Ван Минчин болон түүний эхнэр Лю Дэнин хоёрын охин гурван настайдаа сураггүй алга болжээ. 1994 онд охин нь алга болсноос хойш Ван Минчин, Лю Дэнин хоёр эрлээ зогсоогоогүй өдийг хүрсэн байна.
Нэг л өдөр охин нь машинд нь суух үйлчлүүлэгчдийнх нь нэг байх болно гэж найдан Ван Минчин таксины жолооч болжээ. Алга болсон охиноо цөхрөлтгүй хайж буй аавын тухай постыг олж харсан түүний охин энэ жилийн эхээр ээж аавтайгаа холбогдсон байна. Нулимс дуслуулсан уулзалтын үеэр Ван Минчин охиноо тэврэн, “Аав нь охиндоо хайртай шүү” хэмээн хэлж байв. Энэхүү гайхалтай үйл явдлыг Хятад даяараа ажиглан, аав ээж охин гурвын өмнөөс баярлаж байна.
Ван Минчин, Лю Дэнин нар анх жимс зардаг байжээ. Тэд Хятадын баруун өмнөд зүгт байрлах Чендү хотын гудамжинд жимс ногоогоо худалдаалдаг байв. Нэгэн завгүй өдөр Ван Минчин хариултад өгөх задгай мөнгө авахаар хажуугийн лангуу руу явсан аж. Хэдхэн минутын дараа эргээд иртэл түүний охин алга болсон байжээ. Ван Минчин эхнэрийн хамт охиноо хот болон хотын ойр орчмоор эрэн хайсаар олон жилийг өнгөрүүлсэн аж.
Тэд сонинд болон цахим сүлжээнд зар тавин, охины сураг гарахыг хүлээсээр байж. Алга болсон охиноосоо гадна хүү, охин хоёртой Ван Минчигийн гэр бүл охин нь хэзээ нэгэн өдөр гэртээ ирэх замаа олоод ирэх байх гэж найдан төрөлх Чендү хотоосоо огт холдоогүй гэнэ.
2015 онд Ван Минчин охиноо эрэн хайх ажиллагаагаа өргөжүүлэхээр шийдэж Диди Чусинг компанид таксины жолоочоор ажилд оржээ. Тэрээр машиныхаа урд шилэн дээр охиноо хайж байгаа тухай том зар наан, машинд нь суусан үйлчлүүлэгч болгонд алга болсон охиныхоо тухай мэдээлэл бүхий картыг өгдөг байв.
Ван Минчинд алга болсон охиных нь зураг гээд байх юм үлдээгүй учраас тэрээр түүнтэй төстэй дүү охиных нь зургийг ашиглаж байсан аж. Түүний түүх Хятадын хэвлэл мэдээллийн анхаарлыг татсан ба тэд алга болсон охины аав “Хэзээ нэгэн өдөр миний охин миний машинд суух үйлчлүүлэгчдийн маань нэг байх ч юм билүү!” гэж ярьсныг онцолж байв.
Өнгөрсөн жилүүдэд цагдаагийн газраас хэд хэдэн эмэгтэйг Ван Минчиний охин байж болзошгүй гэж үзсэн ч ДНХ шинжилгээгээр биш болох нь тогтоогджээ. Харин өнгөрсөн жил Хятадын цагдаагийн албанд ажилладаг ам зураг зурдаг ажилтан Ван Минчиний тухай сонсжээ. Тэрээр насанд хүрсэн түүний охин ямар харагдаж болохыг харуулсан хөрөг зурж өгсөн байна. Ингээд Ван Минчин тус хөргийг ашиглан алга болсон охиноо хайж эхэлжээ. Чендү хотоос хэдэн мянган километрийн цаана энэхүү зургийг цахим сүлжээнд харсан Кан Ин өөртэй нь хэтэрхий төстэй байгааг анзаарчээ.
Кан Инийг өргөж авсан эцэг эх түүнийг Чендү хотоос 20 км цаана орших хотод өсгөн хүмүүжүүлсэн аж. Өргөж авсан эцэг эх нь түүнийг жаахан байхад нь Чендү хотын замын хажуугаас олсон хэмээн ярьж байжээ. Кан Ин Ван Минчинтэй холбогдон, түүнд алга болсон охинтой нь адил төстэй зүйл их байгааг олж мэдсэн байна.
Жишээ нь духан дээрх жижиг сорви, уйлахаар дотор нь муухайрдаг гэх мэт. Тэд тэр даруй ДНХ шинжилгээ өгсөн ба энэ удаад шинжилгээ эерэг гарч, Ван Минчин алга болсон охиноо сая нэг олжээ.
Өнгөрсөн даваа гарагт Ван Минчин охинтойгоо анх удаа утсаар ярилцсан ба Ван Минчин, “Аав нь одоо дэргэд нь байна аа, юунд ч битгий санаа зов, аав нь тусална” хэмээн охиндоо хэлж байсан гэнэ. Тэрээр өөрийн баярт мэдээгээ цахим хуудсаараа хуваалцжээ. “Миний 24 жилийн хичээл зүтгэл хий дэмий үрэгдсэнгүй. Охин минь олдсон, та бүхэндээ баярлалаа” хэмээн тэрээр бичжээ.
Хятадын хойд зүгт орших Жилин мужид нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг Кан Ин өнгөрсөн мягмар гарагт төрсөн эцэг эхтэйгээ уулзжээ. Кан Ин болон түүний ээж Лю Дэнин хоёр тэврэлдэн уйлж байв.
Энэ үед Кан Ин сэтгүүлчдэд, “Бүгд л намайг ээжгүй гэдэг байсан, надад ээж байсан л байгаа биз дээ!” хэмээн нулимс дуслуулан ярьсан байна. Түүний аав Ван Минчин, “Бид өнгөрсөн 24 жилийн турш ямар их итгэл, гутрал, цөхрөлийг даван туулсныг хэлж чадахгүй нь гэхдээ л бид уулзаж чадлаа” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: BBC
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх