YOLO.mn болон Нээлттэй Нийгэм Форум байгууллага хамтран хүүхэд залуусын дунд зарласан “Үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалтын эсрэг миний оролцоо” сэдэвт эссе бичлэгийн уралдааныг зарласан билээ. Бид уралдааны шилдэг бүтээлүүдийг хүргэж байна.
Энэхүү уралдаанд идэвхтэй оролцсон бүх хүүхдэдээ МАШ ИХ БАЯРЛАЛАА
ЭССЕ №1
Би анх төрөхдөө хэнээс ч илүү сайхан сэтгэлтэй сахиусан тэнгэр байсан.
Миний амьдрал тэр нэгэн цастай өдөр эхэлсэн юм. Хүмүүс хэзээ амьдарч эхэлдэг вэ? Эхийн хэвлийд бүрэлдэх үедээ юу? Үгүй ээ, хүмүүс бүхнийг ухаарах агшиндаа амьдарч эхэлдэг. Энэ ухаарал надад маш их үнээр олдсон юм даа.
Тээр жилийн 11 сар.....
Өглөөнөөс хойш уурласан хүн шиг дүнсийгээд, чимээ ч үгүй дүмбийгээд байсан тэнгэрээс цас бударч, гоёмсог ширхгүүд нь гудамжны гэрэлд эргэлдэн бүжсээр. Хүйтэн салхи хацрыг минь илбэн, будран хаялах цас намайг тайтгаруулах шиг. Хаазаа нэмсэн хар машинууд утаа савсуулан давхилдахад зөөлөн хаялах цасан ширхэг хар өнгөөр будагдан газарт бууна.
Өөдөө сөөргөө зөрөлдөх хүмүүсийн амнаас уур сэнгэнэж машины утаанд амьсгал хиртэнэ. Хүндээр санаа алдаад гарцаар хөлөө зөөн алхахад нүдэнд минь хуралдсан нулимс замыг минь бүдгэрүүлнэ. “Чам шиг өнчин өрөөсөн, хэдэн уранхай ноорхой хувцастай, хаанаас гарж ирсэн юм гэмээр халтар, эмэгтэй хүний заяа гомдмоор хачин үзлийн царайтай охин энд байх эрх байхгүй. Магадгүй чамд хогийн цэг яг тохирох байх. Хэрвээ би чиний оронд байсан бол үхэхийг илүүд үзэх байлаа” гэсэн үгс чихэнд дахин дахин цуурайтан сонстоно.
Толгойг минь бул чулуугаар дэлсээд авах шиг болж, нүд бүрэлзэж, амьсгал давчдаад ирэв. Түргэний машины түгшүүрийн дуу, түмэн хүний бужигнаан, түүний дунд би ганцаараа... Зарим зүйлсд тэвчих шаардлага байдаггүй бололтой. Тэвчихийн оронд өөрт ямар хэцүү байгаа талаар, тэвчихийн оронд өөрт ямар мэдрэгдэж байгаа талаар ганц удаа би бусдад дэлгэсэн бол өдийд аз жаргалтай нэгэн байх байлаа. Эцэст нь тэвчээр намайг харанхуйд төөрүүлж орхилоо. Хаа нэгтэйгээс баргил бүдүүн хоолойтой нэгэн чихэнд минь шивнэв.
- Хүний амийг чи юунд ийм хямд үнэлэв?Айх гайхах зэрэгцэн ийш тийш харан гайхаж байтал
- За охин минь чи сайн сонс. Өдөр бүр 4 сурагч бүрийн нэг нь амиа хорлох талаар боддог, 7 сурагч бүрийн нэг нь амиа хорлохоор төлөвлөж, 10 сурагч бүрийн нэг нь нэгээс олон удаа амиа хорлох оролдлого хийсэн байдаг юм. Тэдний нэг нь чи. Хүүхдийн эрхийн конвецийн 20 дугаар зүйлд хүүхэд өөрийн гарал үүсэл, шашин шүтлэг, чадвар зэргээс үл харгалзан хүүхдийн бүх эрхээ эдлэх ёстой, түүний эрх хаана амьдардаг, ямар хэлээр ярьдаг, эцэг эх нь юу хийдэг, эрэгтэй эмэгтэй, ямар соёлоос гаралтай, гэр бүл нь эд хөрөнгөтэй эсэх зэргээс үл хамаарна. Ямар ч хүүхэд гадуурхагдах ёсгүй гэсэн байдаг. Чи ч мөн адил.
Монгол улсын хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4.1-т зааснаар чи эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, төрсөн газар, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдлаар ялгаварлан гадуурхагдахгүй, эрх тэгш байх эрхтэй. Гэхдээ чи эрхээ эдэлж чадаагүй.
- Би хэрвээ амьд байсан бол өөртэйгөө ижилхэн хүүхдүүдийг аврах байсан, хэрвээ би амьд байсан бол амьдралаа шинээр эхэлж, мөрөөдөлдөө хүрэхийн төлөө мэрийх байсан, хэрвээ би амьд байсан бол тэвчээр гаргалгүй хэн нэгэнд хандах байсан...
- За яахав, би чамд нэг боломж олгоё. Хүний орчлонд эргээд очихдоо чи өөрөөсөө нэг асуугаарай. Би өөрийнхөө төлөө юу хийж чадах вэ? гэж.
Эмнэлгийн хурц үнэр хамар цоргиж, цав цагаан тааз дээрээс цэлийнэ. Би амьд үлдсэн. Гэхдээ би тэдгээр хорон үгсийг чихээ бөглөөд сонсоогүй бол, тэдгээр зурвасуудыг нүдээ аниад хараагүй бол, жоохон ч гэсэн зориг гаргаад багшдаа хэлсэн бол, хэдхэн алхаад нийгмийн ажилтан дээр очсон бол, жоохон ч гэсэн цаг гаргаад яах хэрэгтэй талаар бодсон бол, хэдхэн хором хүлээгээд зам гарсан бол эсвэл бүр бүхнийг шинээр эхлээд шинэ сургуульд орсон бол өнөөдөр би алхаж чаддаг байх байлаа. Бурхан надад шинэ амьрал бэлэглэсэн юм.
Би анх төрөхдөө хэнээс ч илүү сайхан сэтгэлтэй сахиусан тэнгэр байсан юм. Хэтэрхий их өвдсөн болохоор дахиж хэзээ ч өвдөхгүйн тулд чөтгөр болж хувирсан. Тэргэнцэртэй чөтгөр.
Гэхдээ би хамгийн чухал нэг зүйлийг ухаарсан юм. Би аюулгүй орчинд суралцах эрхтэй гэдгээ...
АШУҮИС-ийн харьяа ЕБС-ийн
10-р ангийн сурагч Доржтовоогийн Мандах-Од
ЭССЕ №2
Хэн нэгэн хүүхэд дээрэлхүүлж байгааг хараад би ердөө ч зүгээр өнгөрч чаддаггүй юм. Заавал очоод, "чи ингэж болохгүй, энэ чинь буруу" гэх мэт үгсээр тэдний харилцааг дээрдүүлэхийг хичээдэг. Гэхдээ хэзээ ч бүтэж байсангүй. Дээрэлхэж байгаа нь ч тэр, дээрэлхүүлж байгаа нь ч тэр миний "урт хошуунд" огтхон ч анхаарал хандуулдаггүй юм. Тэгсэн ч би цаашдаа "урт хошуут" хэвээрээ л байх болно. Яг одоо ч үүнийг уншиж буй чиний үе тэнгийнхэнтэйгээ харилцах харилцаанд би үр дүнтэйгээр хошуу дүрэхээр хичээж байна. Учир нь...
Одоогоос 4 жилийн өмнө буюу 8-р ангид би ангийнхаа атаман байсан юм. Бусад ангийн хүүхдүүд "танай ангийн номер 1 хэн бэ?" гэхэд бүгд л Ариунбаяр гэнэ. Энэ нь надад эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан мэт бахархмаар хэрэг шиг санагдаж, хэн нэгэн таалагдахгүй бол "үзхүү? гараад ир, үзье бандиа?" гээд л том дуугардаг байлаа. Хэзээ, хэн тэгээд жагсаачихсаныг нь мэдэхгүй ч ангид зодолддогоороо номер 2, 3, 4, 5 гээд 20 хүртэл байдаг юм. Тэд бүгд миний найзууд. Хэрэв хэн нэгэн надад таалагдаагүй бол тэдэнд ч мөн автоматаар таалагдахаа болино, би хэн нэгнийг дээрэлхвэл тэд ч мөн дагаад дээрэлхэнэ. Ингэж өдөр хоног өнгөрсөөр том болох тусмаа би илүү муу зүйлсийг хийж байлаа.
Хүүхдүүдийг гадаад өнгө үзэмж, гар утас, гэр бүлийн байдал гээд олон шалтгаанаар ялгаварлаж , дээрэлхдэг болов. Мэдээж энэ бүгд багш, эцэг эхчүүдийн мэдэхгүй нууц ертөнцөд болж өрнөнө. Тэгээд нэг өдөр урьдын адил ямар нэгэн утгагүй шалтгаанаар надад таалагдаагүй нэг хүүг дээрэлхэж байгаад багшдаа баригдчихсан юм. Тэнд байсан бүх хүүхдүүдийн эцэг эхийг нь дуудан асуудлыг шийдвэрлэхээр болов. Тэр өдрөөс хойш миний амьдралын хэв маяг, үзэл бодол, сургууль дахь карьер гээд маш олон зүйл өөрчлөгдсөн.
Үүний шалтгааныг ихэнх хүмүүс загнуулаад, айсандаа тэгсэн гэж ярьдаг ч үнэндээ өөр зүйл миний бодлыг өөрчилсөн юм. Юу гээч, зүгээр л бүх ээж, аавууд өөрийнхөө хүүхдийг чанга гэгч нь тэврээд "зүгээр үү, бэртээгүй биз?" гэж асууж байсан тэр дүр төрх. Хэчнээн буруу зүйл хийсэн ч намайг өлсөж байгаа гээд талх авч ирсэн ээж минь. Энэ бүгд надад маш олон зүйлийг ойлгуулж өгсөн юм. Ээж, аав минь намайг аминаасаа илүү нандигнан хайрладаг шиг бусад хүүхдүүд ч гэсэн тийм нандин, үнэ цэнэтэй гэдгийг.
Надад халтар, царай муутай харагдсан тэр хүүхдийн төлөө санаа зовдог, тэр хүүхдийг битгий гуниглаасай, үргэлж аз жаргалтай байгаасай гэж хүсдэг, хамгийн хөөрхөн гэж боддог гэр бүр, дотнын хүмүүс байгаа гэдгийг. Миний мундаг харагдах, атаман байх хүсэл энэ их хайрын өмнө юу ч биш гэдгийг ойлгож ухаарсан явдал байлаа.
Тэгэхээр магадгүй чи хэн нэгэн найзтайгаа таагүй харилцаатай байгаа бол, магадгүй чамд таалагддаггүй хэн нэгэн уурыг чинь хүргэж байгаа бол түүнтэй эелдгээр, зөвөөр харилцах гээд үзээрэй. Чи ч мөн адил, тэр ч мөн адил аав ээжийн, ах эгчийн, эмээ өвөөгийн эрхэм нандин хүүхэд нь болохоор...
БЗД, Амгалан Цогцолбор Сургуулийн
12-р ангийн сурагч Т.Ариунбаяр
ЭССЕ №3
Цэцэгс гундсаар...
Аав ээжийн алдрай бяцхан олон мянган цэцэгс амьдрах ямар сайхан юм бэ? гэдгийг мэдрэхгүй байна.
Яг л усгүй мэт.
Зүүний үзүүр дээр тогтсон будаа гэдэг шиг хосгүй азаар хүн болж төрчихөөд эхийн бүүвэйн дуу, бүлээн сүүгээр, эцгийн агуу хайр, айлтгах сайхан сургаалиар нь хүн болж өсчихөөд зүгээр л нэг хүний бодлогогүй хэлсэн үг, болчимгүй хийсэн алдаанаас болж нэг бяцхан зүрхний нүд нулимсаар дүүрч, сэтгэл зүүгээр шивэгдэн, зүрхний гэрэл унтарч байхыг олон удаа харсан, ойлголтыг бас авсан.
Энэ юу вэ?
Өнөөдөр 21-р зуун,хүний эрх, эрх чөлөөг нэн тэргүүнд тавьдаг, ардчиллыг баримталдаг Монгол улс гэж үргэлж л ярина.
Гэвч одоо байгаагаа тольдвол, үнэнийг сөхвөл:
Цоожтой хаалганы цаана амаа үдүүлчихээд,уйлаад сууж байгаа мэт, тэдний зүрх нь шимширч байна.Хэлье гэж хичнээн хүсэвч тэднийг сонсох найз яг тэр мөчид алга.
Ахиад л ганцаараа......
Ялангуяа миний үеийнхэн бүгдэд маш нухацтайгаар ханддаг учир үнэхээр эмзэг.
Харин зарим нь буянтай ээж аавын гарт бурхан шиг яваагаа үл ухамсарлан нэгнээ царай муутайгаар нь шоолно,хэлбэр галбираар нь өөлнө,өмсөж зүүсэн идэж уусанаар нь ялгаварлана.эцэг эхийг нь гоочлоно.
Алдаа гаргавал шоолно,алгаа ташина.
Амжилт олвол алгадана, атаархана.
Ийм л нийгэм,ийм л ирээдүй. Эцэг эхийн хайран дунд төрж өсөөд энэхэн хорвоод зүгээр л сайхан амьдрахад болох байтал саар зүйл хийхийг ойлгохгүй юм.
Би хүсэж байна.
Бид зүрх зүрхээ хайрлаасай гэж
Амьдралдаа сэтгэл хангалуун байгаасай гэж
Тэгээд ямагт баяр баясгалантай байгаасай гэж
Хэрвээ ийм байвал хүн бүр аз жаргалтай байх болно гэж мөрөөддөг.
Гэгээхэн сэтгэлэр төсөөлдөг
Алагхан мэлмийдээ буулгадаг
Адилхан л аав ээжийн үрсүүд байж нэгнээ гомдоогоосой гэж хүсэхгүй байна.
Та бодоорой.
Таны ээж есөн сарын хугацаанд таныг хайрлан,зүрхийг тэтгэн, амьд ертөнцөд авчран, аав хэмээх баатартай уулзуулж өдий болтол өсгөж байхад хэн нэгэн таны зүрхийг өвтгөж хэсэгхэн зуурт л сэтгэлийг эмзэглүүлж, нүдийг нулимсаар дүүргэхийг бүү зөвшөөрөөрэй.
Ганц улаан гамбир шиг гашуун явдал ахин битгий тохиогоосой
Ээж нь хүүдээ өглөө эртлэн босож гурил зууран ганц улаан гамбир хайрч өглөө. Хүүгээ өлсгөхгүй л гэсэндээ тэр. Харин Болд хүүд ээжийн хайрч өгсөн сэтгэлийн сүү шингэсэн гамбир үнэхээр амттай тул баярлан цүнхлээд сургуульдаа явлаа. Дүрсгүй жаалууд Болдын цүнхийг ухан гамбирыг гаргаж ирээд самбарт өлгөн бие зурж дээрээс нь балаар хатгана. Яг энэ үед Болдын сэтгэл өмөрч ээжийнх нь нүүрлүү хатгаж байгаа юм шиг л санагдан уйлан байвч хэн ч түүнийг өрөвдсөнгүй. Бүгд л инээж бас бусдад тараана. Тэсэлгүй Болд гамбираа шүүрч аваад гэрийн зүг гүйнэ. Үүнээс хойш Болдыг бүгд л дооглон тохуурхаж гамбир Болд гэдэг нэр өгнө.
Та байсан бол яах байсан бэ? Өмөөрөн тэднийг болиулах байсан уу? Аль эсвэл бусадтай ижил түүнийг гомдоох байсан уу? Хэрвээ тийм бол таны ухамсарын түвшин үнэхээр дорой юм.
Магадгүй гуниглаад сууж байгаа олон олон цэцэгсэд хандаж хэлэхэд: "Зүгээр л хүн болж төрсөндөө баярла.Хоосон хонохгүй, элэг бүтэн, сохор доголон биш, мөрөн дээрээ тавих дэгжин биш ч цэвэрхэн хувцастай бол та баян хүн. Бусдын үг тийм ч чухал биш. Эцэст нь хэлэхэд та зүгээр л бусдын оронд өөрийгөө тавиад үзээрэй"
21-р зууны соёлжсон хүн төрөлхтөнүүдээ
Бид чинь амьдарч байна шүү дээ.
Хамгийн агуу хүн гэдэг бусдын амжилт болоод алдаанаас суралцдаг, хүнийг ялгаварлан харьцдаггүй, өгөөмөр бөгөөд тусч, найрсаг хийгээд найз олонтой хүнийг хэлнэ. Харин хамгийн арчаагүй хүн л бусдыг дээрэлхэж, булхай үйл хйин, өөрийгөө өөхшүүлж,өрөөлийг гомдоодог юм. Ийм зүйл хийдэг бол өөрийгөө хүн гэж бахархаад хэрэггүй дээ.
Хүн бол ухамсарын амьтан
Харин үүний оронд ярилцаж,чадах зүйлээрээ туслан дэмжиж,гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээцгээе.
Зүрх зүрхээ хайрлая!
Сэлэнгэ аймаг Мандал сум
ЕБ-ын Мандал 4-р сургуулийн
12-р ангийн сурагч Г.Номинхишиг
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх