Дохионы хэлээр ЯРЬДАГ САРМАГЧИН КОКО


Хонгороо | YOLO.MN
2017-10-20

Хүн шиг ярьж чадахгүй ч хүнээс дутахгүй өөрийн санаагаа ойлгуулж чаддаг сармагчин байдаг гэдгийг чи мэдэх үү. Тэгвэл хүн төрөлхтний дунд англи дохионы хэлийг ашиглан мянга гаруй дохиог гараарай үзүүлж өөрийгөө ойлгуулж чаддаг Коко нэртэй эмэгчин горилла амьдардаг.

Тэрээр Сан Францискогийн амьтны хүрээлэнд 1971 оны 7 сарын 4-нд төржээ. Амьтны  сэтгэл судлаач Франсин Паттерсон гэх эмэгтэй Коког докторын судалгаа ажлаа хийх зорилгоор түүнтэй анх танилцсан бөгөөд тэд тэр цагаас хойш үргэлж хамт байх болжээ.

Паттерсон түүнийг харж халамжлахаас гадна, мянга гаруй дохионы хэлийг зааж сургаж чадсан нь олныг гайхашруулжээ. Паттерсон үүнийгээ "Гориллын дохионы хэл" хэмээн нэрлэх болсон бөгөөд шаргуу хичээл зүтгэл гаргасны үр дүнд Коко дохионы хэлнээс гадна англи хэлний хоёр мянга гаруй ярианы үгийг ойлгодог болжээ.

Коко хэдийгээр ярьж чадахгүй ч түүний хэлсэн үгийг, илэрхийлэх гэсэн санааг Паттерсон хүмүүст хүргэдэг ажээ. Түүний хэлснээр Коко нэг настайгаасаа эхлэн дохионы хэл сурч, мянга гаруй дохиог төвөггүй ашигладаг болжээ. Канзи нэртэй бонобо сармагчин Кокогийн бичлэгийг үзээд дохионы хэлнээс нь ч сурсан удаатай.

Зарим судлаач "Коко юу хийж байгаагаа мэдэлгүй зүгээр л дуурайж үзүүлдэг, түүнийг судалж байгаа судлаачид хийсэн зүйлийг нь урамшуулдаг байсан учраас тэр дохиог хэрэглэж сурсан" хэмээн няцаадаг аж.

Коко бусад гориллануудаас 30 орчим килограмм илүү буюу ойролцоогоор 130 орчим кг жинтэй. Тэрээр Майкл гэх дохион хэл сурч байсан эрэгчин сармагчинтай хамт амьдарч байсан ч Майкл 2000 онд үхжээ. Харин одоо Ндүм нэртэй гориллатай амьдарч байна.

Коко амьтныг тэжээнэ гэдгийг мэддэг цөөхөн амьтдын нэг бөгөөд 1983 оны зул сарын баяраар мууртай болохыг хүссэн хэмээн "The Gorilla" сангийн судлаачид хэлж байжээ. 1984 оны төрсөн өдрөөрөө Коко хаягдсан муурын зулзага үрчилж авч түүнийгээ "All Ball" (Бөв бөөрөнхий) хэмээн нэрлэснээрээ олон нийтийн анхаарлыг хэсэгтээ л татаж байв.

Кокогийн асран халамжлагч, "The Gorilla" сангийн тэргүүн Паттерсон "Тэр муурын зулзагаа яг л өөрийн хүүхэд шигээ хайрладаг байсан" гэжээ. Мөн тус сангийн судлаачид "Коко түүнийг асарч бүх л хайраа түүнд зориулдаг байсан бөгөөд хүүхэлдэйгээр тоглодог байсан нь түүнд үр хүүхдээ өсөх туршлагыг бий болгосон" хэмээжээ.

1984 оны  12-р сард All Ball торноосоо гарч зугтан машинд мөргүүлж хорвоог орхижээ. All Ball-г үхсэн тухай Паттерсон түүнд дохионы хэлээр хэлэхэд Коко "Муу маш муу, гунигтай байна, уйлмаар байна" гэсэн утгатай дохиог үзүүлсэн аж. Коко яг л хүнтэй адил дуу гарган уйлж байсан хэмээн Паттерсон хэлжээ. Дараа жил нь тэр хоёр ч муур үрчлэн авч "Lipstick" (Уруулын будаг), "Smoky" (Манан) гэж нэрлэжээ.

Мөн 2015 онд төрсөн өдрөө тэмдэглэх үеэрээ хаягдсан муурын зулзага тэжээдэг газар очиж "Miss Black", "Miss Grey" гэх нэртэй муужгайнуудыг авсан байна.

КОКОГИЙН ХАМГИЙН ДУРТАЙ 26 ДОХИО

Жүжигчин Робин Уилямс болон Кокогийн нөхөрлөл
2001 онд Робин Уилямс дохиогоор ярьдаг гэх гориллатай уулзахаар Хойд Калифорниагийн "The Gorilla" сан дээр очжээ. Юу болох талаар ойлголтгүй байсан хэдий ч тэр  хоёр маш сайн найзууд болж чаджээ.

Наймдугаар сарын 11-ний даваа гаригт Коко, Паттерсон болон түүний нөхөр Рон нарыг хамт байхад нь Робин Уилямсын өөд болсон тухай  мэдээг дуулгахад Коко хариу нэхсэн харцаар Паттерсоныг харж байсан байсан бөгөөд гунигт мэдээг сонсоод дуугаа хурааж, бодлогоширон суужээ.

Робин түүнтэй эелдэг харьцаж хоромын дотор л найзууд болсон юм. Коко болон Робин Уилямсын нөхөрлөл нь хүн, амьтан хоёрын хил хязгаарыг давж бие биенээ хайрлаж байгаа болдог гэдгийг бидэнд сануулсаар байна.

Эх сурвалж: www.koko.org

#Koko #Gorilla