-Миний дотоод ертөнцийн нууц-
Өсвөр насанд их өөрчлөлт гардаг. Бие бялдрын болон харилцаа, зан төлөв үзэл бодол бүр цаашлаад хандлага хүртэл заримдаа өөр болдог. Харилцааны чухам ямар өөрчлөлтүүд гардаг талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.
Харилцааны хувьд:
Ихэнхдээ дараах харилцааны хандлага илэрхдэг.
Бүх зүйлээ нуухгүй ярьж, бас зөвлөгөө авдаг хүнтэй болохыг би хүсч байна. Гэхдээ аав ээж, ах эгч гээд бүгд л миний асуудлыг сайн ойлгохгүй байж заах л гэх юм. Найз нар маань харин хамгийн их ойлгодог болохоор тэд нараасаа л зөвлөгөө авдаг.
Зүгээр л хичээл номоос гадна зөндөө олон асуудлыг мэдмээр байдаг ч гэрийнхэн надад цаг гаргаж ярьдаггүй болохоор найзуудаасаа л олон зүйл сонсч мэддэг. Гэхдээ тэр мэдээллүүд нь худал үнэн эсэхийг даанч мэдэхгүй ээ.
Сургуульдаа, найзууд дундаа нэр хүндтэй болмоор байна.
Ганцаараа байгаад байх биш ангийнхаа мундаг хүүхдүүдийн “фракц”-д ормоор байна.
Хэдэн жилийн өмнөхийг бодвол хүмүүсийн арга эвийг олохдоо арай л гайгүй болсон байна.
Танин мэдэхүйн хувьд:
Өөртөө болон бусад хүмүүст тохиолдож байгаа зүйлсийг олон талаас нь бодож, хэлэх гэж байгаа санааг нийлүүлж бас тусад нь дүгнэж ойлгодог болдог.
Сонирхдог зүйлс нь олон болдог. Олон зүйл сонирхож, тэр дундаас сонголтоо хийж байдаг.
Харин сэтгэл хөдлөлийн хувьд ингэж өөр болдог:
Урд урдныхаас илүү мэдрэмтгий, юманд түгшимтгий болдог.
Бусдын хэлсэн үгийг, ялангуяа үеийнхнийхээ үгийг эмзэг хүлээн авч, сэтгэлээр унах нь ихэсдэг.
Сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй болж эхэлдэг. Амархан ичих, гэнэт муухай аашлах, уурлаж бухимдах нь бараг л энгийн үзэгдэл болдог.
Энэхүү харилцаа, танин мэдэхүй, сэтгэл хөдлөлийн өөрчлөлтүүд нь өсвөр насны хүүхдүүдийн бие даасан, чөлөөт орон зайг эрэлхийлж олон зүйлийг сурах, танин мэдэх хүсэлтэй нь холбоотой байдаг.
Өсвөр насанд оюун ухаан, тархи дараах байдлаар хөгждөг:
Өсвөр насанд эргэн тойронд болж байгаа асуудлуудын учрыг бүр илүү ухаардч, хоорондоо ямар холбоотойг нь сайн ойлгодог болж эхэлдэг.
Төсөөлөл, юмыг дэс дараатай сэтгэх сэтгэлгээ /логик/ хөгжиж байдаг.
Өөрт чухал гэж үзсэн зүйлд цаг заваа зарцуулах нь ихэсч, анхаарлаа сонирхож буй зүйлдээ улам их хандуулж, удирдаж чаддаг болно.
Чухал хэрэгцээтэй мэдээллүүдийг учир утгаар нь ойлгож тогтоож сурдаг. Бага байснаа бодвол автоматаар цээжлэх нь багасдаг.
Уншиж сонссон зүйлсээ сайтар ойлгож эхэлдэг буюу хэл яриа, үгсийн сангийн хувьд сайжирч эх хэлнийхээ үгийн утгыг улам сайн ойлгож эхэлдэг.
Эх сурвалж: ССҮТ., Боломж дандаа чиний гарт, УБ., 2014
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх