Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Түүнийг харах бүрт л бухимдал гомдол хоёр зэрэг төрдөг
Сайн байна уу. Намайг Т… гэдэг би 7-р ангийн сурагч 12 настай. Би өөрөө их эршүүд хээгүй атаман охин л доо. Өнгөрсөн жил шинэ сургуульд шилжиж ирээд ангийнхаа бандид сайн болчихсон. Тэгээд энэ жил зориг гаргаад 2-р улирлын амралтаараа ангийнхантайгаа байнга очдог тоглоомын талбай дээр өвдөг дээрээ суугaад цэцэг бариад сайн гэдгээ хэлж “хоёулаа үерхье” гэж гуйсан. Харин тэр үед түүнийг хүнтэй үерхэж байсныг нь би мэдээгүй. Тэр явдлаас хойш би түүнийг мартахыг хичээсэн ч чадаагүй, өдөр болгон хамт суудаг харах тоолонд уур бухимдал гомдол хоёр зэрэг төрдөг. Би яах вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Түрхэн зуурын шохоорхол бол зөвхөн өөрийн хүсэл сонирхлыг харгалздаг
Сайн байна уу? Бидэнд захиа илгээсэнд баярлалаа. Өсвөр насандаа эсрэг хүйстнээ сонирхож, шохоорхох нь хүүхэд бүрт тохиолддог. Тэр хүүд сайн гэдгээ шулуухан хэлж байгаа чинь зоригтой алхам болжээ. Гэвч эрэгтэйлэг зан төлөвтэй гээд эр хүйстний хийх үйлдлийг захиандаа хэлсэнчлэн “өвдөг дээрээ суугаад цэцэг өгөх” эмэгтэй хүүхэд хийх нь яг тохиромжтой үйлдэл үү гэдэг нь эргэлзээтэй.
Түүнд сайн гэж хэлэхээсээ өмнө тэр хүүгийн тухай мэдээллийг олж авах хэрэгтэй байсныг чи энэ явдлаар мэдэж авсан байх. Тэр хүү найз охинтойгоо хамт байгаа нь чиний дургүйцлийг хүргээд, атаархаад байна уу? эсвэл чи түүнд үнэхээр чин сэтгэлээ сайн уу? гэдгээ ялгах нь чухал юм. Үнэн сэтгэлээсээ хүнд сайн болоход тэр хүндээ бүхий л сайн сайхныг хүсэж, сайхан бүхнээ өгөхийг хүснэ, тэр хүнийг жаргалтай байвал хараад сэтгэл баярлана. Харин түрхэн зуурын шохоорхол бол зөвхөн өөрийн хүсэл сонирхолыг харгалздаг. Энэ талаар бодож үзээрэй. Чамд амжилт хүсье.
#ЗӨВЛӨГӨӨ булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
Г.Ундрал
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх