Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
Асуудал: Би өөрөө сонирхолтой сэдэв өрнүүлж харилцаж чаддаггүй, яах вэ?
Сайн байна уу. Би 15 настай.
Би нэгэн охинд дурлаад бараг л 2 жил боллоо. Яагаад ч юм мэдэхгүй түүнээс татгалзсан хариу авсан ч гэсэн больж чадахгүй юм. Түүнтэй байнга биш ч гэсэн долоо хоногт 2, 3 удаа чаталж орой болгон түүнд “сайхан амраарай” гэсэн зурвас явуулдаг. Гэхдээ би өөртөө татаж чадахгүй байгаа асуудал минь түүнтэй сайхан харилцаа өрнүүлж чаталж чадахгүйд байгаа гэж боддог.
Хэрхэн сайхан “яриа” өрнүүлж чатлах вэ? Түүнтэй чатлахдаа нэг л сонин болчихдог учир юу вэ? Тэр над руу өөрөө эхлээд ханддаггүй. Би эхэлж ханддаг ч гэсэн би өөрөө сонирхолтой сэдэв өрнүүлж харилцаж чаддаггүй яах вэ? Туслаарай. Баярлалаа.
Зөвлөгөө: Харилцааг амьд байлгах буюу нүүр тулж уулзаарай
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэр охин танд үерхэхийг татгалзсан хариу өгсөн ч та хоёр өдий болтол энгийн сайхан найзын харилцаатай байгаа нь чухал. Хэрвээ та тухайн охинд тааламжтай эерэг сэтгэгдэл төрүүлэхийг хүсвэл энгийн харилцаанаас яриагаа эхэлсэн нь дээр. Яагаад гэвэл бие биенийгээ илүү сайн мэддэг болсноор та хоёрын харилцаа цааш үргэлжлэх болно шүү дээ.
Жишээ нь, түүний талаар дуртай, дургүй зүйлийг мэдэж авах мөн өөрийнхөө талаар дуртай спорт, кино, жүжиг, хичээл, дуу гэх мэт зүйлсийг хамтдаа ярилцах хэрэгтэй. Мөн аль болох харилцааг амьд байлгах буюу нүүр тулж уулзах нь бүх л харилцааг сайжруулдаг тул аль болох боломжтой бол уулзаж, сургалт хичээлд нь хүргэж өгөх зэргээр хамт байхыг хичээгээрэй. Хэрэв энэ бүхний дүнд ямар нэг өөрчлөлт гарахгүй байвал өөртөө шийдвэр гаргаад сэтгэлээ хязгаарлах хэрэгтэйг сануулъя.
“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Ц.Нямцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх