Цахим ертөнц буюу STOP, THINK, CONNECT


Сондор | YOLO.MN
2016-04-18

Цахим ертөнцийн аюулгүй байдлаа хэрхэн сайжруулах вэ

Цахим ертөнц хөгжихийн хэрээр хувь хүний нууц мэдээлэл, зураг бичлэг алдагдах нөхцөл тэр хэмжээгээр өсөж байдаг. Өөрөөр хэлбэл компьютер сайн эзэмшсэн хэн нэгэн чиний зураг, мэдээллийг хүссэн үедээ үзэж бусдад түгээх ч боломжтой гэсэн үг. Гэхдээ үүнээс сэргийлж болох дараах аргуудыг хэрэгжүүлэхэд гэмгүй.


 

1. Ямар нэгэн сайт руу орох, файл нээхдээ болгоомжил
Өмнө нь огтхон ч харж байгаагүй, олон үсэгний цуглуулга болсон сайт уруу орохдоо анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Хэрэв нэвтэрч орсон хойно чинь вирусын програм анхааруулга өгвөл даруй буцаж гараарай. Мөн компьютерын дэлгэцийн чинь дэргэд гарч ирсэн гоё, хөөрхөн охидын болон тоглоомын зурагтай жижиг цонх руу дарж орохгүй байх нь өөрийн компьютероо вирусаас хамгаалах бас нэгэн давуу тал юм.

2. Түгээх (шэйрлэх), бусдын түгээсэн зүйл рүү нэвтэрч орохдоо болгоомжил
Вирусаар дүүрсэн элдэв зүйлс цахим ертөнцөд хэрэн хэсч явдаг. Тэр нь хүний анхаарлыг татсан зурагтай, ёс бус дүр зурагтай байдаг. Ялангуяа фэйсбүүкт энэ нь түгээмэл ажиглагддаг. Хэрэв фэйсбүүк найз чинь чамайг дурдаж (тааглаж) ямар нэгэн зүйл ёс бус зурагтай, элдэв тэмдэгт бичин нийтэлсэн (постолсон) бол чи үзэх гэж битгий яараарай. Учир нь энэ вирус байх магадлалтай бөгөөд чиний хаягт халдварласан тохиолдолд вирус автоматаар чамаас түгээгдэж найзуудыг чинь мөн л дурдаж чи эвгүй байдалд орох болно.

3. Элдэв задгай зураг, бичлэгээ бүү нийтэл
“Цахим найзуудыгаа би сайн мэднэ, тэдэн дунд намайг шоолох хүн байхгүй” гэж чи бодон хэт хувийн зургаа нийтэлж тэдэнтэй хуваалцдаг бол маш буруу. Учир нь чиний найз биш ч гэлээ хөндлөнгөөс энэ зургийг чинь харж, татаж авч бусдад түгээх чадвартай олон хакер байгаа гэдгийг санаарай. Тиймээс аль болох шаардлагагүй л бол тиймэрхүү зургаа бүү нийтэл. Чиний хувийн зүйлийг барьцаалан дотнын хүмүүст үзүүлнэ гэж дарамтлах хүн байгааг үгүйсгэх аргагүй юм.

4. Шаардлагагүй бол элдэв сайтад бүү бүртгүүл
Ер нь бол түгээмэл буюу хүн бүрийн хэрэглэдэг сайтад чи бүртгүүлэхээр бол санаа зоволтгүй ч элдэв хэрэгтэй хэрэггүй сайтад бүртгүүлэх нь хувийн мэдээллээ алдах бас нэгэн үндэс болно. Хэрэв чухал биш гэдгийг нь чи өөрөө мэдэж байгаа, үнэхээр бүртгүүлэх шаардлагатай бол хэрэглээд байдаггүй цахим хаягаа ашиглах, өөрийн он сар, овог нэрийг худал оруулахад гэмгүй гэдгийг сануулъя.

5. Цахим тоглоом тоглохдоо анхаар
Цахим тоглоом тоглоход ActiveX болон JavaScript (компьютерын хөрвүүлэгддэг програмын хэл) асаалттай байдаг нь хакеруудад чи өөрөө үүдээ нээлттэй орхиж байгаагаас өөрцгүй юм. Тиймээс тоглож дууссаныхаа дараа унтрааж хэвших хэрэгтэй.

6. Гар утас, зөөврийн компьютертоо нэвтрэх эрхээ хадгалахгүйг хичээ
Уг нь бол нэвтрэх эрхээ хадгалчихсан байхад амар байдаг ч аюулгүйн талаасаа бодоход хадгалаагүй нь илүү найдвартай байдаг. Муугаар бодоход, чиний эд зүйл хулгайлагдвал хүссэн нэг нь чиний эрхээр орж чиний өмнөөс пост бичиж, зөвхөн өөрт харагдахаар тохируулсан нандин зургуудыг чинь ил болгох цаашлаад найзууд руу чинь элдэв зүйлс бичиж чиний нэр хүндийг гутаах болно. Тиймээс хадгалаагүй нь дээр байгаа биз.

7. Вирусын эсрэг программаа шинэчилж бай
Вирусын эсрэг программыг нэг суулгачихсан л бол болоо гэж боддог хүмүүс байдаг. Гэтэл үнэндээ түүнийг шинэчилж, эрхийг нь сунгах шаардлагатай байдаг. Тиймээс хугацаа нь дууссан л бол хамгийн сүүлд гарсан шинэ програмаар даруй шинэчлэх нь аюулгүй байдлыг бий болгож байдаг.

8. Нууц үг чинь урт бөгөөд олон тэмдэгт орсон бол сайн
Өөрийн төрсөн он сар, эсвэл нохойнхоо нэрээр нууц үгээ үүсгэсэн бол чиний цахим аюулгүйн байдал тийм ч их биш гэсэн үг. Ер нь нэг “шипи” өгөхөд хэний ч санаанд оромгүй үсэг тоо, тэмдэгтийн цуглуулга болсон нэг нууц үгтэй байгаад тэрийгээ бүх цахим хаягтаа хэрэглэдэг байх нь нууц үгээ мартахгүй, аюулгүйн талаасаа ч тэр хэрэгтэй байдаг юм шүү.

9. Цахим олон найзын дунд нэг "бүтэхгүй" нөхөр бий
Ялангуяа фэйсбүүкт найзын хүсэлт явуулсан хүн бүрийг хүлээн авдаг нь эргээд чамд гай авчирч мэднэ. Хаяг руу нь нэвтэрч орон тухайн хүнийг таньдаг эсэхийг, дундаа хэдэн найзтай эсэхийг нь судалсны үндсэн дээр найзууд болох эсэхээ шийдэж байгаарай. Ямар ч зураггүй, хэрэгтэй хэрэггүй юмс шэйрлэсэн хүнээс бол бүр хол байсан нь дээр. Зөвхөн чамтай найз болох гэж шинэ хаяг үүсгэсэн ч юм бил үү хэн мэдлээ. Эс бөгөөс чи найзын тоонд л анхаарлаа хандуулан хүссэн хүн бүртэй нь “найзлаад” байх нь чи өөрийнхөө аюулгүй байдлыг үгүй хийж байна гэсэн үг. Мөн улиралдаа нэг удаа найзуудынхаа жагсаалтыг “цэвэрлэчихэд” гэмгүй шүү.

10. Танихгүй хүнтэй харьцаа үүсгэхдээ болгоомжил
Энэхүү сэрэмжлүүлгийг үүнийг бичиж байгаа би байтугай цагдаагийн газраас ч байнга сануулдаг. Хэрэв үнэхээр танихгүй хэн нэгэнтэй харьцаа үүсгэмээр байгаа бол өөрийн элдэв задгай зургаа бүү явуул. Энэ мөн эрэгтэй хүнд ч хамааралтай юм шүү. Учир нь тэр чамаас мөнгө нэхэж дарамтална. Мөн золиос болсон эмэгтэйг дотно харьцаанд орохгүй бол дотны хүмүүст чинь үзүүлж цахим ертөнцөд тараана гэж дарамталдаг тохиолдол нэг бус удаа гарч байсныг чи дуулсан л байх. Иймэрхүү зүйл дээр хаширлаж байхад хэтдээ чамд өлзийтэй юм шүү.

За эцэст нь сануулахад STOP, THINK, CONNECT буюу ЗОГС, БОД, ХОЛБОГД гэсэн зарчмаар цахим ертөнцтэй харьцаарай.

#Social #Addict #Facebook #Secure