Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн гол дээд сургуулийн Чингис хаан кино урлагийн дээд сургууль үйл ажиллагаагаа өргөтгөж, Монгол үндэстний болон тал нутгийн соёл, Монгол адууны соёлыг бүх талаар дэлгэрүүлэх тал дээр анхааран ажиллах болжээ.
Тус сургууль жил бүр богино хэмжээний 20 кино, бүрэн хэмжээний уран сайхны хоёр кино хийж тайзны томоохон хоёр бүтээл найруулан тавихаар төлөвлөжээ. Ингэснээр үндэстний соёл урлагийн онцлогийг тусгасан кино урлагийн шилдэг дээд сургуулиудын эгнээнд орохоор зорьж буй гэнэ. Тус сургуулийн хичээлийн байр багтаамж сайтай төдийгүй киноны орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангагдсан байна.
Чингис хаан кино урлагийн дээд сургууль энэ жил зургаан мэргэжлээр Монгол улсаас элсэлт авахаа зарласан байна. Монголоос элсүүлэх оюутнууддаа ерөнхий боловсролын гэрчилгээтэй, их, дээд сургуульд дэвшин суралцах шалгалтад оролцсон байх, урлагийн авъяастай, кино урлагт дур сонирхолтой байх, эрүүл чийрэг, хараа сайн (0,8-аас доош байж болохгүй), зөв төрхтэй, хэл ярианы чадвар сайн байх зэрэг шалгуур тавьжээ.
Монгол улсад элсэлт авах ажлыг Монголын Кино урлагийн наадам холбоо хариуцаж байгаа ажээ.
Сургуулийн жилийн төлбөр 5000 юань бөгөөд гурван жил суралцах хугацаанд нь оюутан бүрд улиралд нэг удаа 500 юань буюу жилд 1000 юанийн тэтгэлэг олгох юм байна.
Дашрамд дурьдахад, Чингис хаан кино урлагийн дээд сургуулийг үүсгэн байгуулагч, захирал Нин Цай нь Шанхайн Жүжгийн урлагийн дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр, Бээжингийн Кино урлагийн дээд сургуулийг найруулагчийн мэргэжлээр тус тус дүүргэжээ. Улсдаа тэргүүлэх зэргийн найруулагч, жүжигчин тэрээр Өвөрмонголын Кино үйлдвэрийн даргын албыг хашиж байсан. Тэрээр “Ээж”, “Улаан Манжуур”, “Салхин саарал”, “Амин гол”, “Гаадан мээрингийн домог”, “Тэнгэр тал” зэрэг олон арван шилдэг бүтээл туурвижээ. Одоо “Чингис хаан” хэмээх 70 гаруй бүлэгтэй томоохон хэмжээний олон ангит түүхэн кинон дээр ажиллаж байгаа ажээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх