Дуучин АДЕЛЬ АДКИНС


М.Тэнгис | YOLO.MN
2018-07-26

Их Британийн дуучин, дуу зохиогч Адель Лори Блю Адкинс 1988 оны тавдугаар сарын 5-нд төржээ. Түүний цомгууд дэлхий даяар олон сая хувь борлогдож эзэндээ ихээхэн амжилт авчирсны дотор Грэммийн 15 шагнал, нэг удаагийн Оскарын шагнал багтана. Аделийн хамгийн анхны цомгууд болох “19” болон “21” нь худалдаанд гарсан даруйд олон шүүмжлэгч, судлаачид түүнийг одоо цагийн хамгийн чадварлаг дуучдын тоонд багтах тухай бичиж нийтлэж байснаар зогсохгүй, урьд хожид поп хөгжмийн түүхнээ эгшиглээгүй өвөрмөц дуу хоолой нь дэлхий дахиныг байлдан дагуулсан билээ. Тэрбээр 2012 онд ээж болсон бөгөөд, 3 жилийн дараа урлагийн амьдралд эргэн ирж “Hello” баллад дуугаа гаргасан нь урьд Өмнөд Солонгосын дуучин PSY-ийн “Gangnam Style” дууны тогтоосон Youtube суваг дээрх хандалтыг эвдсэнээр түүний амжилт зогсох болоогүй, цаашид үргэлжилсээр байхын баталгаа болсон. Хамгийн сүүлд гаргасан “25” цомог тухайн жилийнхээ Грэмми наадмаас нэг дор 5 номинацын эзэн болсон нь мөн л ховорхон тохиодог амжилт.

Адель балчир наснаасаа хөгжимд дурлаж өсчээ. Лаурин Хилл, Дэстинис Чайлд зэрэг дуучид хамтлагуудыг бяцхан охин байхдаа шүтэн биширч, тэднээс үлгэр дууриал аван, ирээдүйд дуучин болох мөрөөдлийнхөө эхлэлийг тавьсан. Харин тэрбээр 15 нас хүрсэн жилээ хуучин хөгжмийн пянз худалдаалдаг дэлгүүрээс домог болсон эмэгтэй жаз дуучид болох Этта Жеймс, Элла Фицжеральд нарын дуунуудыг хамгийн анх олж сонсч байсан агаад тэр цагаас хойш жаз хөгжмийг илүү сонирхон дурлах болж, өөрөө хөгжим зохиож эхлэсэн ажээ.

The Telegraph сэтгүүлд өгсөн 2008 оны ярилцлагадаа тэр, “Манай гэр бүлд хөгжмийн хүн байгаагүй” гэж дурьдаад, “Хит дуунуудыг би үргэлж сонсдог байсан учраас сүүлдээ хуучны дуунд татагдах болсон. 15 настайдаа Элла, Этта нарын дууг анх сонсоход аялгуу нь хуучных боловч яг л дахин сэргэлт шиг санагдаж байлаа. Хэчнээн хугацаа өнгөрсөн ч домог хэвээр үлддэг хүмүүс байх юм даа. Тэр цагаас хойш 40-өөд оны дууг сонсч урам зориг авах болсон юм” хэмээн өгүүлж байжээ.

Нэгэнтээ алдарт дуучин Эми Уайнхаусыг авьяасгүйд тооцож байсан BRIT School for Performing Arts & Technology сургуульд Аделийг ээж нь оруулжээ. Хуучны сургалтын арга барилтай тэр газар түүний авьяасыг хэн ч үнэлдэггүй байв. Нэг удаа Адель өөрийнхөө зохиосон 3 дууг дуулж бичүүлснээ MySpace интернет сүлжээнд байршуулсан бөгөөд энэ нь түүний их амжилтын эхлэл болсон билээ. XL Records компани мөнхүү 3 дууг олж сонсоод тэр даруй Адельтай холбогдож, улмаар түүнийг сургуулиа төгссөнөөс дөрвөн сарын дараа буюу 2006 оны арван нэгдүгээр сард дуу бичлэгийн гэрээ байгуулсан байна.

Цомгууд

“19” (2008)

Аделийн анхны цомгийн нэр “19”. Тэрбээр уг цомгийн дуу бичлэгийн ажлыг 19 настайдаа буюу 2008 онд эхлүүлсэн учир тийнхүү нэрлэсэн. Тус цомогт багтсан “Hometown Glory”, “Chasing Pavements” хоёр дуу нь тэр даруй хит болж, дэлхий дахин түүний тухай ам уралдан ярилцах болжээ. Saturday Night Live Show-д Адель 2008 оны аравдугаар сард уригдан, тоглох эрх авснаар “19” цомгийнхоо дуунуудыг амьдаараа дуулан анхны бяцхан тоглолтоо хийв. Түүний тоглолт цацагдаж байх үед “19” цомог iTunes жагсаалтын 40-д явж байсан бол, 24 цагийн дараа гэхэд огцом их хандалт авч нэгдүгээр байранд жагсчээ.

 

“21” (2011)

Түүний хамгийн их алдар хүнд авчирсан энэ цомгийн нэр мөн л дуу бичлэгийн ажлаа эхлэх үед 21 настай байснаас нь үүдэлтэй. Худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 352 мянган хувь борлогдсон. “Rolling in the deep”, “Someone like you” дуунууд нь төсөөлөмгүй их амжилт олсон бөгөөд тэрбээр нэг долоо хоногт зэрэг шилдэг 5 дуу болон шилдэг 5 цомгийн жагсаалтад багтсан нь Битлз хамтлаг, реппер 50 цент нарын тогтоосон амжилтын араас бичигдэхэд хүргэсэн. Нийт 11 долоо хоногийн туршид шилдэг цомгийн жагсаалтыг нэгдүгээр байраар тэргүүлсэн нь дуучин Мадоннагийн “Immaculate Collection” цомгийн тогтоосон амжилтыг эвдсэн түүхтэй. Өнөөдрийг хүртэл 21 цомог нийт 30 сая хувь зарагджээ.

 

“25” (2015)

2015 оны арван нэгдүгээр сард дуучин Адель “25” цомгоо гаргасан нь ээж болсноор багагүй хугацаанд хөгжмийн ертөнцөөс холдсоных нь дараах эргэн ирэлт болсон. Тус цомог нийт 110 оронд iTunes жагсаалтын нэгдүгээр байранд жагссанаар олон улсын шилдэг борлуулалттай цомог болов. АНУ-д нэг долоо хоногийн дотор 3,38 сая хувь зарагдсанаар мөн л олон амжилтыг эвдсэн билээ. Харин Их Британи улсын хувьд 10 өдрийн дотор сая хувь борлогдсон цор ганц цомог болжээ.

 

Амжилт

Дуучин Адель өнөөдрийг хүртэл нийт 293 номинацид нэр дэвшиж байснаас 136 шагналын эзэн болсон. 18 удаа Грэммийн шагналд нэр дэвшсэн ба, Жэймс Бонд киноны дуу “Skyfall”-ын хөгжмийг зохион өөрөө дуулсан нь Оскарын шагнал хүртсэн. Мөн гурван удаа Гиннесийн номонд бичигдэж байжээ. Түүний хамгийн нөлөө бүхий амжилтуудаас дурьдъя.

2009 оны Грэммийн наадамд тэрбээр “Шилдэг шинэ уран бүтээлч” шагналыг хүртсэн. BBC агентлаг түүнийг “2008 оны дуу хоолой” хэмээн өргөмжилсөн. Тухайн жилдээ BRIT Awards-аас “шүүмжлэгчдийн шагнал”-ын эзэн болсон.

2012 онд Адель нэг дор 6 Грэммийн шагнал хүртсэний дотор “Оны шилдэг цомог” багтана. “Энэ цомог ердийн л хүмүүсийн хооронд байдаг хог новш шиг бүтэлгүй хайр дурлалын сэдвийг хөндсөн” хэмээн тайзнаа үг хэлж байв.

2013 онд тэрбээр “Set fire to the rain” дуугаараа “Шилдэг ганцаарчилсан поп дуу” номинацын эзэн болсон нь түүний долоо дахь Грэммийн шагнал. Тухайн жилдээ мөн “Skyfall” дуугаараа Алтан бөмбөрцөг болон Оскарын кино наадмын шагналыг тус тус хүртсэн.

2016 онд “25” цомгоороо Грэммийн олон номинацид дуучин Бейонсегийн “Lemonade” цомогтой хүчтэй өрсөлдөж, таван удаад нь ялалт байгуулсан. Түүний дотор оны шилдэг цомог, оны шилдэг дуу зэрэг хамгийн том шагналууд ч багтана.

Дуучин Адель 2011 онд дэлхийн хамгийн алдартай тайзуудын нэг “Royal Albert Hall”-д анхны бие даасан тоглолтоо хийжээ. Тоглолтынхоо үеэр тэр тайзан дээр үзэгчдийн өмнө чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж, хараалын үг, хошин үг харамгүй дэлгэж байлаа. Ерөөс олны өмнө чөлөөт байдлаа эрхэмлэдэг тэрбээр үргэлж өөрийнхөөрөө, хэнээс ч хараат бишээр үзэл санаагаа илэрхийлдэг. Хамгийн сүүлд 2016 оны Грэммийн шагнал гардуулах ёслолын үеэр тэрбээр өөрийнхөө авсан шагналыг дуучин Бейонсе хүртэх учиртай хэмээгээд түүнийг бага байхаасаа шүтэн биширч хүндлэж ирснээ илэрхийлж, “Та миний ээж байсан бол хэчнээн сайхан бэ?” хэмээсэн нь багагүй шуугиан дэгдээсэн юм.

Уншигч та бүхэнд түүний хэлсэн хамгийн нөлөө бүхий 5 ишлэлийг сонирхуулъя.

  1. “Чи цор ганц давтагдашгүй, тийм байтал яагаад өөр хэн нэгнийг дуурайх хэрэгтэй гэж? Яагаад чи хэн нэгний адилаар үсээ засуулж, хэн нэгний адил үзэл бодолтой байх ёстой юм бэ?”
  2. “Би нүдэнд зориулж хөгжим зохиодоггүй. Би чихэнд зориулж л хөгжимд зүтгэдэг”
  3. “Би феминист хүн. Бүх хүмүүс арьс, хүйсээр огтхон ч ялгаварлан гадуурхагдах учиргүй"
  4. “Надад гоо сайхны мэс засал хийлгэх шаардлага байхгүй. Би ийм чигээрээ үхэн үхтлээ амьдарна. Үүнтэйгээ эвлэрч сур. Хэрвээ нэг л удаа чи эвлэрчихвэл цаашид бүх зүйл хамаагүй тайван болно”
  5. “Өнгөрснөө далдалж нуухаа больчихвол амьдрал илүү хялбар”

#Adel