Б.Сумъяа: Тэшүүрээр гулгахад яг л далай дээгүүр нисэж буй шувуу мэт санагддаг


Үжин | YOLO.MN
2018-03-05

Аливаа хүн өөрт байгаа далд нөөц боломж, чадвараа хэр их байгааг мэдэх нэгэн арга бол СПОРТ билээ. Хэрэв хүн тууштай мөн хөдөлмөрч байж чадвал ямар ч амжилт гаргаж болдог жишээг харуулсан нэгэн тамирчинтай та бүхний уулзуулъя. Тэр бол 2016 оны Залуучуудын өвлийн олимпоос тэшүүрийн спортын төрлөөр алтан медаль хүртэж улсынхаа рекордыг шинэчлэн тогтоосон Б.Сумъяа юм. Сүүлийн үед түүний талаарх мэдээлэл цахим ертөнцөд тарж, АСА аварга ч мөн тусалж дэмжихээ мэдэгдээд байгаа билээ. YOLO.mn ОУХМ Б.Сумъяатай ярилцсаныг хүлээн авна уу.

Б.Сумъяагийн хувийн дээд амжилтууд:

•    500м-41,36 сек (монгол улсын залуучуудын рекорд)
•    1000м-1.21,22 сек (монгол улсын залуучууд болон насанд хүрэгчдийн рекорд)
•    1500м-2.05,75 сек (монгол улсын залуучууд болон насанд хүрэгчдийн рекорд)
•    3000м-4.49,10 сек

Энэ хугацаанд үзүүлсэн амжилтаас:

•    Залуучуудын өвлийн олимпын гүйлтийн тэшүүрийн холимог багийн төрөлд 1 алт
•    Монголын бүх ард түмний XIII спартикадын 2 мөнгө, 2 хүрэл
•    Насанд хүрэгчдийн улсын аваргын 3 алт, 5 мөнгө, 2 хүрэл
•    Өсвөр үе залуучуудын гүйлтийн тэшүүрий улсын аваргын 18 алт, 13 мөнгө, 2 хүрэл
•    Монголиа Опен ОУ-ын гүйлтийн тэшүүрийн тэмцээнээс 7 алт, 2 мөнгө, 1 хүрэл
•    Монгол улсын хүүхдийн IV их наадмын 2 алт
•    Монгол улсын хүүхдийн V их наадмын 3 алт
•    Өсвөр үе залуучуудын Шорт трейкийн улсын аваргын 5 алт, 3 мөнгө
•    Насанд хүрэгчдийн Шорт трейкийн улсын аваргын 2 алт
•    Өсвөр үе залуучуудын Дугуйт тэшүүрийн Улсын аваргын 6 алт

2014 оноос дугуйн спортоор хичээллэж эхэлсэн

•    Засмал замын дугуйн Өсвөр үе залуучуудын улсын аваргын 3 алт, 1 мөнгө
•    Уулын дугуйн Өсвөр үе залуучуудын Улсын аваргын 1 мөнгө
•    Засмал замын дугуйн Насанд хүрэгчдийн Улсын аваргын 1 хүрэл

Рекорд амжилт:

•    Залуучуудын өвлийн олимпийн гүйлтийн тэшүүрийн холимог багийн рекорд амжилтыг 1.58.57 сек-ээр эзэмшиж байна
•    Гүйлтийн тэшүүрийн өсвөр үе залуучуудын рекорд амжилтыг 21 удаа шинэчлэн тогтоож эзэмшиж байна
•    Насанд хүрэгчдийн гүйлтийн тэшүүрийн 3 зайн рекордыг шинэчлэн тогтоож, эзэмшиж байна
•    Гүйлтийн тэшүүрийн ОУХМастер, Шорт трейкийн спортын мастер, Дугуйн спортын 1 зэрэгтэй тамирчин юм.
•    2017 онд Насанд хүрэгчдийн улсын аваргад амжилттай оролцоод гуравдугаар сард Канад улсад болсон
•    2016 онд Залуучуудын өвлийн хоёрдугаар олимпод оролцоод холимог багийн төрлөөр алтан медаль авсан.


YOLO: Анх хэзээнээс тэшүүрээр гулгаж эхэлсэн талаар нь яриагаа эхэлье.
- Би анх  6 настайдаа ээжийгээ даган тэшүүрээр гулгаж эхэлсэн. Тэгээд 9 настайгаасаа буюу 2008 оноос хойш тэшүүрийн спортын тамирчин гэдэг утгаараа хичээллэх болсон. Тэр үеэс л хойш тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн дээ.

YOLO: Одоо ямар сургуульд суралцдаг вэ?
- МУБИС-ын Атлетик Карьерийн ангид суралцдаг бөгөөд амжилттай яваа тамирчид өөрсдийн тус тусын дасгалжуулагчийн дор бэлтгэгддэг тусгай анги юм.

YOLO: Өдрийн хэдэн цагийг бэлтгэл хийж өнгөрүүлдэг вэ? Ер нь өвлийн цагт л бэлтгэл илүүтэй хийх боломжтой байдаг байх, тийм үү?
- Янз бүр байдаг. Манай Монголын тамирчид жилд 4-5 сарын хугацаанд амардаг. Зуны хуурай бэлтгэл тавдугаар сараас эхэлдэг бөгөөд энэ нь өвлийн бэлтгэлээс арай илүү хүнд байдаг. Харин өвөл 12-р сараас эхлэн мөстөх боломжтой болдог бөгөөд гуравдугаар сар хүртэл мөсөн дээр бэлтгэл хийдэг. Одоо бараг мөс хайлж эхэлж байгаа. Гадаадын тамирчид долдугаар сараас ирэх оныхоо дөрөвдүгээр сар хүртэл бэлтгэл хийдэг. Тэгэхээр тэд биднийг бодоход илүү их бэлтгэл хийдэг гэсэн үг.

Одоо бол бид байнгын бэлтгэлтэй байгаа. Битүү ордонтой зааланд нэг бэлтгэлийг найман удаа давтах боломжтой байхад тэр давталт хоорондын зай нь 3-5 минутын амралттай байх жишээний. Харин манай нөхцөлд тэгэх боломж байдаггүй бөгөөд ингэснээр бэлтгэлийн цаг бүр суначихдаг. Одоогоор бид Төв цэнгэлдэх хүрээлэн дээр бэлтгэлээ хийж байна.


БИТҮҮ ОРДОНТОЙ БОЛОХ НЬ ЗӨВХӨН БИДЭНД Ч БУС МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕД МАШ ИХ ХЭРЭГТЭЙ

YOLO: Битүү ордон баригдах талаар нэлээн удаан яригдсан. Хэрэв тийм ордонтой болчихвол байнгын бэлтгэлтэй амар байна байх даа?
- Бараг 10 жилийн өмнө буюу энэ намайг анх тэшүүрээр хичээллэж эхэлж байхад л яригдаж байсан сэдэв. Одоо чухам ямар үе шатандаа явж байгааг нь мэдэхгүй байна. Өвлийн спортын битүү ордонтой болох нь тэшүүрчдийн мөрөөдөл юм.

Гүйлтийн тэшүүрийн шигшээ багт 4 тамирчин байдаг. Цаана нь тэнцэж чадаагүй 10 хүрэхгүй тамирчин бий. Тэгэхээр хэрэв битүү ордонтой болчихвол зөвхөн эдгээр тамирчид бус сонирхлын бүлгийн маш олон хүүхэд залууст боломж нээгдэн зөвхөн тэшүүр ч бус хоккэй, уран гулгалт, шорт трейк, кёрлинг гээд олон төрлийн спорт хөгжих боломжтой.

Тэр хэмжээгээрээ хүүхэд залуус ч сонирхон хичээллэж тэдний дундаас шилдгүүд төрөн гарна шүү дээ. Тиймээс битүү ордонтой болох нь зөвхөн бидэнд ч бус Монголын ирээдүй хойч үед маш их ач холбогдолтой зүйл юм.

YOLO: Тэшүүрийн спортоор хичээллэсний давуу талыг чи юу гэж боддог вэ?
- Спорт хүнийг төлөвшүүлдэг гэдэгтэй би бүрэн санал нийлдэг. Хүндийн өргөлтийн М.Анхцэцэг эгч “Таны хүүхэд ямар нэгэн спортоор хичээллэснээр зөв бие бялдартай, зан ааш нь ч зөв хүн болж төлөвшинө” гэж хэлсэн байдаг. Энэ бол үнэхээр үнэн. Спортоор хичээллэдэг болон хичээллэдэггүй хүмүүсийн аливаад хандах хандлага маш ялгаатай байдаг.

Ялангуяа хүүхэд залуус заавал мэргэжлийн тамирчин болохгүй ч ямарваа нэгэн спортоор хичээллэдэг байх хэрэгтэй. Спортоор хичээллэсэн хүн илүү хүлээцтэй, тэвчээртэй, хүний үг даадаг, аливааг илүү нухацтай бодох чадвартай болдог.










YOLO: Тэшүүрээрээ салхи татуулан гулгаж байхад чамд ямар мэдрэмж төрдөг вэ?
- Яг л уужим далай дээгүүр нисэж байгаа шувуу мэт санагддаг. Санаа зовоосон, гунигтай үедээ ч гулгахад сэтгэл сэргээд л явчихдаг. Заримдаа бэлтгэл тасарчихаар тайван байж чадахгүй, хийхгүй л бол болохгүй мэт санагдаад байдаг юм. Энэ бараг тамирчин болгонд л байдаг зүйл байх. Дуртай зүйлээ хийхгүй удахаар цаанаасаа нэхэгдээд байдаг гэх үү дээ.

YOLO: Өөр спортоор хичээллэж байсан уу?
- Дугуйн спортоор хэсэг хичээллэсэн. 2015 онд улсын аваргын тэмцээнд нэгдүгээр байрт орж байсан. Тэр талаарх дурсамжийг сонирхуулж ярихад би яг гараанаас гарахдаа зүүн талаараа маш хүчтэй уначихсан. Тухайн үедээ би хүний таван сая гаруйн үнэтэй дугуйг түр гуйгаад унаж байсан болохоор "Яана аа, хүний дугуйг эвдлээд хаячихлаа" гэх бодол л хамгийн түрүүнд орж ирсэн. Гэтэл дугуйн эзэн, миний танил эгч над дээр гүйж ирээд "Зүгээр ээ, наад дугуй чинь чухал биш. Миний дүү, үргэлжлүүлээд яв" гэсэн. Би хэдий гараанаас гараад 100м ч хүрэлгүй унаад бусдаасаа нэлээн сүүлдсэн ч нэгдүгээр байранд орж чадсан. Барианд орж ирээд л би өөрийн баруун талын гар хөлийг аймшигтай шалбарсан байхыг анзаарч өвдөлтөө мэдэрч эхэлсэн. Шарханд нь шороо чулуу наалдаад улаан нялга болчихсон байсан. (инээв)smiley

YOLO: Тэгэхээр чи салхи татуулсан, хурдны спортод нэлээн дуртай хүн юм аа?
- Харин тийм. Би дээрээ нэг эгч, хоёр ахтай. Хоёр ахтайгаа багаасаа хамт ноцолдож өссөн болохоор эрэгтэйлэг, эршүүд байж магадгүй. Тиймдээ ч ийм төрлийн спортод дуртай байдаг юм. Саяхан ахныхаа мотоциклийг гуйсаар байгаад нэг удаа унаж үзсэн юм. Надад үнэхээр таалагдсан.

YOLO: Шантрах үе зөндөө л байсан байх. Тийм үед юу бодож өөрийгөө зоригжуулдаг вэ?
- Заримдаа өвлийн хүйтэнд цаг наргүй бэлтгэл хийгээд  хацар амаа хөлдөөгөөд, голдоо ортол даараад дулаацах гэсэн ч дулаацаж чадахгүй байх үед "Би ер нь яагаад өөрийгөө ингэж зовоох ёстой юм бол. Хэн нэгэн заавал энийг хий гэж шахаад байгаа биш дээ. Үеийн хүүхдүүд ээж аавдаа эрхлээд л, тоглож наадаад л хүүхэд насны сайхан дурсамж үлдээж байхад…" гэх бодлууд хааяа орж ирнэ ээ. (инээв)smiley Гэхдээ тэр үедээ "Би ч гэлтгүй тамирчин хүн бүр хөлс хүчээ шавхан байж амжилт гаргадаг. Би ганцаараа л зовоод байгаа юм биш шүү дээ. Тэд чадаж байгаа юм чинь би ч бас чадна. Эцсийг нь үзэх гэж эхлүүлснээ сана" гэдэг үгийг өөртөө хэлж урам ордог. Мөн ард минь итгэл найдвар хүлээлгэн суугаа гэр бүлийнхнийгээ боддог доо.

YOLO: Цаашдынх нь спортын тэмцээн уралдаанд оролцох зорилго юу вэ?
- Энэ жилийн улсын тэмцээн уралдаанууд ерөнхийдөө дуусчихлаа. Миний ойрын хугацааны зорилго Насанд хүрэгчдийн Дэлхийн Цомд оролцон амжилт гаргах, мөн цаашлаад 2022 оны Олимпод оролцох гэсэн зорилготой байна.


Нисэх мэдрэмж л надад маш гоё санагддаг, би ер нь тийм зүйлд л их дуртай хүн юм шиг ээ.

Б.Сумъяа


АСАШОРЮҮ Д.ДАГВАДОРЖ АВАРГАТАЙ ЯПОН УЛСАД СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ТАЛААР ЯРИЛЦСАН

YOLO: Асашорюү Д.Дагвадорж аварга чамд туслахаа мэдэгдсэн шүү дээ. Тэр талаар сонирхуулаач?
- Би дөнгөж сая Д.Дагвадорж аваргатай уулзаад ирлээ. Япон улсад сургуульд суралцуулах талаар ярилцсан. Тэрээр хэлэхдээ энэ сарын 20-нд Япон явахдаа сургуулийн асуудлыг шийдвэрлээд ирье гэсэн. Мөн надад үнэтэй сайхан зөвлөгөө, захиасуудыг хэллээ.

Өчигдөр ээж маань нэг л жоготой инээгээд байсан юм. Асуутал "Ээж нь Дагваа аваргатай сая утсаар ярилаа" гэхээр нь би ерөөсөө итгээгүй байсан юм. Д.Дагвадорж аваргынхаа тусыг хүртэх болсондоо маш их баяртай байна.

YOLO: Чиний мөрөөдөл юу вэ?
- Онгоцны нисгэгч болох. Ингэж хэлэхээр хүмүүс харин яг тань шиг гайхаад байдаг юм. Эмэгтэй нисгэгчид байдаг шүү дээ. Дунд сургуулиа төгсөхдөө ч энэ талаар л боддог байсан. Мөн 2015 онд дэлхийн цомд оролцох гээд явж байхдаа онгоцны нисгэгчийн бүхээг харах боломж олдсон. Харчихаад музей үзэж байгаа юм шиг л маш их баярлаж билээ. Туйлын зорилго ч биш учраас мөрөөдөх төдийд л боддог мөрөөдөл минь гэсэн үг. Нисэх мэдрэмж л надад маш гоё санагддаг, би ер нь тийм зүйлд л их дуртай хүн юм шиг ээ.

YOLO: Хамгийн ихээр талархаж явдаг хүн хэн бэ?
- Мэдээж миний гэр бүлийнхэн намайг маш ихээр дэмждэгт нь талархаж явдаг. Түүнээс гадна миний гаргасан амжилтын гавьяа бол яах аргагүй багш нартай минь холбоотой юм. Хэрэв би энэхүү спортоор хичээллээгүй бол энгийн л нэгэн байх байсан. Харин энгийн бус онцгой нэгэн байхад тусалсан хүн бол миний багш, МУГТ Л.Цэнд юм. Өдгөө нас дээр гараад багшлахаа больсон ч гэсэн үргэлж л надад санаа тавин "Юу болж байна, бэлтгэл нь хэр байна, багш нь юугаар туслах вэ, тийм зүйл дээрээ анхаараарай" гэхчлэн зөвлөгөө өгдөг. Багшдаа маш их баярлаж явдаг. Мөн Д.Энхбаяр багшдаа баярладаг. Надад мэддэг чаддаг бүхий л зүйлээ зааж өгсөн хүмүүс бол ачит багш нар маань юм.

YOLO: Ярилцсанд баярлалаа. Цаашдынх нь тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье.
- Маш их баярлалаа.

"Би ганцаараа л зовоод байгаа юм биш шүү дээ. Тэд чадаж байгаа юм чинь би ч бас чадна. Эцсийг нь үзэх гэж эхлүүлснээ сана" гэдэг үгийг өөртөө хэлж урам ордог.

Б.Сумъяа

 

#Winter Olympics #SkateSport