ВИДЕО: Оросын анхны алтан медалийг УРАН ГУЛГАГЧ 15 НАСТАЙ АЛИНА ЗАГИТОВА хүртлээ


Цацаа | YOLO.MN
2018-02-23

Пёнчаны өвлийн олимпод ОХУ-ын уран гулгагч 15 настай Алина Загитова эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлж, олимпийн аварга боллоо.

Ийнхүү тэрбээр Пёнчаны олимпод оролцож буй орос тамирчдаас анхны алтан медалийг авчраад байна. Түүнээс өмнө Оросын тамирчид мөнгө, хүрэл нийлсэн нийт 14 медаль хүртээд байжээ.

Алина Загитова нь 2002 онд төрсөн, Ижевск хотын хоккейн дасгалжуулагчийн охин аж. Тэрбээр тус наадмын багийн төрөлд мөнгөн медаль хүртээд байсан билээ.

Евгения Медведева, Алина Загитова нар

Түүний гол өрсөлдөгч, нутаг нэгт Евгения Медведева тус тэмцээнд хоёрдугаар байр эзэлсэн байна. Харин хүрэл медалийг Канадын уран гулгагч Кейтлин Осмонд хүртлээ.

Евгения  уран гулгагч Жанна Девятовагийн охин бөгөөд ээж нь охиноо гурван настайгаас нь тэшүүрээр хичээллүүлсэн байна. Тэрбээр  2016, 2017 онд Европын болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байжээ. Гэвч олимпийн өмнө бэртэл авч, хэд хэдэн тэмцээн алгассан байна.

Ингээд өвлийн олимп болохоос гурван долоо хоногийн өмнө Москвад болсон Европын аварга шалгаруулах тэмцээнд Алина Загитовад ялагдаж хоёрдугаар байр эзэлжээ.

Түүний алтан медаль хүртсэн үзүүлбэрийг доорх видеоноос хүлээн авна уу.

 

#Olymp #Skate #AlinaZagitova