М.ТЭНГИС: ГУНИГ ДАГУУЛСАН АМИНЧ ЭРХ ЧӨЛӨӨ


Сондор | YOLO.MN
2018-06-27

Тагтаа хэвлэлийн газраас эрхлэн гаргасан, Францын зохиолч Франсуаза Саганы бүтээл "Сайн уу, Гуниг минь" зохиолын талаарх тэмдэглэлийг манай хамгийн залуу уншигчдын нэг ирүүлжээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 33-р сургуулийн ахлах ангийн сурагч, Д.Нацагдоржийн нэрэмжит тэргүүний уншигч одонт Мэнджаргалын Тэнгисийн ирүүлсэн тэмдэглэл арван долоохон настай охины бичсэн, арван долоохон настай охины тухай өгүүлдэг эл зохиолыг үе насных нь хүүгийн сэтгэгдлээр тайлснаараа их сонирхолтой байлаа.

ГУНИГ ДАГУУЛСАН АМИНЧ ЭРХ ЧӨЛӨӨ

Хүн гэдэг ямартаа ч эрх чөлөөнд дуртай амьтан ажээ. Үүнд хэдэн янзаар эргэлзэн тээнэгэлзэж болох ч өөрийн дураар, хүссэн зам мөрөөрөө, хэнээс ч хараат бишээр амьдрахыг хүсдэггүй хүн гэж байхгүй байлгүй. Тэр л эрх чөлөө нь хүн бүрд үнэтэй, хамгаалах гэж араатан амьтан шиг асан дайрах ч магадтай зүйл нь. Мөртлөө оршин тогтнох гэсэн олон эрх чөлөөнүүдийнх нь хоорондын тэмцэл эцэстээ гуниг төрүүлнэ.

17 настай Франсуаза Саган жижигхээн роман бичиж дуусаад хэвлүүлж байхдаа ирээдүйд Альбер Камьюгийн “Этгээд хүн”-тэй эн зэрэгцэн үнэлэгдэх, хүний оршихуй, эрх чөлөө, дурсамж дурдатгал, хайр, гуниг харууслын тухай бодуулах суут бүтээл бүтээснээ мэдэж байсан болов уу?

Романы гол дүрийн би баатар, 17 настай охин Сесилээс хүн төрөлхтний эрх чөлөөний төлөөх тэмцлийг гунигтай нүдээр олж харна. Бусдын заавраар, өөрийн эс сонгосон амьдралаар амьдрахыг хүсээгүй учраас, эрх чөлөөгөө өмгөөлөхдөө гэнэхэн, өсвөр насны охиноос гарамгүй том хэрэг мандуулсан нь эцэстээ хүний аминд хүрдэг гээд бод доо?

Сесил бол сүмийн сургуулийн хатуу дэг жаяг дор эрх дураар байхыг үзэлгүй олон жил суралцаж байгаад аав дээрээ амьдрах болсноос хойш далан зад татан урсах далайн түрлэг шиг, эсвэл торноосоо алдуурсан шувуу шиг жинхэнэ эрх чөлөө гээчийг эдэлж эхэлсэн дүр. 17 настай охинд буруу үгүй ч, хүүхэмсгээрээ зартай хөнгөмсөг наргианч эцэгтэйгээ амьдрах болсон нь нэрмээс болж л дээ. Эцэг охин хоёрын толгойд сурч боловсрон өөрчлөгдөх, эрдэм номд шамдах, адаглаад ёс зүйтэй биеэ авч явах тухай өчүүхэн ч бодол байхгүй, гагцхүү эцэс төгсгөлгүй наргин цэнгэх, тэвчихийн аргагүй хөнгөнөөр орших. Улмаар манай хоёр хайрын тухай тунчиг өчүүхэн бодолтой, хэсэгхэн зуурын жаргалаас хайр гэгчийн сүүдрийг олж үзсэндээ ханадаг хүмүүс аль хэдийн болжээ.

Тэгсэн чинь ёс зүй, үнэ цэн, ухаалаг байдал, эгэл даруу, гоо үзэсгэлэн, эрхэмсэг оршихуйн биелэл болсон Анна Ларсен задгай дээвэртэй машинаа хөлөглөн тэдний амьдралд орж ирснээр зөрчилд оролгүй удсан эрх дураар хоёр хүний эрх чөлөө уснаас гарсан загас шиг болох нь тэр. Хөнгөмсөг хүүхэмсэг эцэг нь Аннатай гэрлэхээр шийдсэнээр охин Сесилийн хувьд бүх амьдрал нь боогдох шиг болж, гурвуул амьдрах ирээдүйгээ төсөөлж үл чадна. Тэгээд 17 настай Сесил эцгээ Аннагаас салгах бодол өвөрлөж, эцгийн нь урьдын амраг, хөнгөмсөг Эльза, өөрт нь унан тусан хайртай болсон царайлаг залуу Сирил хоёрыг аминчхан төлөвлөгөөндөө ашиглана. Гэвч адаг сүүлд нь гуниг дүүрэн бодолхийлж суухдаа буруу зүйл хийснээ ойлгоно гэж тэр үед хэрхэн мэдэх билээ. Эцэг охин хоёрын сэтгэлийн мухарт Аннатай үлдэхийн чухлыг ойлгосон, өөрсдөөс нь тэс өөр газар оршдог Аннагийн оршихуйд тэмүүлсэн нууцхан сэтгэл байсан ч, бяцхан охины ухаангүй шийдвэр илүү хүчтэй байсан нь уйтай.

Эргээд эрх чөлөөний тухай сэдэв рүү ороход, эрх чөлөө хэчнээн сайхан, хэчнээн тэмүүлмээр, туулж явахад хэчнээн хөгтэй хөөртэй, гэвч хэчнээн аминчхан! /энд зөвхөн хувь хүний эрх чөлөө гэсэн ойлголт явж байна/ . Аминчхан учраас ганцаараа оршин тогтнох гэж ухаангүй тэмүүлдэг биш гэж үү? Зуурдын амьдралаа аминчхан эрх чөлөөний боол болгон өнгөрөөдөг нь хүн төрөлхтөн юм биш биз. Эрх чөлөөнд дулдуйдан дур зоргоор авирлах дуртай хүн төрөлхтний гэнэн мөн чанарыг санамсаргүй бөгөөд зориудаар хөндөж орхисонд романы алдар нэрд хүрэх гол учир оршиж байх шиг. Эрх чөлөөний нөгөө талд хариуцлага отож зогсоо!

Хоёр тусдаа хүний хоёр өөр эрх чөлөө нэг дор уусан нэгдэж, нэг эрх чөлөө болох болдог учраас хайрын шалгуурыг хувь хүний эрх чөлөө давж чадахгүй, аминч үзэл ч давж чадахгүй. Аминч үзэлтэй, зөвхөн өөрийн эрх чөлөөг боддог хүн хайртай хэзээ ч үнэнээсээ учирч чадахгүй биш гэж үү? Үүнийг Сесил ойлгоогүй гэж үү?

Гунигтай дүр зураг мөн биз? Эрх чөлөөгөө өмгөөлж хамгаалах гэсэндээ өөрийн ухаангүй аашилсаар үхэх хүн төрөлхтний дэврүүн дүр зураг... Гунигтай биш гэж үү? Гуниг гэдгийг мэдэхгүй дэвэрч яваад адаг сүүлд нь ухаарч ойлгосны дараа гунигтай анх удаа мэндчилэх хүмүүсийн дүр зураг...

Гагцхүү үүр хаяарах цагаар Парисын гудамжаар сүнгэнэн давхих машинуудын дууг чагнаархан орондоо хэвтэж ахуйд мартсан гэж итгэсэн ой дурдатгал сэргэж, өнгөрсөн зуны өдрүүд нүдний өмнүүр жирэлзэн өнгөрнө...Тэрхэн агшинд нэгэн жигтэй мэдрэмж дотроос оргилж бүх биеэр тарахад би нүдээ аниад Сайн уу? Гуниг минь гэж шивнэн мэндчилдэг сэн. /Зохиолын хэсгээс/

Эх сурвалж: 

#Poem #Essay #Literature