Магадгүй хүн бүрийн зүрх сэтгэлд хэзээ ч мартагдашгүй оршдог нандин дурсамж бол зуслангийн дурсамж. Энэ бүгдийг эргэн сануулах зуслангийн зурвасыг уншигчиддаа илгээж байна. Олон улсын хүүхдийн “Мөрөөдөл” зуслангийн 2018 оны зуны 6-р ээлж болох “Dream Got Talent” авьяастнуудын ээлжээс бэлтгэсэн сурвалжлагыг уншина уу.
ЗУСЛАНГИЙН ЭХНИЙ ӨДӨР - БИШҮҮРХЭЛ
Бие биенээ танихгүй аав ээжийн үрс 2018 оны долдугаар сарын 21-ны өглөө “Мөрөөдөл” зуслан руу автобусандаа суун хөдөллөө. Улаанбаатар хотоос хүрэлцэн ирж буй амрагчдаа зуслангийн багш нар дуут дасгал хийн найрсагаар угтан авлаа. Өмнө жил амарч байсан амрагчид багш нарыгаа халуун дотноор тэвэрч, санасан сэтгэлээ дэвтээж байсан юм. Ингээд зуслангийн үндсэн бүлэг болох Theodore, Alvin, Simon, Chip, Dale бүлгүүдэд хуваагдаж, өмнө жил амарч байсан Theodore бүлэгт орлоо.
Миний бие зуслангийн төв хэсэгт байрлах 21-р байшингийн “А” тасагт танихгүй хүүхдүүдтэй хамт хуваарилагдлаа. Эхэндээ жоохон бишүүрхээд үг, дуу ч гарахгүй байсан ч байдал хэсэг хугацааны дараа өөрчлөгдлөө.
Дараагийн үйл ажиллагаа бол эмчийн үзлэг байлаа. “Мөрөөдөл” зуслан амрагчдынхаа эрүүл, аюулгүй байдлыг хангах үүднээс хүүхдийн даатгалд хамруулж, эрүүл мэндийн үзлэг, хяналтыг маш сайн хийж байсан нь маш таатай санагдаж байлаа. Мөн энэ ээлжинд Өвөр Монголын Өөртөө Засах Орон, ОХУ-ын Буриад улс, Ирланд, Швед улсын амрагчид, мөн гадаадад амьдардаг Монгол хүүхдүүд ирж амарсан юм. Зуслангийн бүх амрагчид хоорондоо нөхөрлөх зуслангийн ээлж эхэллээ.
Энэ өдрийн бүлгээрээ хийсэн эхний үйл ажиллагаа бол “Star Game” буюу тоглоомын тойрог. Багийн эв нэгдэл, бие биенээ хүндлэх хүндлэлийг амрагчид энэ хөтөлбөрт хамрагдаж суралцдаг. Дөнгөж ирээд хэдэн биенийхээ нэр, зүсийг нь тогтоож буй амрагчдыг тоглоомын аргаар дотносуулж буй нь их үр дүнтэй санагдсан юм.
Ийнхүү зуслангийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа бидний нэрлэдэгээр “Цагаан зал”-нд эхэллээ. Амрагч хүүхдүүдийг маш их баярлуулж, догдлуулж, хүсэн хүлээсэн хүлээлтийг бий болгож чадсан нэгэн гэнэтийн бэлгийг хөтлөгчид танилцууллаа. Тэр бэлэг бол VI ээлжинд зочин багшаар “The Voice of Mongolia” нэвтрүүлэгийн шилдэг оролцогч А.Заяа, Ш.Мөнхбаяр, “Оддын академи” нэвтрүүлэгийн шилдэг оролцогч, “The Wasabies” хамтлагийн дуучин Ө.Ангелина, “Хамгийн хөөрхөн охин” УСК-ны гол дүрийн жүжигчид болох Б.Ану-Үжин, Э.Отгончимэг, дуучин, гитарчин О.Гантулга нар ажиллаж, ээлжийн турш амрагчидтай хамт хөгжилтэй, дурсамжтай мөчүүдийг үлдээсэн явдал байсан юм. Дуутай, хууртай, бүжигтэй, инээд хөөртэй хөтөлбөр оройн тойргоор өндөрлөж эхний өдрөө үдэн зуслан нойрслоо.
ЗУСЛАНГИЙН НЭГ ӨДӨР
“Мөрөөдөл” зуслангийн нэгэн давуу тал бол “Франклин Кови” компанийн долоон дадлыг амрагч хүүхдүүддээ ээлжийн хугацаанд сургадаг. Эдгээр нь хүүхдүүдийг зөв дадал, хэвшилтэй байхад ихээхэн үр нөлөөтэй байдгаараа онцлог.
Зуслангийн шинэ өдрийн өглөө 07:30 цагт босч, хувийн бэлтгэлээ ханган, зуслангийнхаа төв талбайд цуглаж Монгол улсын Төрийн дууллаа эгшиглүүлснээр эхэлнэ. Үүний дараа спортын талбай руу өглөөний гүйлт хийж, тоот болон дуут дасгал хийгээд, амрагчид өрөө, байрны гадаах талбайгаа цэвэрлэж, өрөөгөө бүлгийн багш нартаа шалгуулж НАР, САР, ОД, ГАХАЙ зэрэг дүнгийн аль тохирсноор үнэлүүлдэг. Энэ нь амрагчдыг өөрийн оршин суугаа орчноо цэвэр, цэгцтэй байлгахад сургаж буй хэрэг юм. Үүний дарааг тухайн өдөрт тохирсон хөтөлбөр, тэмцээн, уралдаан явагддаг.
11:00 цагаас бага үдийн цайндаа орж, 11:30 минутаас тус тусын клубтээ хамрагдана. Өдөр бүр шинэ зүйлийг сурч мэддэг энэ цагтаа амрагчид үнэхээр их дуртай. Чадварлаг багш нар амрагч хүүхдүүдийг ээлжийн хугацаанд клубүүдэд хамруулж, сонирхлыг нь нээн илрүүлж, хөгжүүлдэг. Тус ээлжийн хугацаанд дуу, бүжиг, шатар, даам, теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, экстрем, тагнуул, шинжлэх ухаан гэсэн клубүүд хичээллэсэн юм.
Үүний дараа 13:00 цагаас зуслангийн үдийн хоолны цаг болдог. Амрагчид зуслангийн тогооч нарын бэлтгэсэн амт чанартай, тэжээллэг хоолыг идсэний дараа амралтын цаг үргэлжилнэ. Ийнхүү амралтын дараа тухайн өдөр болох хөтөлбөртөө бүлгээрээ бэлтгэж, оройн хоолондоо орсоны дараа 20:00 цагаас хөтөлбөр зохиогдож, төгсгөлд нь оройн тойргоо хийснээр зуслангийн нэг өдөр өндөрлөнө.
СОНИРХОЛТОЙ ХӨТӨЛБӨРҮҮД
“Dream got Talent” ээлжийн үеэр багш нарын хэрэгжүүлсэн сонирхолтой хөтөлбөрүүд маш олон байлаа. Эдгээрээс уншигчиддаа танилцуулъя.
Энэ хөтөлбөр нэгэн бороотой өдрийн орой боллоо. Амрагчид бүгдээрээ Цагаан зааландаа цуглаад яг л кино театрт тухлан сууж буй мэт гайхалтай уур амьсгалыг бүрдүүлэн “Peter Rabbit” хүүхэлдэйн киног үзлээ. Даанч энэ үед бүх хүмүүс кинондоо дурлаад зураг авах завтай хүн нэг ч гарсангүй.
Зуслангийн бүтэн нэгэн өдрийн турш эр зориг, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр, хатуужил шаардсан сонирхолтой хөтөлбөрийг зохион байгуулсан юм. Зуслангийн ногоон бүсэд бэлтгэсэн өртөөгөөр амрагчид дамжиж, даалгавруудыг биелүүлэн нэгэн өдрийг өнгөрүүлсэн юм. Энэ хөтөлбөрт бүгд л нэг нь нийтийн төлөө хичээж байсан нь үнэхээр гайхалтай санагдаж байлаа.
Энэ хөтөлбөрт эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бүх амрагчид хамрагдсан юм. Дуртай хүнийхээ дүрд, эсвэл үлгэрийн баатарын дүрд хувирч, эко, авангард загварыг өөрсдөө урлан бүтээж зуслангийн загварын тайзан дээр алхаж байсан дүр зураг үнэхээр сонирхолтой. Бүгд л өөрөө өөрийгөө ялан дийлж олны өмнө загвараа танилцуулсан.
Зуслангийн энэ ээлж үнэхээр онцлогтой байсан. Тэр дундаа хамгийн авьяаслаг хүүхдүүд энэ ээлжинд амарсан. Тэдний төлөөлөл нэгэн оройг урлагаар амьсгалж, хоорондоо урлагаар нөхөрлөж өнгөрүүлсэн билээ. Тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүд студид гэрээтэй ажиллах, зусланд хөнгөлөлттэй амрах зэрэг олон сайхан шагналын эзэд болсон юм.
“Сурагч нэг өдөр” хөтөлбөр сургууль дээр жил бүр болдог. Яг үүний адил ээлж бүрийн төгсгөлд амрагчид багш болж багш нар амрагч болдог өдөр бол энэ. Багш, эмч, тогооч нарын оронд бүтэн нэг өдрийн хөтөлбөрийг хариуцах үнэхээр хариуцлагатай алба байдаг юм байна лээ. Энэ өдөр зуслангийн багш, ажилчид маань бас маш сайхан амраад авдаг гэдэгт эргэлзэхгүй байна.
ХОРТ ЗУРШИЛ БҮХНЭЭС ХОЛ
Хүүхдийн зуслан бол архи, тамхигүй орчин. Гэхдээ хорт зуршил гэдэг үгийг ганцхан архи, тамхиар тодорхойлж болохгүй. Бидний сошиал ертөнцөд хий дэмий өнгөрүүлдэг хугацаа, хийжүүлсэн ундаа, чипсны хэрэглээ энэ бүгд бидэнд хортой хорт зуршил. Харин “Мөрөөдөл” зуслан дээр энэ бүгдээс хол 10 хоног үргэлжилнэ. Анх яаж утасгүй хоног өдрүүдийг барна даа гэж бодож байсан бол хөтөлбөр, үйл ажиллагаандаа оролцоод ирэхээр санаанд орж ч ирдэггүй юм билээ. Хэрвээ амрагчид бүгд өөрсдийн утастайгаа байсан бол хөтөлбөр, үйл ажиллагаанд идэвхтэй оролцох хүн байхгүй, бүгд л утсаа оролдоод өнгөрөх байсан байх…
Тэнд л хүүхэд насны идэвхтэй, амьд харилцаа оршсон хэзээ ч мартагдашгүй цаг хугацаа хоромын төдийд л болоод өнгөрсөн юм.
ХАЙР
Энэ мэт уйдах завгүй есөн шөнө, арван өдөр харвасан сум мэт хурдан өнгөрлөө. Бие биенээсээ салж хагацаж чадахааргүй дотно үерхэж, нөхөрлөж, буцахдаа баяр, гунигийн нулимсыг нуулгүй гаргасан тэр үеийн сэтгэл хөдлөлийг юугаар ч зүйрлэшгүй сайхан.
Хамгийн сүүлийн оройн тойргоо хийлээ. Анх хэдэн биенээ танихгүй бишүүрхэж байсан амрагчид сүүлийн үдэш зуслангийнхаа найзуудын хацар дээр зөөлөн үнсэж хайрыг бэлэглэж буй нь гайхалтай.
Үүний дараа бүлгүүд бүлгийн уулзалтаа хамгийн сүүлийн удаа хийлээ. Бие биедээ хэлмээр санагдаж байсан сэтгэлийн нандин үгээ тэнд хэлж, ээлжийн хугацаанд бүтээсэн дурсамжуудаа хуваалцаж, багш нар захиас үгээ амрагчиддаа өгч, гунигийн нулимсыг нуулгүй унагаж байсан нь элгэмсэг дотно, хамт олон, баг байж чадсаныг гэрчлэнэ. Болдог бол зусландаа үлдчихмээр л санагдаж байлаа.
Аз жаргалтай наран Мөрөөдөл зусланд гийж, амтат амьдралын хамгийн сайхан өдрүүд зусланд үргэлжилжээ. Хүсэл мөрөөдөл нэгэн зэрэг цохилж байна.
Бидний Мөрөөдөл зуслан
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх