Ч.Ганбат: 25 мянган хүн "ТАТАР"-ын "БОРОО"-г зэрэг дуулахад огшоод л явчихсан


Сондор | YOLO.MN
2018-01-30

2003 оноос хойш оюутан ахуй цагаасаа л "Татар" хамтлагийг сонсож, "Татар"-тай холбоотой бүхий л эд зүйлсийг цуглуулж ирсэн энэ залууг Ч.Ганбат гэдэг. Өдгөө тэрбээр Шангри-Ла зочид буудалд ээлжийн ахлах тогоочоор ажилладгийн зэрэгцээ хамтлагийн фэн клубын үйл ажиллагааг хариуцдаг аж.

“Оюутан байхдаа “Татар”-ын дэвтэр, малгайг цуглуулж байтал нэлээн олон болчихлоо. "Татар”"ынханд Япон явахаас нь өмнө цуглуулгаа үзүүлэхэд "Ямар гоё юм бэ" гээд их баярлаж билээ.  Тэрэнд урамшаад хоббигоо өргөжүүлэн, улам идэвхтэй цуглуулдаг болсон. Түүнээс хойш тэд ч өөрсдөө надад цуглуулгадаа нэмээрэй гээд сонин содон зүйл их өгдөг болсон юм. "Татар"-тай холбоотой юу л байна бүгдийг л цуглуулж, олж авдаг.









Найзууд маань миний цуглуулгыг мэддэг болохоор "Татар"-ынхан сонинд ярилцлага өгсөн байна. Аваад ирсэн шүү гээд л хайчилбарыг нь өгдөг байсан” гээд цуглуулгынхаа нэгээхэн хэсэг хавтсандаа багтахгүй шахам болсон хайлчилбаруудаа үзүүлсэн юм.

Сонины хайчилбараас гадна Ч.Ганбатын цуглуулгад "Татар"-ын тоглолтуудын тасалбар, плакат, CD, DVD,  зураг, футболк, малгай гээд хайрцаг дүүрэн эд зүйлс байв.

Мөн "Татар" нэртэй зайрмаг  хүртэл худалдаанд гарч байсныг "гэрчлэх" зайрмагны уут байх аж.

Тэдгээрээс нүдэнд туссан нь яах аргагүй хамтлагийн бүх цомгийн цуглуулга.

Түүний хувьд хамгийн үнэ цэнтэй энэхүү цуглуулгаа жаазалж, ханандаа өлгөжээ.

Хамтлаг анх 1999 онд байгуулагдаж, таван гишүүнтэй бүжгийн хамтлаг байсан гэдэг.

Заяа, Мөөгий, Жагаа гурав 39 дүгээр сургуулийг төгссөн гурвуулаа нэг ангийн залуус.  

Гэхдээ тухайн үеийн хамгийн шилдэг хамтлаг дуучид дуугаа бичүүлдэг байсан "Сонор рекордс"-той 2003 онд гэрээ хийснээр албан ёсоор “Татар”-ын байгуулагдсан хугацааг тооцдог болжээ.

"Сонор рекордс"-ынхон тоглолт, хувцаслалтын талаар ихэд зааж зөвлөнө. Тэд хуурай ах нар гэгддэг "Люмино" хамтлагтай  хамтран уран бүтээл хийж байсан түүхтэй.

15 жилийн түүх, залууст зориулсан хамгийн сонин содон ярилцлага нийтлэлүүд, хамтлагийн залуусын амжилтын түүхүүдийг Ч.Ганбатын цуглуулгаас унших боломжтой.

Тухайлбал, “Татар”-ынхан Монголоос анх удаа "Sony Music"-тэй гэрээ байгуулж  байсан талаар Ч.Ганбат:

""Татар" Монголоос анх удаа "Sony Music"-тэй гэрээ хийж, дэлхийд хөл тавьсан хамтлаг. Тэд Японд очоод цомгоо дэлхий даяар борлуулах гэрээ хийж байсан гэдгийг хүмүүс мэдэх байх" гэсэн юм.
-15 жил цуглуулсан учраас энэ цуглуулга танд их үнэ цэнтэй байх аа?
-Тэгэлгүй яах вэ, маш үнэ цэнтэй. Жишээ нь, 2003 онд “Бусдын хайрыг хүндэл” тоглолтынх нь тасалбар цоо шинээрээ надад байна. Тоглолт тухайн үед их өвөрмөц болсон. 3900 төгрөгийн үнэтэй тасалбар олдохгүй, 35 мянган төгрөгөөр зарагдаж байсан.

Энэ тоглолтын бичлэг надад бий. Одоо үзэхэд их гоё байдаг юм. Оюутан цагийн дурсамж, үзэгчдийн сэтгэл хөдлөл гээд үнэхээр сайхан санагддаг. 2005 онд UB Palace-т "Люмино" хамтлагтай хийсэн "Tonight"  тоглолтын бичлэг ч бий.

Тэдний зам дардан байсангүй. Бүжгийн хамтлаг байж байгаад дуучин Минжинсортой тоглолтоо хийгээд тухайн үедээ "шатсан" түүх бий /инээв/.

/Арын эгнээнд/ "Татар"-ын Мөөгий, /урд талын эгнээнд дунд нь/ Заяа, Жагаа

"Бусдын хайрыг хүндэл" цомог Монголын бүх цаг үеийн хип хопчдын хамгийн үнэ цэнтэй цомог юм. "Бусдын хайрыг хүндэл", "Нулимс дуссан хайр", "Үгээ гээж үү", "Хунгийн дэгдээхэй" зэрэг чартуудыг тэргүүлдэг байсан дуунууд багтсан. Одоо хүртэл хүмүүс асуудаг.

Хамтлагийн анхны цомгийн хавтас дээр Заяа, Жагаа, Мөөгий гурвыг баатраар дүрсэлж хийсэн байдаг. Шинэ соргог өвөрмөц юм их хийдэг байсан шүү.

-Таны хувьд "Татар"-ын үнэ цэн юунд оршдог вэ? 
-Дууны үгнүүдэд нь хараал байдаггүй. Дуунууд нь залуучуудыг зөв зүйлд уриалсан, ухаараасай гэж бодож бичсэнээрээ онцлогтой. Мөн дууныхаа үг, аяыг бүгдийг Заяа бичдэг. Beat, сүүл холболтууд нь их өндөр түвшинд зохиогдсон байдаг юм.
-Фэн клубээ хэзээ байгуулсан бэ? Одоо хэчнээн гишүүнтэй вэ?
-2003 онд Фэн клубийг байгуулсан. Бүртгэлтэй 4000-5000 гаруй гишүүн бий. Иймэрхүү дуу хийх гэж байна чамд ямар санагдаж байна гээд л "Фэн" клубийнхэнтэйгээ ярилцана.
-"Татар"-ынхан тоглолтоо хийх гэж байгаа гэсэн?
-Энэ жил "Татар"-ын 15 жилийн ой болж байна. Тоглолтоо хийлгүй таван жил өнгөрсөн учраас залуус тоглолтоо хийгээч гэж хэлдэг юм билээ. Надтай таарч “Татар тоглолтоо хийхгүй юм уу, хуучны гоё дуунуудаа дуулаач” гэсэн санал хэлдэг.

Жагаа Хятадад суралцаж байгаад Монголдоо түр ирээд  байна. Тиймээс тоглолтоо хийх цаг ч болж, тохироо нь ч бүрджээ. Хип хоп хамтлаг гэхээр ихэвчлэн хүүхдүүд сонсдог гэж ойлгож магадгүй л дээ. Гэхдээ "Татар"-ыг  сонсогчид ихэвчлэн 30 орчим насны залуус байдаг.

Учир нь 2000-аад оны дунд үед ид мандсан гэхээр тухайн үед сонсогчид  нь ихэвчлэн 10-20 гаруй насныхан байсан болов уу. Тэр үеийн дуунууд бидний дурсамжтай үргэлж холбогддог учраас "Татар" хамтлагийг тоглолтоо хийгээч гэж их хүсдэг.

Хэдхэн жилийн өмнө Заяа бид хоёр хоол идээд байж байтал 14-15 настай охин ирээд "Заяа ах аа, манай аав "Татар" хамтлагийг их сонсдог. Одоо эмнэлэгт хэвтэж байгаа юм. Та энэ дээр "Хурдан эдгээрэй" гээд бичээд өгөөч гээд цаас өглөө. Заяа бичээд, гарын үсгээ зураад  өгч байсан. "Аав нь хэдэн настай вэ?" гэхэд 40 хэдтэй гэж байсан. Тэр үед надад их гоё санагдаж билээ.
-Таны хамгийн их сэтгэлд хоногшсон ямар тоглолт байдаг вэ?
-"Open Air"-т 2006 оны зургадугаар сарын 16-нд болсон тоглолт хамгийн гоё санагддаг. Нэг дор 25 мянган үзэгчийг цуглуулж байсан. Тухайн үед тэр тоглолтыг гадаадын жуулчид хүртэл үзэж байлаа. "Бороо" дуу явах агшинд 25 мянган хүн зэрэг дуулахад өөрийн эрхгүй огшиж байлаа.  Маш гайхамшигтай. Тэр үед хамгийн гайхалтай мэдрэмж авч байлаа.
-Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье!

#Tatar #Hobby #Fan