"Ганцхан МЭРГЭЖИЛ СОНГОХ бус НӨӨЦ ХУВИЛБАРТАЙ байвал зүгээр"


Сондор | YOLO.MN
2018-03-13

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсрол Соёл Шинжлэх Ухаан, Спортын Яамны дэмжлэгтэйгээр өсвөр насны хүүхдүүдэд ирээдүйд эзэмших мэргэжил сонголтод нь арга зүйн дэмжлэг үзүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор орон даяар "Ирээдүйн эзэд" мэргэжил сонголтын аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ сарын 1-нд нээлтээ хийсэн уг аян тавдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Аянд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн ахлах ангийн сурагчид хамрагдах юм. 

Аяны хүрээнд өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд 17, 49, 72 сургуулийн 700 гаруй хүүхдэд зөвлөгөө өглөө.


Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж "Улсын хөгжил хүний хөгжлөөс хамаарна, хэрвээ чи улсдаа хайртай бол өөрийгөө хөгжүүл.  Үүнийг сурагч бүр, иргэн бүр сайн ухамсарлах хэрэгтэй.  Зөв мэргэжлээ, зөв сонгож чадвал амжилт гаргана" гэлээ.

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж

Харин МУИС-ын ажил мэргэжил судлах салбар дундын хөтөлбөрийн ажилтан Н.Ундрах "Хүүхэд өөрөө ямар ч үед юу хийх чадвартайгаа мэддэг байх хэрэгтэй. Тэгж өөрийгөө таньснаар өөрт тохирсон мэргэжлээ сонгох боломжтой. Мөн зарим үед ганцхан мэргэжил сонгох бус нөөц хувилбартай байвал зүгээр санагдсан" гэв.

49-р сургуулийн 10Б ангийн сурагч Н.Мөнхбат "Олон улсын харилцааны ангид сурахыг зорьж байна. Өөрийн сонирхлоор сонгосон учир  миний бодол өөрчлөгдөхгүй. Их сургуульд  хүссэн мэргэжлээрээ сурахын тулд  хичээлдээ сайн сурч, ур чадвараа нэмэгдүүлснээр амжилттай элсэх  болно" гэлээ.

72-р сургуулийн 10А ангийн сурагч М.Баярцэцэг "Би загвар зохион бүтээгч болохыг хүсдэг. Энэ лекцэд сууснаар найз нөхдөө дагаж мэргэжил сонгох хэрэггүй гэдгийг ойлгож авлаа. Хэн нэгнийг дуурайж мэргэжил сонгох бус хамгийн сайн чадах зүйлдээ ойр мэргэжил сонгох нь зөв юм байна" гэж ярив.

Мэргэжил сонголт нь насан туршийн амьдралаа шийдэх чухал сонголт учир хэн нэгний нөлөөнд авталгүй өөрийн чадах зүйлд тулгуурлан мэргэжлээ сонгох хэрэгтэй.

Мөн их дээд сургууль  төгссөн залуусыг хөдөлмөрийн зах зээл дээрх бизнес эрхлэгчид дүгнэхдээ, Багаар ажиллах чадвар, Гадаад хэлний мэдлэг, Ачаалал даах чадвар, Өөртөө итгэх итгэл, Харилцааны соёл муутай хэмээн дүгнэдэг байна.  Эдгээр ур чадвартаа анхаарахыг илтгэл тавигч нар  онцолж байв.  

Монгол Улсын хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийг 40.841 сурагч төгсөж, их дээд сургуульд элсэн орно. Үүнтэй зэрэгцэн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид ирээдүйд эзэмших мэргэжлээ сонгох хариуцлагатай бөгөөд амаргүй алхамтай тулгардаг. Үндэсний статистикийн хорооны 2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 59.8 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна.

Дээрх судалгаанаас харахад, ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид  судалгаа, мэдээлэлгүйгээр бусдыг даган дуурайх, өөрийн боломж бололцоог тооцохоос илүүтэйгээр бусдын нөлөөнд автах зэрэг тохиолдлын байдлаар мэргэжлээ сонгодог болох нь мэргэжил, боловсролоос шалтгаалсан ажилгүйдэл үүсэхэд нөлөөлж байна.




С.Отгонжаргал

#Mongolian #Student #Occupation