Б.Намуун: Хэрвээ би энэ спортыг орхих юм бол зүгээр л нэг Намуун гэдэг охин


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2018-01-04

Хүн бүх зүйлийг чаддаг байх албагүй. Харин нэг зүйлийг бусдаас илүү чаддаг байх хэрэгтэй гэдэг. Тэр нь урлаг, спорт, хоол, хичээл юу ч байж болно. Тэгвэл энэ удаагийн ярилцлагын булангийн маань зочноор ОУ-н хэмжээний мастер, хар бүс, хоёр дантай таеквандогийн тамирчин Б.Намууныг урьж ярилцлаа.

YOLO: Өдрийн мэнд. Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө танилцуулаач.
- Намайг Болдбаатарын Намуун гэдэг. Би 16 настай. Хан-Уул дүүргийн Үндэсний лаборатори 115-р сургуульд суралцдаг. Таеквандогийн хар бүстэй, ОУ-н мастер цолтой.

YOLO: Таеквандогоор хичээллээд хэр удаж байна вэ?
- Анх 2013 оны есдүгээр сараас хичээллэж эхэлсэн. Одоо дөрвөн жил болж байна. Тухайн үед Монголын нийгэмд гэр бүлийн тэр дундаа эмэгтэйчүүдийн хүчирхийлэл гэх муухай асуудал түгээмэл болсон цаг. Ийнхүү ээжтэйгээ ярилцаад эмэгтэй хүн биеэ хамгаалж сурах хэрэгтэй гэсэн шийдвэрт хүрч Олимп таеквандогийн клубд хичээллэж эхэлсэн.

YOLO: Тулааны урлагаар хичээллэх нь биеэ хамгаалж сурахаас гадна өөр ямар давуу талтай байдаг юм бол?
Хүмүүс тулааны урлагаар хичээллэдэг хүн гэхээр их дээрэлхүү, пээдгэр байдаг гэж ойлгодог. Энэ нь маш буруу ойлголт. Аливаа спорт болгон хүндлэл дээр оршдог. Таеквандод бүсний ангилал гэж байдаг. Цагаанаас эхлээд шар, ногоон, цэнхэр, улаан, хар гэж явдаг. Жишээ нь би цагаан бүстэй харин манай багийнхан хар бүстэй тохиолдолд нэгнээ хүндэлж үлгэр дуурайлал авч явах хэрэгтэй. Тийм ч учраас бид хоорондоо ч таеквандо бол хүндлэл гэж ярьцгаадаг. 

YOLO: Энэхүү спорт өөрийг чинь хэрхэн өөрчилсөн гэж боддог вэ?
- Би таеквандогоор хичээллэхээсээ өмнө нэлээн сахилгагүй байсан. Харин уг спортоор хичээллэж эхэлснээс хойш суурь хүмүүжилтэй болж, аливааг өнгөцхөн дүгнэх бус хоёр талаас нь харж сайтар тунгааж боддог болсон.

YOLO: Хамгийн анхны тэмцээнээ эргэн дурсвал?
- Хамгийн анхны тэмцээн маань намайг таеквандогоор хичээллээд гурван сар болсны дараа Сэлэнгэ аймгийн Хөтөл хотноо болж байсан. Анхны тулаандаа ороход сандрал ер байгаагүй. Харин ч бүр огшоод нэг л тийм өвөрмөц мэдрэмж төрсөн. Анхны тэмцээнээсээ мөнгөн медаль авсандаа шар хөдлөөд их уйлж байсан. smiley(инээв)

Гурван дасгалжуулагч маань надад "Одоо л жоохон зовчих. Үлдсэн амьдралдаа аваргын амьдралаар амьдар. Бага зэрэг золиос гарч мэднэ. Гэхдээ эргээд тэр бүхэн чинь ирэх болно" гэж захидаг.

Б.Намуун









YOLO: Таеквандогийн спортоор хичээллэж буй энэ хугацаанд олон шагналын эзэн болсон байх. Чиний хувьд хамгийн үнэ цэнэтэй шагнал чинь аль нь вэ?
- Хамгийн үнэ цэнэтэй шагнал бол миний анхны алтан медаль. Сая дурьдсан Хөтөлийн цом тэмцээнээс мөнгөн медаль авснаас хойш гурван сарын дараа Бага насны УАШТ-д бэлтгэл сургуулилтаа хичээнгүйлэн хийж оролцон алтан медалийн эзэн болсон. Өмнө нь гуниглаж нэг уйлсан бол дараа нь баярлаж нэг уйлсан. Тэр үе бол миний амьдралын мартагдашгүй нэгэн дурсамж.

YOLO: Дасгалжуулагч багшийн тань зааж зөвлөж байсан сэтгэлд чинь хоногшиж үлдсэн ямар үг байдаг вэ?
- Би анх Ү.Ган-Эрдэнэ дасгалжуулагчаар таеквандогийн "А" үсгийг заалгаж байлаа. Одоо МУ-н үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, БНСУ-н дасгалжуулагч Хо И Ня дасгалжуулагч дээр хичээллэдэг. Гурван дасгалжуулагч маань надад "Одоо л жоохон зовчих. Үлдсэн амьдралдаа аваргын амьдралаар амьдар. Бага зэрэг золиос гарч мэднэ. Гэхдээ эргээд тэр бүхэн чинь ирэх болно" гэж захидаг.

YOLO: Хэрвээ өөрт чинь таеквандог орхих шаардлага тулгарвал яах вэ?
- Хэрвээ тэгвэл би магадгүй хэн ч биш болно байх. Яагаад гэвэл би энэ спортоор танигдсан мөн энэ спортоос урам авч ирээдүйгээ төсөөлсөн. Хэрвээ энэ спортыг орхих юм бол би зүгээр л нэг Намуун гэдэг хүүхэд өөр хэн ч биш болох байх.

YOLO: Өөрийнхөө ойрын таван жилийн зорилгоос хуваалцаач?
- Мэдээж Токио 2020 мөн насанд хүрэгчдийн улсын аварга гэх мэт томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцож эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгах юм даа.

YOLO: Таеквандогоор хичээллэдэг Б.Намууны зорилго ийм байдаг юм байж. Тэгвэл таеквандогоор хичээллэхээс өмнөх Б.Намууны мөрөөдөл юу байсан бэ?
- Би анх Tv9 телевизийн "Гоёо гоё" хүүхдийн нэвтрүүлэгт жил гаруй хугацаанд хөтлөгч хийсэн. Дараа нь хөнгөн атлетикиар хоёр жил гаруй маш эрчимтэй хичээллэсэн.

Токио 2020 мөн насанд хүрэгчдийн улсын аваргын тэмцээнд амжилттай оролцож эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгана.

Б.Намуун





"Мөрөөдөлдөө хүрч байж л санаа амар. Намуунаа чи чадна" гэж өглөө бүр өөртөө хэлдэг.

Б.Намуун


Даанч хөнгөн атлетик бол улирлын чанартай спорт. Өвөл Төв цэнгэлдэх хүрээлэнд гүйнэ гэж байхгүй. Монгол улсад хараахан сайн хөгжөөгүй спорт учраас заалны спортоор хичээллэе хэмээн таеквандог сонгосон.

YOLO: Таеквандогийн хамгийн чансаа өндөртэй, өрсөлдөөн ихтэй ямар тэмцээн байдаг вэ?
- Дэлхийд 90 сая гаруй хүн таеквандогоор хичээллэдэг. Мөн нээлттэй тэмцээнүүд дээр 2000-2500 гаруй тамирчид өрсөлддөг. Мэдээж хүн болгоны зорилго нь алтан медаль авах. Тэр дундаас хэн бэлтгэлээ хамгийн сайн хийнэ тэр алтан медалийн эзэн болно. Иймээс хамгийн өрсөлдөөнтэй тэмцээн ОУ-н нээлттэй тэмцээнүүд гэж бодож байна.

YOLO: Тэмцээнд орохдоо сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?
- Сэтгэл зүйгээ тэмцээнд орохоос сарын өмнөөс бэлдэж эхэлдэг. Хэрвээ сандрах юм бол сандралаа дарж, өөртөө хэт итгэлтэй байвал түүнийгээ ч мөн дардаг. Ер нь тэмцээний үеэр зөвхөн тэмцээнээ л боддог.

YOLO: Тулааны урлагаар хичээллэх хугацаанд шантралаа хэрхэн даван туулж байсан бэ?
- Мэдээж шантрах үе байсан. Тэр үед "Анх яах гэж энэ спортоор хичээллэсэн одоо яах гэж хичээллэж байгаагаа ялгаж салгах хэрэгтэй. Мөрөөдөлдөө хүрч байж л санаа амар. Намуунаа чи чадна" гэж өөртөө өглөө бүр хэлдэг.

YOLO: Ярилцлагын маань төгсгөлд уншигчдад маань хандаж үг хэлэхгүй юу
- Спортоор хичээллэж биеэ өв тэгш хөгжүүлэх хэрэгтэй. Үе үеийн мундаг ах эгч нараа, үе тэнгийн найз нөхдөө хүндэлж бай. Үүнийг хаанаас олох вэ гэвэл өөрөөсөө ол мөн спортоор дамжуулж олж болно. Өөрийнхөө бие организмд тохирсон спортоор хичээллэж зөв хүн болоорой гэж хэлмээр байна.

YOLO: Ярилцсанд баярлалаа. Ирээдүйн олимпийн аваргатай ярилцсандаа баяртай байна. Амжилт хүсье.
- Баярлалаа 








#Taekwondo #Mongolia #Girl