Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
Асуудал: Би түүн дээр юу ч болоогүй юм шиг “Сайн уу” гээд очих уу?
Сайн байна уу.
Би 16-тай. Нэг хөвгүүнтэй хоёр жил үерхсэн юм аа. Бид өөр өөр газар байдаг болохоор үл ойлголцол их болдог юм л даа. Гэтэл нэг өдөр мөн л ээлжит нэгэн үл ойлголцлоосоо болоод бид салсан юм. Би “Больё, хоёулаа дэмий юм байна, салъя” гээд хэлсэн чинь “Үгүй, салахгүй” гэж уйлсан. Би ч мөн адил тийм зүйл хэлсэндээ дараа нь харамссан. Түүнээс хойш 2, 3 сар хэцүү байдалтай, байнга бодоод л байлаа. Би түүнтэй үерхдэг байх үеийнхээсээ илүү сайн болчихсон. Тэр хэлэхдээ бид хоёрын асуудлын гол шалтгаан бие биеэсээ хол байгаад оршиж байна гэсэн.
Гэхдээ би удахгүй түүний байгаа газар очих гэж байгаа юм аа. Тэгтэл “чамайг ирэхээр ярилцъя” гэсэн ч би тэвчилгүй “илүү их хайртай санаж байна” гэдгээ хэлсэн чинь нэг их тоохгүй дүр эсгээд л байх юм. Гэхдээ тэр надад одоо хайртай болов уу? Харилцахгүй удахаар тэр өөрөө “Сайн уу” гээд л юм бичдэг, буцаагаад би юм бичээд л байхаар жаахан сонин болоод бага бичээд байдаг юм. Би тэнд очихоороо яах хэрэгтэй вэ? Юу ч болоогүй юм шиг “Сайн уу” гээд очих уу? Эсвэл тоохгүй байх уу? Яавал дээр вэ?
Зөвлөгөө: Аль нь ч байлаа гэсэн ойлгох гэж хичээх, хэт бухимдахгүй байхад анхаараарай
Сэтгэл судлаач И.Тогтуун
Сайн уу, Энэ өдрийн мэндийг хүргэе.
Хосууд нэг нэгнээсээ хол зайтай хэрнээ үерхэнэ гэдэг нэлээд асуудал дагуулдаг, тэдгээр нь ч та хоёрт тохиолдсон бололтой. Тиймээс дараах зүйлүүд дээр анхаарлаа хандуулж, цаашид харилцаандаа хэрэглээрэй.
1. Хосын харилцааны чухал шийдвэрүүдийг зайнаас шийдвэрлэхгүй байх – Нүүр нүүрээ харалгүйгээр харилцах нь бодит харилцаа огт биш бөгөөд ийм үед гаргаж байгаа шийдвэр хэн хэнийхээ сэтгэл хөдлөл, нүүрний хувирлыг харалгүйгээр гаргаж буй шийдвэр тул дийлэнхдээ зөв байдаггүй, харин ч хосууд шийдвэрт хүрсэн гэсэн мэдрэмжтэй биш үл ойлголцоод дуусдаг. /Хол зайнаас салах шийдвэр гаргасан нь эргэлзэхэд хүрээд байгаа шалтгаан чинь энэ байж мэдэх юм шүү/
2. Хэр их зүйл бичиж байгаагаас хайртай эсэхийг шийдэх боломжгүй – Хамт байхгүй байгаа тул яагаад бага бичиглэл илгээж байгааг бодитоор харж чадахгүй байгаа шүү дээ. Хичээл даалгавар ихтэй, эсвэл найзуудтайгаа, гэр бүлийнхээ хүмүүстэй харилцаж байж ч болно. Аль нь ч байлаа гэсэн аль болох ойлгох гэж хичээх, хэт бухимдахгүй байхад анхаараарай. Энэ үед нь гомдоллох нь өөрөөсөө улам л түлхэхэд хүрэх болно, харин аль болох сэтгэлийг нь зовоохгүйгээр санаа тавих хэрэгтэй.
Дээрх хоёр зөвлөмжийг цаашид харилцаандаа үргэлж анхаарч байхаас гадна хэрэв найз хөвгүүнтэйгээ уулзахаар аль хэдийн төлөвлөж тогтсон байгаа бол юу ярих тухайд төдийлөн санаа зовох хэрэггүй. Харин хоёр жилийн хугацаанд ямар зүйлсийг хамтдаа даван туулснаа бичээд яриагаа эхлээрэй. Энэ бүх ярианы дараа та хоёрт шийдэх асуудал аяндаа гарч ирэх болно. За ингээд чамд амжилт хүсье.
“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач И.Тогтуун
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх