Yolo.mn сайтын зүгээс долоо хоног бүр Монголынхоо уран бүтээлчдээс нэгийг онцлон цуврал нийтлэл хүргэж байгаа билээ. Өмнөх долоо хоногт “Gangbay” хамтлагийг онцлон танилцуулсан бол энэ удаад “Favway” уран бүтээлийн нэгдлийн жүжигчдийг танилцуулж байна.
FAVORITE + WAY = FAVWAY
“Favway” бол Жими, Томоо, Жижгээ, Ундрал гэх их сургуулийн дөрвөн найзын бүтээсэн уран бүтээлийн нэгдэл юм. Тэд анх карентины үеэр буюу 2019 оны сүүлээр “Бор Өндөгнүүд” гэх нэрээр цахим орчинд сонирхолтой бичлэг байршуулж олонд танигдаж байжээ. Үүнээс жилийн дараа нэрээ Favway болгон өөрчилсөн байна. Favway гэх нэр нь “Favorite, way” буюу “Дуртай зам” гэсэн утгыг илэрхийлж байгаа аж. Тэд ямар нэгэн контент, кино бүтээхдээ өөрсдөө зохиолоо бичиж, өөрсдөө продюсер хийн, найруулдаг чадварлаг охид юм.
Ж.Номингэрэл,“Бид нар сургуулиа төгссөний дараа яг хийцгүй болчихсон. Жүжигчний мэргэжил чинь төгсөөд шууд л ажлын байр нь бэлэн байдаггүй шүү дээ. Юу хийх вэ, яах уу гэж ярьж байгаад эхлээд тайзны жүжиг хийж үзэхээр болсон юм. Театрын жүжигчнээр төгссөн болохоор жүжиг хийж үзмээр санагдаад байсан юм. Хамаг юмаа төлөвлөөд, зохиолоо бичээд байж байсан чинь гэнэт л ковид гарчихсан. Бүгд гэр гэртээ, шоконд орчихсон. Ямар ч тийм жүжиг тавих боломжгүй болчихсон. Тэгээд л бүгдээрээ ярилцаад ядаж сошиал дээр контентууд хийж хүргэе гээд бичлэгээ хийж эхэлж байсан даа”
Ингээд маш олон контент, кинонуудыг үзэгчдийн хүртээл болгож байсан билээ. Мөн 2023 оны хүүхдийн баяраар “Madagascar” хүүхдийн жүжгийг тоглож байсан.
Одоо уран бүтээлчдийг нь илүү таньж мэдэцгээе.
Ж.НОМИНГЭРЭЛ /JIMIINEE/
Инстаграм хаяг: jimiiineee
Номингэрэл нь “Бид нэг гэр бүл”, “Яаралтай тусламжийн тасгийнхан”, “Даариймаа”, “Ээжийн дайсан”, “Cool аав”, “Бяцхан чөтгөрийн хүсэл”, “Агил”, “Дурлахад хоёр секунд”, “37-р точка”, “Хүлээх өрөө” зэрэг маш олон кинонд гол болон туслах дүрээр үзэгчдэд танигдаж эхэлсэн залуу жүжигчин юм. Эрх, ялдам, заримдаа хамгийн бүтэхгүй санааг гаргадаг сэргэлэн цовоо охин зэрэг ямар ч дүрийг чадварлаг бүтээдэг. Тэрээр тавдугаар сарын 20-нд төржээ. Найзууд, гэр бүлийнх нь түүнийг Жими хэмээн дууддаг аж. Арван жилээ 38 дугаар сургуулийг төгссөн бол их сургуулиа СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөж байжээ.
Дийлэнх хүүхдүүд бага байхаасаа л хүсэж мөрөөдөж, жүжигчин мэргэжлийг сонгодог. Харин Жими ахлах ангиа төгсөх үеэрээ л жүжигчин болохоор шийдсэн байна. Түүний хамгийн анхны тоглосон кино нь “Амьдралоги”. Гэсэн ч хүмүүс төдийлөн мэддэггүй аж.
Ж.Номингэрэл, “Би хамгийн анх гол дүр биш ч гэсэн Амьдралоги уран сайхны кинонд Ундармаа эгчийн ангийн охин болж тоглодог. Хэдхэн хэсэгт гардаг ч миний анхны уран бүтээл байсан”
Тэрээр өнгөрсөн жилийн наймдугаар сард 10 жил үерхсэн найз залуу Г.Болоршагайтайгаа хуримаа хийсэн билээ.
Ү.УНДРАЛ
Инстаграм хаяг: undrrly
“Favway”-ийн хамгийн өндөр, хамгийн ичимхий, хамгийн өхөөрдөм хүн бол Ундрал. Түүний хувьд “Бяцхан чөтгөрийн хүсэл”, “Хүлээх өрөө”, “Фракц”, “Soulmate” зэрэг хэд хэдэн уран бүтээлд тоглож байсан залуу жүжигчин юм. Мөн “Favway”-ийн бүтээсэн вебдрамуудын гол дүрд тоглож байсан аж. Тэрээр тавдугаар сарын 1-нд төрсөн, үхрийн ордтой. Их сургуулиа СУИС-ийг жүжигчний мэргэжлээр сурч төгссөн.
Түүний цахим хаягууд нэлээн өндөр дагагчтай. Тик ток хаягтаа 460 мянга гаруй дагагчтай бол, инстаграм хаягтаа 274 мянган дагагчтай аж. Ундрал чөлөөт цагаараа зураг зураг дуртай.
С.НОМИН-ЭРДЭНЭ /TOMOO/
Инстаграм хаяг: nomincnja
“Favway”-ийн охидод хоёр Номин-Эрдэнэ бий. Найзууд нь түүнийг Томоо хэмээн хочлон дууддаг гэнэ. Тэрээр “Гэгээ”, “Дурлахад хоёр секунд”, “Хүлээх өрөө” зэрэг хэд хэдэн уран бүтээлд тоглож байсан билээ. 1997 оны аравдугаар сарын 29-нд төрсөн. Арван жилээ нийслэлийн ЕБ-ын 50 дугаар сургуулийг сурч төгссөн бол их сургуулиа СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөж байжээ. “Favway”-ийн охидоос хамгийн сайн хоол хийдэг нь Томоо.
Томоо өнгөрсөн оны арванхоёрдугаар сард охинтой болсон билээ. Түүний охиныг Favway-ийн тав дах гишүүн гэж өхөөрддөг гэнэ шүү.
Б.НОМИН-ЭРДЭНЭ /ЖИЖГЭЭ/
Инстаграм хаяг: nomndrj
“Сүүдрийн хот”, “Гэгээ”, “Хүлээх өрөө”, “Дурлахад хоёр секунд” зэрэг олон уран бүтээлд ямар ч дүрийг төвөггүй гаргаж чаддаг хүн бол Номин-Эрдэнэ. Найзууд, гэр бүлийнх нь түүнийг Жижгээ хэмээн дууддаг. Мөн л СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн.
Тэрээр NBA буюу сагсан бөмбөгийн тоглолт үзэх ихээхэн сонирхолтой. Жимитэй хамт байнга сагс үздэг аж. Чөлөөт цагаараа өөрийгөө тайвшруулахын тулд зураг зурах дуртай гэнэ.
ХӨӨЕ АХАА...
Тэднийг хамгийн анх олонд таниулж чадсан контент нь “Хөөе Ахаа”. Тус контентоор Монголын урлаг, соёл, спорт, цэрэг армийн салбарт манлайлж яваа залуусаас урьж оролцуулдаг. Эхэндээ өөрсдийн youtube хуудсаараа дамжуулан гаргадаг байсан бол сүүлийн үед C1 телевизтэй хамтран гаргаж байгаа юм. Тэд “Хөөе Ахаа” контентоос өмнө 2021 онд “Love Story” гэх богино хэмжээний кино бүтээж эхэлсэн билээ. Энэ нь хүүхэд, залуусын дунд алдаршиж, нэлээдгүй хандалтыг аваад байсан юм. Гэсэн хэдий ч бүх хүмүүст хүрч чадаагүй бөгөөд “Хөөе Ахаа” контентоор дамжуулан илүү танигдаж эхэлсэн гэж хэлж болно.
БОЛЗООНЫ СУРГУУЛЬ, УРЛАГИЙН СУРГУУЛЬ, СПОРТЫН СУРГУУЛЬ...
Favway “Love Story”-оос хойш “Oh Hi school”, “Болзооны сургууль”, “Шилдэг тоглогч”, “Урлагийн сургууль” зэрэг вебдрамуудыг хийсэн. Манай улсад ийм төрлийн контент төдийлөн байдаггүй. Гэтэл “Favway”-ийн охид залуусын сонирхлыг татах вебдрама хийж эхэлсэн нь нэлээн амжилттай болсон. Цаашдаа сургуулийн тухай вебдрамаа үргэлжлүүлэн хийж, жил бүр гаргана гэдгээ хэлсэн юм.
Ү.Ундрал, “Цаашдаа сургуулиудаараа дагнаад жилдээ нэг вебдрама юм уу эсвэл олон ангит кино хийх төлөвлөгөөтэй байгаа. Хуулийн сургууль, анагаахын сургууль гэдэг шиг сургуулийн тухай цуврал бүтээлүүдээ гаргаад явна”
Б.Номин-Эрдэнэ, “Бид хэдийн сургуулийн нас нь өнгөрсөн ч гэсэн, багш нь болоод ч хамаагүй хийнэ гэж боддог. Монголдоо вебдрама гэдэг зүйлийг хамгийн анх хийгээд, таниулаад явж байгаа учраас цаашдаа ч хийх бодолтой байна”
FAVWAY-ИЙН АНХНЫ УРАН САЙХНЫ КИНО “ХҮЛЭЭХ ӨРӨӨ”
“Favway” уран бүтээлийн нэгдэл үүсгэн байгуулагдаад вебдрамаас гадна “Дурлахад хоёр секунд”, “Бяцхан чөтгөрийн хүсэл”, “Гэгээ” зэрэг уран сайхны кинонууд хийж өөрсдөө гол болон туслах дүрийг бүтээсэн байдаг. Тэгвэл энэ жилийн нэгдүгээр сард анхны уран сайхны кино “Хүлээх өрөө”-г кино театруудад цацсан юм. Тэдний өмнө нь хийсэн уран сайхны кинонууд нь дан ганц Favway бус бусад хүмүүстэй хамтран найруулж, продюсерлон хийгдсэн. Харин “Хүлээх Өрөө” нь зөвхөн Favway-ийн гишүүд найруулж, зохиолыг нь бичиж, продюсероо хийж, өөрсдөө дүрд нь тоглосон гэдэг утгаараа тэдний анхны уран сайхны кино болж байгаа юм. Нээлтээ хийсэн цагаасаа эхлэн үзэгчдийн байлдан дагуулж тухайн үедээ нэлээдгүй шуугиан тариад байсан юм.
Киноны үйл явдал эдгэшгүй хүнд өвчтэй хүмүүс амьдрах итгэл хүлээсээр эмнэлэгт аж төрж буйгаар эхэлнэ. Хүн бүр л донор олдоосой, хурдан эдгэрээд эндээс гарах юм сан гэсэн бяцхан хүслээр өдрийг өнгөрөөнө. Гол дүрийн охин Үжин өөрийнхөө зүрхний өвчнийг төдийлөн тоодоггүй, сэргэлэн цовоо охин. Эмнэлэгтээ баяр баясал авчирдаг эгдүүтэй хэдий ч заримдаа дэндүү дураараа. Нэгэн өдөр түүний эмнэлэгт шинэ залуу эмч ирэх бөгөөд Үжин тэр эмчид дурлаж буйгаар үйл явдал өрнөнө.
“ХҮН БҮХЭНД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ТОМ ПРОДАКШН БОЛОХЫГ ХҮСДЭГ”
Favway-ийн охид цаашдаа илүү олон уран бүтээлүүд хийнэ гэдгээ мэдэгдсэн юм. Мөн хүн бүхэнд хүлээн зөвшөөрөгдсөн том продакшн болохыг хүсдэг аж.
Б.Номин-Эрдэнэ, “Бидний эцсийн зорилго гэвэл эмэгтэйчүүдээс бүрдсэн том продакшн болохыг хүсэж байна. Хүмүүс аль хэдийнээ хүлээн зөвшөөрчихсөн. Энэ дөрвөн охин чинь анх ингэж эхэлж байсан юм, одоо ийм болчихсон гэдэг ч юм уу бүх хүнд хүлээн зөвшөөрөгдсөн дөрвөн эмэгтэй уран бүтээлч болохыг л хүсдэг дээ”
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!