж байгааг хараад SAT гэж юу болох талаар мэдэж, сургуулиа судалж Браун Их сургуулийг сонгосон. Би материалуудаа явуулахдаа нэг зүйлийг ойлгосон. Дан ганц сайн сургууль руу явах биш тэр сургууль маань олон улсын шинж чанартай байвал зүгээр юм байна гэж бодсон. Брауныг сонгосон маань нэр төрийн хэрэг байсан. Олон улстай нягт харилцаатай ба бусад сургуулиудтай харьцуулахад оюутнуудынх нь 30-40 хувь нь олон улсын оюутан байдаг. Мөн шилдэг либерал сургуулийн хувьд миний хувийн зан чанарт тохирсон.

Бусад маш чадварлаг хүүхдүүдийг хараад өөрийгөө голж эхэлсэн ба залхуурах ямар ч бололцоо байгаагүй.

Р.Эрдэнэтулга

YOLO: “Морган Стэнли”-д ажиллах болсон үеэ дурсвал? Ямар нэгэн саад бэрхшээл тулгарч байсан уу?

-Миний хувьд “Морган Стэнли”-д орох боломж нэг хувиас ч бага байсан учраас ямар нэгэн хүлээлт байгаагүй. Дэлхийд маш олон оффистой үндсэн толгой оффис нь Нью-Йоркт байдаг. Үүнд цагаан хүүхэд байтугай олон улсаас оюутан орох боломж бараг байдаггүй, өдрийн од шиг л тохиолддог. Броун сургуулиас жилд нэг хүүхэд авдаг ба 300 гаруй хүүхэд өрсөлдснөөс 5,6 шатны шалгаруулалт, ярилцлагыг  давж байж нэг л хүүхэд ордог. Өрсөлдөөн асар ихтэй, боломжгүй мэт байсан боловч Ази дахь салбар оффисууд ЖиПи Морган, Хонконг, Сингапурын оффис гээд байж болох бүх л компаниуд руу өргөдлөө явуулсан. Ярилцлаганд яаж бэлдэх вэ гэдэг бараг бүхэл бүтэн шинжлэх ухаан мэт байсан. “Морган Стэнли” санхүүгийн талын мэдлэг шаарддаг  ба бусад санхүүгээрээ хөгжчихсөн сургуулиудын хүүхдүүд тэр талын мэдлэгтэй учраас мөр зэрэгцэн алхахын тулд интернетээс маш их зүйл судалж уншиж, хичээлийнхээ хажуугаар санхүүгийн хичээлүүд давхар судалдаг байлаа. Ярилцлагандаа хэчнээн их бэлдсэн ч гэсэн цагаа тулхаар маш хангалтгүй өгсөн “Морган Стэнли”-гийн Азийн оффисийн эхний ярилцлаганд оролцох үед “Чи угаасаа орох ямар ч боломжгүй хүүхэд байна” гэсэн өнгө аястай надтай харьцаж байсан. Өргөдөл явуулсан бүх л компаниасаа татгалзсан хариу сонсож байлаа. Дараагаар нь Сингарпурын Нью-Йорк дахь оффист гурван шат явсны эцсийн ярилцлаганд ороход өөрийгөө тэнцэнэ гэсэн итгэлтэй байсан  боловч тэнцээгүй. Ингээд Ази хүүхэд Ази дахь салбартаа тэнцэж орж чадаагүй болхоор Нью-Йоркийн толгой салбарт орно гэдэг бүтэшгүй зүйл мэт байсан. Ярилцлага эхлэхээс 2-3 цагийн өмнө бэлдээд л, асууж болох бүх л асуултуудыг өөрөөсөө асуунгаа тайван сууж чадахгүй бэлддэг байв. Гэвч олон удаа татгалзсан хариу авсны эцэст илүү их туршлагажин, өөртөө маш их итгэлтэй болж Морганы толгой оффист орж чадсан маань уг салбарт орсон хамгийн анхны монгол хүн болгосон.

YOLO: Хэр их хугацааг ярилцлагаа бэлдэхдээ зарцуулсан бэ?

-Тэр үед би 3-р курс байсан. Америкт оюутан дадлага хийнэ гэдэг үнэхээр хэцүү. Бүрдүүлж өгч буй материал дээрх GPA чинь 3,8-с дээш байх ёстой. Нийгмийн идэвх оролцоо чинь ийм байх хэрэгтэй. Ийм ийм төрлийн мэдлэг чадвар байх хэрэгтэй гээд маш олон төрлийн шаардлага тавьдаг. Би “Морган Стэнл”-ид дадлага хийхийн тулд үндсэндээ 1-р курсээсээ хойш санхүүгийн зөвлөх байгууллагад дадлагажиж, хажуугаар нь багшлах гэх мэт зүйлс хийж өдөр бүрээр материалаа бэлдсэн. Үндсэн ярилцлагын хэсэгт 8-1 сар хүртэл буюу таван сарын хугацаанд тасралтгүй бэлдсэн.

YOLO: Сургуулиуд руу материалаа явуулахад юу юу хэрэгтэй болдог вэ? Юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ?

-Ихэнх хүүхдүүд сайн оноо байвал л болчих юм шиг боддог. Нийгмийн маш сайн идэвхтэй байх хэрэгтэй. Зөвхөн энэ сургуульд л орчвол болоо гэхээс илүү цаад сургууль чинь энэ хүүхэд манай сургуульд ороод ямар хувь нэмэр оруулж чадах вэ гэсэн үүднээс ханддаг учраас үүн дээр илүү сайн анхаарах хэрэгтэй.

YOLO: Хүн болгон чанартай боловсрол эзэмшихийг хүсдэг шүү дээ. Таны бодлоор дэлхийн шилдэг их дээд сургуулиуд ямар хүүхдүүдийг ихэвчлэн өөрийн сургуульдаа элсүүлэх сонирхолтой бол?

-Миний бодлоор нийгэмдээ тустай хүнийг л авахыг хүсдэг. Ирээдүйд, том болоод ямарваа нэг зүйлээр бусдад тусалдаг, эсвэл лидер болох нэгнийг.

YOLO: SAT, TOEFL, IELTS зэрэг томоохон шалгалтууд дээр хэрхэн үр дүнтэй бэлдэх вэ? Өндөр оноог чухалчлах тал дээр?

-Цагийн менежмент буюу цагаа үр дүнтэй зөв хуваарилаад эртнээс бэлдэх хэрэгтэй. Нэг өглөө сэрээд л гялс бэлдээд өгнө гэж байхгүй. Одоо нэгдүгээр сард материалаа өгөх гэж буй хүүхдүүд ихэвчлэн 10, 11-р сард шалгалтандаа бэлддэг нь гол алдаа. Хүмүүс өөртөө хэт хүнд зорилт тавьдаг. Дараа нь үүнээсээ шантраад залхах тохиолдол гардаг учраас бага багаар төлөвлөгөө гаргаад эртнээс нэг жилийн өмнөөс ч юмуу бэлдэх хэрэгтэй. Жижиг зүйлүүдээ хийгээд түүнээсээ урамшаад эхлэхээр дараа дараагийнхаа зүйлийг хийх урам зоригтой болно. Нэгэн сонирхолтой зүйл уншиж байснаа дурдвал: Хүмүүс шинэ он гарахаар том том зорилтууд өөртөө тавьдаг. Гэтэл жилийн эцэст 80-90 хувь нь ч биелээгүй тохиолдол их гардаг гэсэн байсан. Хүмүүс магадгүй хийж эхлэхээс эмээдэг байх. Зүгээр л хийж эхлэх нь хамгийн чухал. Жишээ нь: Өнөөдөр би SAT дээрээ 1560 оноо авах ёстой гээд хэт их бодчихоор давашгүй мэт санагдана, тиймээс эхлээд номоо дэлгээд зөвхөн 1, 2 өгүүлбэр уншаад, математикаа илүү сайн ойлгох тал дээр анхаар. Ойлгосныхоо дараа урамшаад цааш явах нь чухал юм.

 YOLO: Оюутан байх хугацаандаа сурч мэдсэн хамгийн чухал зүйл?

-Их сургуулиа төгсөөд юу хийх ёстой гэдэг зорилгоо мэдсэн. Би Браун сургууль явах хүртлээ энэ талын ойлголт байгаагүй. Орсныхоо дараа ирээдүйн карьер чиглэлээ тодорхойлсон. Мөн их сургуулийн төлөвшлөөс яг ямархуу төрлийн хүн бэ гэдгээ мэдэж, өөрийгөө олж авсан. Сураад ирэхэд оюутан байх дөрвөн жилийн хугацаанд өөрт мэдэгдэхгүй боловч шал өөр хүн болсон. Хувь хүн гэдэг талаасаа би хэн бэ гэдгээ илүү их олж авсан юмуу даа.

 YOLO: Браун Их сургуулиас сэтгэлд тань үлдсэн хамгийн дурсамжтай зүйл юмуу багшийн тань хэлсэн сургамжтай үг бий юу?

-“Big bang theory” гэх алдартай цувралыг магадгүй хүн болгон мэдэх байх. Тэр киноны гол дүр Шелдон Куперийн дүрийг бодит хүнээс санаа авч хийсэн байдаг. Бодит амьдрал дээрх хүн нь физикээр Нобелийн шагнал хүртсэн Браун Их сургуулийн профессор Леон Купер байсан юм. Мэдээж маш мундаг хүн учраас мэргэжлийн түвшний, оюутнуудад зориулсан өндөр төвшний  сэдвүүдээр хичээлээ заадаг байлаа. Тэрээр дөнгөж орж ирсэн хүүхдүүдэд хичээл заах сонирхолтой гэж нэгэн удаа хэлж байсан. Учир нь шинэхэн оюутнууд хүсэл мөрөөдлөөр дүүрэн орж ирдэг учраас асуух асуулт нь хүртэл сонирхолтой, энгийн бус асуулт асуудаг байв. Намайг анх орж байхад шинээр орж буй оюутнуудад түүний физик, философийн нээлттэй хичээл дээр суух завшаан надад олдсон юм. Лекцийн дундуур нэгэн залуу ийнхүү асуусан юм “Дэлхий яагаад эргэдэг вэ” гэж. Гэтэл профессор “Хайр дэлхийг эргүүлдэг юм аа” гэж хариулсан нь миний сэтгэлд тодоос тод дурсамж үлдээсэн. Энэ зүгээр л энгийн физикийн асуулт байхад ийм хариулт сонсоно гэдэг үнэхээр сонирхолтой байсан юм.

YOLO: Та гадаад улсад сурч ажиллаагүй, зөвхөн эх орондоо байсан бол гэж төсөөлж байв уу? Давуу болон сул талыг нь юу гэж бодож байна?

-Энэ талаар огт төсөөлж байгаагүй юм байна. Эх орондоо сурч боловсроод амжилттай сайн сайхан явж байгаа хүмүүс зөндөө байдаг. Миний бодлоор Америкт сурсан, Монгол сурсан хүсэл эрмэлзэлтэй л бол хаана ч сурсан ялгаагүй мөрөөдлийнхөө төлөө зүтгээд л явж байх байсан байх. Амжилтанд хүрэх нь хувь хүнээсээ л шалтгаална. Зарим хүмүүс Монголд байгаа болохоор л эдийн засаг жижиг, боломж нь бага, өвлийн утаа хэцүү, амьдрахад хэцүү байна гэж боддог учраас хэзээ ч хөгжихгүй. Энэ болгонийг боломж гэж хараад хөдөлмөрлөөд явж байгаа залуус бий. Учир нь Монгол Улс хөгжиж байна. Хэн санаачлагатай байна түүнд боломж байна. Нэг хүний санаа маш хол явах бололцоо маш их. Гэтэл Америкт хэн нэгэн гарааны бизнесийн санаа олоод хэрэгжүүлнэ гэдэг өдрийн од шиг хэцүү. 

“Хайр дэлхийг эргүүлдэг юм аа” гэж хариулсан нь миний сэтгэлд тодоос тод дурсамж үлдээсэн.

Р.Эрдэнэтулга

YOLO: RVJ капитал компани ямар төрлийн үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Манай компани төслийн санхүүжүүлэгч компани. Гол үйл ажиллагаа маань гадаадад байгаа түншүүдээсээ хөрөнгө босгоод Монголын төслүүдэд хөрөнгө оруулалт хийдэг. Манай орон боломж маш ихтэй, өрсөлдөөн багатай газар. Хааяа манай компани дан ганц Монгол гэхээсээ илүүтэй өөр бусад Казахстан, Малайз, Узбекистан зэрэг улсуудтай хамтран хөрөнгө оруулалт дээрээ ажилладаг.

YOLO: Таныг энэ хүртэл явахад тань хамгийн их тусалж дэмжлэг үзүүлсэн хүн хэн байв?

-Тусалж дэмжсэн хүмүүс маш их байгаа. Мэдээж аав, ээж ахан дүүс, найз нөхөд бүгд л ард минь байж дэмжлэг үзүүлдэг. Яг алхам бүр дээр зааж зөвлөх олон менторууд байдаг. Тэд нартаа үнэхээр их талархаж явдаг. Сурах зүйл маш их байна, сурах тусам улам л юу ч мэдэхгүй болоод байгаа юм шиг санагддаг. Миний салбарт асар их мэдлэгтэй, амжилттай яваа, үлгэр дууриал авмаар хүмүүс их бий. Яг тэр хүн шиг болчих юмсан, энэ хүн шиг л эрч хүчтэй болох юмсан гэх бодол төрдөг шүү.

YOLO: Ойрын зорилго, хэтийн төлөвлөгөө тань юу вэ?

-Компанидаа ороод хоёр сар хагас болж байна. Тиймээс дэд ерөнхийлөгчийн хувьд хийж бүтээх зүйл их байна. Хэд хэдэн том төслүүд эхлүүлчихсэн байгаа. Юуны түрүүнд төслүүдийнхээ ард гарахыг хүсч байна. Ямарваа нэгэн төслийг анхнаас нь, хөрөнгө оруулалтаас нь эхлээд дуустал нь явах бол үнэхээр гоё мэдрэмж байдаг. Иймэрхүү мэдрэмжийг би урьд өмнө нь өөр компаниудаас зөвхөн жуниор байдлаар авч байсан. Одоо бол надад хамаагүй их үүрэг хариуцлага нэмэгдсэн. Төслүүдээ хэрэгжүүлээд хөрөнгө оруулалт ороод ирвэл Монголд маань хэрэгтэй.

YOLO: Чөлөөт цагаараа ихэвчлэн юу хийдэг, цаг төлөвлөлтөө хэрхэн хийдэг вэ?

-Би амьдралаа ерөнхийдөө хоёр хуваадаг. Ажил, ажил бус гэж. Ажил дээрээ хийх ёстой ажлын төлөвлөгөөнүүдээ сар бүр, өдөр болгон гэж ангилаад өнөөдөр би ажлын цаг дуусахад юуг хийж бүтээсэн байх ёстой вэ гээд хийх зүйлсээ бичдэг. Ажлын бус олон үйл ажиллагаанд хамрагддаг. Янз бүрийн  нийгэмлэгүүдэд харьяалагддаг учраас тэд нар дээрээ бас анхаарлаа хандуулаад явдаг. Чөлөөт цагаараа шатар тоглох, сагс тоглох дуртай. Ер нь спортоор хичээллэх дуртай. Үүнийхээ хажуугаар нийгмийн идэвхтэй байхыг их эрмэлздэг.   

YOLO: Уншигч хүүхэд залууст хандаж хэрхэн сургуулиа зөв сонгох тал дээр зөвлөгөө өгөөч.

-Шалгалтаа маш эртнээс бэлдэж эхлээрэй. Заавал ч үгүй цагийг нь тулгах шаардлага байхгүй. Тэрнийхээ дараа үлдсэн цагаа өөрт тохирсон зөв сургуулиа сонгоход зарцуулаад материалаа бүрдүүлэх, өөрийгөө олох дээр цагаа их өнгөрүүлэх нь чухал. Чи өөрөө өнөөдөр хүссэн  сургуулийнхаа элсэлтийг хариуцаж байсан бол ямар хүүхэд авахыг хүсэх байсан бэ гээд өөрөөсөө асуугаад үзээрэй. Хэрвээ тэр хүүхэд нь чи өөрөө байж чадвал үнэхээр тэр чиний сургууль шүү. Хөөх Харвард гээд орсон ч дараа нь сургуулийн онцлог, хичээлийн ачааллаасаа болоод тохирохгүй байдал ч үүсч болно. Шилдэг их дээд сургуулиудын тоонд орсон аль эсвэл нэр хүндээс нь болоод сонгох хэрэггүй. Өөрийн чинь зан чанар, тухайн сургуулийн онцлогтой хэрхэн тохирч байгааг сайн бодолцоорой. 

YOLO: Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай явах тухайд өөрийн бодлоо хуваалцаач.

Саяхан би ментор нэгэн эгчтэйгээ ярилцахдаа яагаад бизнесийн сургууль зорих болсон талаар асуусан юм. Тэрээр MIT-ийн бизнесийн сургуулийг төгсөөд эдийн засгийн зөвлөх байгууллагуудад ажиллаад Монголдоо ирэх сонирхолтой байсан боловч сургуульдаа орсныхоо дараагаар бүх юм өөрчлөгдөж өөрийгөө нээж бизнесээ эхлүүлж чадсан. Түүнээс мөрөөдлийнх нь тухай асуухад: “Миний мөрөөдөл хүсэл зорилго хэвээрээ байгаа. Харин яаж хүрэх зам нь өөрчлөгдсөн юмаа” гэж хэлсэн нь маш их таалагдсан. Миний амбиц бол зөвхөн эх орондоо хэрэгтэй хүн болох. Гэхдээ энэ асуултанд хүн болгон өөрөөр хариулна. Шатар тоглоод дэлхийн аварга болоод олсон мөнгөөрөө эх орондоо хувь нэмэр оруулж болно. Энэ бол зөвхөн таван настай Тукагийн бодол харин одоогийн 26 настай би арай өөрөөр бодож сэтгэнэ. Ингээд бодохоор миний 5 настай байх үеийн мөрөөдөл бол өөрчлөгдөөгүй ч хүрэх арга зам маань өөрчлөгдсөөр л байна. Мөрөөдөлдөө хүрэх маш олон арга зам бий.

YOLO: Өөрийнхөө үнэтэй туршлагаасаа хуваалцсан таньд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье!

Баярлалаа

#Success