"Оюу Форум - 2018" амжилттай зохион байгуулагдлаа


Монголд анх удаа хүүхэд, залуусын “Оюу Форум” 2018 амжилттай зохион байгуулагдаж, нийт 600 гаруй оролцогчид хамрагдлаа. Зохион байгуулагчаар Өсвөрийн Парламент нийгэмлэг төрийн бус байгууллага ажилласан бөгөөд жил бүр уг чуулганыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Чуулган Монгол улсын төрийн дууллаар эхэлж, хүүхэд залуус хүндэтгэл үзүүлэн хамтдаа дуулав.

Эхний өдрийн дөрвөн хэлэлцүүлэг  “Монгол Улс дахь Шинжлэх ухаан, технологийн паркийн бүтээн байгуулалт ба эдийн засгийн эрчимтэй өсөлт” сэдэвт нэгдсэн хуралдаанаар эхлэлээ.

Үргэлжлүүлэн “Хувь хүний хөгжил - Боловсролын чанар ба хүртээмжтэй байдал” сэдвээр хэлэлцүүлэг хийж УИХ-ын гишүүн асан Ц. Оюунгэрэл, “ТОМҮЖИН” академийн үүсгэн байгуулагч Б. Батжин, “Сант” сургуулийн захирал З. Энхмөнх, “RVJ-капитал” компанийн ерөнхий захирал Р.Эрдэнэтулга нар хүндэт панелистаар оролцов.

Уг хуралдааны үеэр “Боловсролын чанар ба хүртээмжтэй байдлыг дээшлүүлэх үүднээс хувь хүний хөгжлийг дэмжсэн ямар өөрчлөлт боловсролын системд хийх вэ?” хэмээх асуудалд панелист Ц.Оюунгэрэл: "Бүх ЕБС-уудад төслийн цаг хэмээх хичээлийн цагийг нэмж өгөх нь зүйтэй. Үүгээр сурагчид өөрсдөө хичээлээ удирдаж хөгжих цаг илүү гаргаж өгч байгаа юм. Одоогоор цөөхөн тооны сургуулиуд дээр энэ төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Биеийн тамир хичээлийн орох улирлыг өөрчлөх хэрэгтэй" хэмээн хариулж бусад панелистууд ч мөн шийдэл гаргалгааг хэлэлцсэн юм.

“Ёс зүйтэй иргэд” сэдэвт хэлэлцүүлэг

Хиймэл оюун ухааныг Монгол улсад хөгжүүлэх нь сэдэвт салбар хуралдаан форумын хоёр дахь өдөр өрнөв.

Мөн бусад сэдэв, тухайлбал: “Хүрээлэн буй орчин ба эрүүл мэнд”, “Startup буюу гарааны бизнесийн экосистемийг бүрдүүлэх нь”, “Даяаршиж буй нийгэмд Монгол өв соёлоо хадгалж үлдэх” зэрэг нь сэдвээр амжилттай хэлэлцэн хуралдаан өндөрлөлөө.

Оролцсон хүүхэд залуус ч мөн өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэж, асуухыг хүссэн зүйлээ асуун хэлэлцүүлэгт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн юм.

Чуулганы үеэр оролцогчдод бусадтайгаа танилцах цагийг тусгайлан гаргасан ба хоорондоо санал бодлоо чөлөөтэй хуваалцаж байлаа.

Форумын сүүлийн өдөр хөгжөөнт тоглоом тоглон, ялсан оролцогчдыг ирэх жил Оюу Форумд урилгаар үнэ төлбөргүй оролцох эрхээр шагнав.

“RVJ капитал” компанийн ерөнхий захирал Р.Эрдэнэтулга нээлттэй хэлэлцүүлгийн үеэр хувь хүний зорилго болон ирээдүйн төлөвлөгөөний талаар ярьлаа.

Философич С. Молор-Эрдэнэ эрхэн ёс зүйтэй байх ухагдахууны тухай нээлттэй хэлэлцүүлэг хийн форум өндөрлөлөө.

Оролцогчид сэтгэгдэл өндөртэй байгаагаа илэрхийлэн дараа жил дахин зохион байгуулахыг хүсч буйгаа хэлсэн юм.

Зохион байгуулагчдын зүгээс энэ жилийн чуулганаар хэлэлцэж шийдсэн асуудлуудыг тохирох газарт хүргүүлэн уламжлах болно.

#OyuForum