Хүүхэд болгон хүсэл мөрөөдөлтэй. Гол нь тэр хүсэл мөрөөдөлд "далавч ургуулах" нь чухал. Нэг үгээр хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн нисэхэд хэзээ нэгэн цагт амжилт олох л болно.
Баянгол дүүргийн "Эрдмийн өргөө цогцолбор" сургуулийн Сурагчдын өөрөө удирдах зөвлөлийнхөн /СӨУЗ/ тус сургуулийн хүүхдүүдэдээ нэгэн үр бүтээлтэй өдөрлөгийг зохион байгуулжээ.
Уг өдөрлөгт 9-12-р ангийн, гадаадад сурах чин хүсэлтэй хүүхдүүд оролцсон байна ба дэлхийн томоохон дээд сургуулиудад тэтгэлэгээр суралцах эрхтэй болсон гурван илтгэгчид хүрэлцэн ирж хүүхдүүдэд "Гадаадад хэрхэн тэтгэлэгтэй суралцах вэ?", "Өөрчлөлтийн салхи" гэх мэт маш сонирхолтой илтгэлүүдийг хүргэсэн юм.
Мөн дараагаар нь хүүхдүүд илтгэгчид уулзаж асуухыг хүссэн асуултуудаа асууж оюундаа хөрөнгө оруулалт хийсэн билээ.
Илтгэгчдийг танилцуулбал:
Ганбаатарын Батхуяг
- 2017 АШУҮИС-г төгссөн
- АШУҮИС-н шилдэг оюутан.
- АНУ-н Дэлхийд чансаагаараа 7-д ордог "Columbia"-ийн их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэйгээр, магистрын зэргээр суралцахаар болсон
- Хятадын "China medical" их сургуульд суралцах урилга авсан
- ХААН БАНК, ЗОРИГ САН, ЙОНСЕЙ ИХ СУРГУУЛЬ, Захирлын нэрэмжит тэтгэлэгүүдийг тус тус хүртсэн
- "Монгол Дархлаа" төслийн удирдагч
- "Хөгжлийн галт тэрэг" сургалтын тэргүүн
- Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь салбарын төлөөлөгч
- Маргаашийн Манлайлал, Мөрөөдөлд хүрэх зам үйл ажиллагаануудыг амжилттай зохион байгуулсан
Тэрээр тус өдөр "Гадаадад хэрхэн сурах вэ?" талаар илтгэл хэлэлцүүлсэн юм.
Э. Дөлгөөн
- Монгол дархлаа ТББ зохион байгуулагч
- Мөрөөдөлд хүрэх зам олон улсын боловсролын өдөрлөгийг санаачлагч
- НҮБ-ийн загварын хуралд Герман улсад Монгол улсаа төлөөлж явах гэж буй чадварлаг залуу үеийн төлөөлөл маань ирж "Хэрхэн бусдыг манлайлах вэ?" гэсэн илтгэлийг хэлэлцүүлсэн билээ.
Х.Идэр
- "Cambridge"-ийн Их Сургуулийн НҮБ-н загвар хуралд эх орноо төлөөлөн оролцсон хамгийн анхны Монгол хүн
- TEDxYouth@ EUTS ийн хамгийн залуу илтгэгч
- Долоон удаагийн Model UN буюу НҮБ-ийн загварчилсан хуралд оролцон "Монгол дархлаа" гэх гайхалтай төслүүдийг санаачилсан
- TEDx ба "International Festival Of Language and Culture" үйл ажиллагааны зохион байгуулагч
- "World Scholar Cup" үйл ажиллагааг хамгийн анх Монголд зохион байгуулсан
- Олон улсын судалгааны хуралд Боловсрол болон Эдийн засгийн багт сайн дураар ажилласан
- ETV-гийн Яг Цагтаа нэвтрүүлгийн хөтлөгч, үеийнхнийгээ манлайлагч, чадварлаг илтгэгч хүртэл хүрэлцэн ирсэн юм.
Өдөрлөг дуусахад хүүхдүүд сэтгэл хангалуун байсан бөгөөд тэдний заримаас сэтгэгдлүүдийг нь сонслоо.
9е ангийн сурагч А.Энхжин
Маш гоё санагдсан. Х.Идэр болон Э.Дөлгөөн нарын илтгэл маш их таалагдлаа. Өнөөдөр би энэ танхимаас гарч ирээд "Би гадаадад тэтгэлэгтэй сурч чадна. Мөн мөрөөдлөө заавал биелүүлнэ. Хэзээ ч мөрөөдлөөсөө буцахгүй" гэдэг бодол орж ирсэн.
9е ангийн сурагч Г.Энхзул
Өнөөдрийн өдөрлөг үнэхээр гоё санагдлаа. Энэ илтгэлүүдээс би хичээж эхлэх юм бол, цаг хугацааг зөв ашиглаж чадвал амжилтанд хүрч чадна гэдгийг маш сайн ойлголлоо. Мөн би заавал одооноос хичээж эхлэх болно. Түүнээс гадна ийм өдөрлөгүүд манай сургуульд олон болоосой гэж хүссэн.
10в ангийн сурагч Ц.Мөнхчимэг
Юуны түрүүнд энэ үйл ажиллагааг зохион байгуулсан "Сурагчдын өөрөө удирдах зөвлөл"-дөө маш их баярлалаа. Мөн би өөрийгөө хэрхэн олж авах, өөрийгөө хэрхэн нээх вэ? гэх мэт маш олон зүйлсийг өнөөдөр мэдэж авлаа.
Энэ хүүхдүүд бол өдөрлөгт суусан хүүхдүүдийн дөнгөж эхлэл билээ. Үүнээс гадна маш олон хүүхэд илүү эерэг бодол, том зорилго өвөртлөөд гарсан гэдэгт итгэлтэй байна. Бүх хүүхдүүдэдээ амжилт хүсье.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх