“Залуу хүний заавал унших ном” цувралын ээлжит дугаарын зочноор Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд, “Unlock” подкастын үүсгэн байгуулагчдын нэг О.Батнайрамдалыг урьж оролцууллаа.
Залуучуудыг ном уншихад уриалж, чөлөөт цагаараа хэрэгтэй мэдээллээ олж авахад нь туслахыг зорьдог “Unlock” подкастын хамт олон сүүлийн дөрвөн жилийн турш нийт 110 дугаар буюу 110 номын тухай мэдээллийг бэлтгэн хүргэжээ. Тэдгээрээс залуу хүний заавал унших номоор ямар ном нэрлэгдсэнийг энэхүү ярилцлагаас хүлээн аваарай.
Санал болгож буй ном: “Хандлага: Амжилтад хөтлөх шинэ сэтгэл зүй”
Зохиолч: Кэрол С.Дүэк
Төрөл: Сэтгэл зүй
Товч агуулга: Хүн амжилтад хүрэх эсэх нь дан ганц авьяас чадвараас хамаардаггүй. Харин тухайн хүний сэтгэлийн хандлага ямар байна вэ гэдгээс ихээхэн хамаардаг болохыг онолын үндэслэлтэй, олон жишээ баримттайгаар тайлбарлажээ.
YOLO: Бид энэ номыг яагаад унших ёстой вэ?
- Хэрвээ би 18 настай байсан бол энэ номыг л хамгийн түрүүнд уншиж ойлгоод, өөртөө гүн шингээж авах байсан. Хүн бүрд үлгэр дуурайл авдаг хүн байдаг шүү дээ. Гэтэл ямар ч амжилттай яваа хүний амьдарсан замналыг дуурайлаа гээд тэр хүн шиг болно гэж байхгүй.
Харин амжилттай яваа хүн бүрийн ард "growth mindset" буюу өсөн дэвжих сэтгэлгээ байдаг. Тиймээс үүнийг илүү сайн ойлгож, өөрийнхөө хамгийн шилдэг хувилбар болохын тулд энэ номыг заавал унших байсан. Эрт унших тусам илүү их өгөөжтэй байх болов уу гэж бодож байна.
YOLO: Таны энэ номоос суралцаж, хэрэгжүүлж буй зүйл юу вэ?
- Уншсанаасаа хойш би энэ номын тухай маш олон удаа ярьсан. Ярих бүрдээ мөн сэргээж хардаг байсан. “Unlock” подкастаар дамжуулан 100 гаруй ном уншсаны дараа надад энэ ном л хамгийн гүн, тод үлдсэн байна. Амжилтад хүрсэн хүн бүрийн ард сэтгэлгээ, хандлага их нөлөөтэй байдаг. Тэгэхээр бид нар наснаасаа хамаарахгүйгээр байнга суралцаж, хөгжих явах ёстой. Яг тэрийг л өсөн дэвжих сэтгэлгээ ойлгуулж өгдөг.
YOLO: Ном уншихын ач холбогдлыг тодорхойлбол?
- Зохиолчийн 30 жилийн судалгаан дээр үндэслэн гаргаж ирсэн ойлголтыг 300 хуудсанд багтааж, ямар ч уншигч уншихад ойлгомжтой, амьдралдаа хэрэгжүүлэхэд хялбар байх боломжийг ном олгодог. 30 жилийн хөдөлмөрийг 300 хуудсанд багтааж ойлгох боломж олгодог нь номын хамгийн том давуу тал. Богино хугацаанд маш их мэдээлэл авах суурь нь болдог гэсэн үг.
YOLO: Ном ...-той хамт гайхалтай төгс зохицдог.
- Ном чимээгүй орчинтой хамгийн төгс зохицдог. Би ном уншиж байхдаа өөр зүйлд сатаарахгүй байхыг хичээдэг. Анхаарлаа бүрэн гүйцэд төвлөрүүлж байж уншиж буй номоо гүйцэд ойлгож, өөртөө шингээн авч чаддаг. Тэгэхээр ном уншихдаа хөгжим сонсох гэх мэт тархиа давхар ажилуулах зүйл аль болох битгий хийгээсэй гэж зөвлөмөөр байна.
YOLO: Сонсдог ном, цаасан ном, цахим номын алийг нь илүүд үзэх вэ?
- Би цахим номыг илүүд үздэг. Аливаа номыг цахимаар буюу Kindle дээр унших нь цаасан хувилбараар уншихаас илүү амар санагддаг. Үүнээс гадна хэд хэдэн давуу талтай. Нэгдүгээрт, цахимаар ном уншихад хүн тухайн номыг хэр зузаан бэ гэдгийг мэддэггүй. Зузаан номыг хараад шантрах, хуудас нь явж өгөхгүй болохоор сэтгэлээр унах зэрэг асуудлууд гардаг. Гэтэл цахимаар уншихад тийм асуудал байдаггүй. Хоёрдугаарт, Kindle-тэй байхад заавал 100 ном авч явах шаардлага гардаггүй. Түүнтэй дүйцэхүйц хэмжээний номыг Kindle дотроо багтаагаад хаа ч явсан авч явж болдог. Гуравдугаарт, уншиж буй номынхоо онцлох хэсгийг өөртөө хадгалах, хэвлэж авах боломжтой байдаг нь хамгийн том давуу тал.
YOLO: Номыг хэрхэн уншдаг вэ?
- Надад ном уншихдаа баримталдаг хэд хэдэн дүрэм бий.
1. Номыг аль болох цөөн тоогоор салгаж унших
Номыг боломжтой бол нэг дор суугаад уншиж дуусгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, олон удаа салгаж унших тусам үлдэх үр өгөөж, наалдац нь бага байдаг гэсэн үг.
2. Анхаарлаа төвлөрүүлэх
Ном уншихад анхаарал гүн төвлөрөх хугацаа гэж бий. Тухайлбал, миний хувьд номыг 20 минут орчим уншиж байж анхаарал гүн төвлөрч эхэлдэг. Тиймээс гүн анхаарлаа төвлөрсөн дээр нь аль болох их унших хэрэгтэй.
3. Чимээгүй орчинд унших
Анхаарлаа бүрэн төвлөрүүлэх орчинд унших. Чимээ шуугиантай орчинд анхаарал төвлөрөх их хэцүү. Телевизийн чанга дуутай, хүмүүсийн дуу чимээтэй орчинд анхаарал орж гараад, номоо бүрэн ойлгож чаддаггүй.
4. Номоо уншиж дуусаад заавал тэмдэглэл хөтлөх
Номын тэмдэглэлийг хийхдээ номоосоо хуулж биш аль болох өөрийнхөө ойлгож авсан, ухаарсан зүйлээ бичих хэрэгтэй. Ингэснээр тухайн ном чинийх болж, чамд шингэж үлдэнэ. Хүн юмыг 100 хувьтай сэргээн санаж чаддаггүй учраас шаардлага гарвал 300 хуудастай номоо хуудас бүрээр нь эргүүлж унших биш, ганцхан хуудас тэмдэглэлээ харсан нь илүү оновчтой байдаг.
YOLO: Номын хулгай, хулгай мөн үү?
- Ямарваа нэгэн ном унших нь мэдээллийг мэдлэг болгож байна гэсэн үг. Тэр мэдлэгийг хуваалцах ёстой хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, мэдлэгээ бусадтай хуваалцаж байж сурсан мэдлэг чинь өөрт тань баталгаажиж үлдэнэ. Энэ нь танд ч ашигтай. Хоёрдугаарт, ганцаараа мэдлэгтэй болох бус олуулаа мэдлэгтэй болоход боловсролын жинхэнэ үнэ цэн оршиж байдаг.
YOLO: Таны номын санд хэр олон ном байдаг вэ?
- Нэлээд хэдэн ном бий. Гэхдээ сүүлийн үеийн номууд маань Kindle дээр түлхүү байршсан байна. Хэдийгээр гаднаасаа ганцхан Kindle л харагдах боловч дотроо олон номтой.
YOLO: Номоо хүнд зээлүүлдэг үү? Үгүй бол яагаад?
- Ихэнх номоо Kindle дээр уншдаг болохоор хүнд зээлүүлэх боломж нь хязгаарлагдмал гэх үү дээ.
YOLO: Дуртай зохиолоороо кино бүтээх боломж олдвол ямар зохиолыг амилуулах вэ?
- Уран зохиолын ном л ихэвчлэн кино болдог. Миний хувьд зохиолын ном биш "non-fiction" буюу баримт дээр тулгуурласан ном түлхүү уншдаг.
YOLO: Номоо хэрхэн сонгож уншдаг вэ?
- Ном сонгоно гэдэг ном уншихтай адил ач холбогдолтой зүйл. Уншаад байгаа мөртлөө хуудас нь явж өгөхгүй байна гэдэг нь номоо буруу сонгосон байна гэсэн үг. Чин сэтгэлээсээ уншихыг, мэдэхийг хүсэж байгаа сэдэв, зохиолчоо сонгож унших хэрэгтэй. Хүн сонирхсон номоо чин сэтгэлээсээ уншихад ном нь маш хурдан уншигддаг. Өөрт төдий чинээгээрээ үлддэг. Тиймээс номоо сонгохдоо сайн судлах хэрэгтэй.
YOLO: Эх хэл дээр нь уншсан дээр үү, эх хэлээрээ уншсан дээр үү?
- Номоо бичигдсэн хэлээр нь унших нь сайн. Орчуулга хийхэд номын ерөнхий утга санаа нь хадгалагддаг ч нарийн утга нь алдагдах эрсдэлтэй. Мөн ном унших нь гадаад хэл сурах, сурч буй хэл дээрээ илүү мэдээлэл авах жимийг тавьж өгдөг давуу талтай. Тиймээс гадаад хэр суръя гэж бодож байгаа бол сурах гэж буй хэл дээрээ ном уншвал тохиромжтой.
YOLO: Ярилцсанд баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх