Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
Асуудал: Бид одоо бүр танихгүй хүмүүс шиг л байдаг боллоо
Сайн байна уу? Танай хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэе.
Би жилийн өмнөөс дээд ангийнхаа нэг хөвгүүнтэй онлайнаар харилцаж эхэлсэн юм л даа. Өдөр болгон чаталж ярилцдаг байсан. Гэхдээ бид тааралдахаараа ерөөсөө юм ярьдаггүй байсан юм. Тэгээд бид хоёр зүгээр л найзууд хэрнээ хааяа бие биедээ уурлаж гомддог байсан. Гэтэл бидний харилцаа 3 сарын өмнөөс муудсан. Учир нь ааш зан ерөөсөө таарахгүй байдаг болчихсон. Тэгээд ч нэг их харьцахаа больсон юм. Тэгсээр байгаад бид хоёр сар гаруй хугацаанд ерөөсөө харьцсангүй. Гэхдээ энэ хугацаанд надад байнга бодогддог байсан. Одоо ч хүртэл би байнга боддог. Яг яахаа сайн мэдэхгүй байна, надад туслаач? Одоо бид бүр яг танихгүй хүн шиг л байдаг.
Зөвлөгөө: Зөвхөн онлайнаар харилцдаг харилцааг төгс гэж ойлгож болохгүй
Сэтгэл судлаач Ц.Нямцэцэг
Сайн байна уу? Чамд энэ өдрийн мэндийг хүргэе.
Та хоёрын харилцаанаас дүгнэхэд бидний ярьж заншсанаар амьд харилцаа төдийлөн өрнөөгүй бололтой. Зөвхөн онлайнаар харилцдаг харилцааг төгс гэж ойлгож болохгүй. Учир нь тэр хүнд чиний ямар үг таалагдаж байгааг, ямар үг таалагдахгүй байгааг, мөн чамтай үнэн сэтгэлээсээ харилцаж байгаа үгүйг ялгаж танихад хэцүү шүү дээ. Тиймээс та хоёрын онлайн харилцаа бие биенээ таньж мэдэхэд хангалттай биш. Ердөө 10%-ийн ойлголцолд хүрдэг гэж болно. Аливаа зүйлийг тасралтгүй 6 сар давтан гүйцэтгэхэд тэрхүү зуршлыг та үгүйлдэг. Иймд орой болгон хэн нэгэнтэй ярилцдаг байсан тэр зүйлээ үгүйлж байгаа бололтой. Тиймээс чамд зөвлөхөд өөрөөсөө эдгээр асуултыг асуугаад үзэх нь чухал.
- Та хоёр бие биеийнхээ талаар хэр сайн мэдэх вэ? /дуртай болон дургүй зүйлүүд/
- Ямар зүйлийг хамтдаа хийж байсан бэ?
- Түүнд чиний ямар зан чанар нь таалагддаг болон таалагддаггүй вэ?
- Түүний ямар зан чанар нь танд таалагддаг болон таалагддаггүй вэ?
Мөн ямар зүйл дээр санал зөрөлддөг болон санал нийлдэг талаараа бодож үзэх нь чухал шүү. Хэрвээ эдгээр асуултуудад тийм ч нийцтэй хариулт өгч чадахгүй байвал та тэр хүний талаар хэтэрхий сайн сайхан зүйл ургуулан бодсоноос үүдэлтэй шохоорхол байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Ц.Нямцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх