ФОТО: МУИС-ийн Номын сан оюутнууддаа үйлчлэхэд бэлэн боллоо


Сондор | YOLO.MN
2017-10-03

МУИС-ийн шинэ Номын сан оюутнууддаа үйлчлэхэд бэлэн боллоо. 2014 онд шавыг нь тавьж, хөрөнгө оруулалтын дийлэнхийг сургуулийнхаа нөөц бололцоогоор шийдэж 16 тэрбум төгрөгөөр босгосон эрдэм номын шинэ өргөө болох зургаан давхар шилэн байшин МУИС-ийн нэг, хоёрдугаар байрны голд сүндэрлэв.

Их, дээд сургуулиудын хамгийн чухал нүүр царай бол номын сан. Орчин үеийн интерьер шийдэлтэй, тохь тухтай орчинд үйлчлэх боломжоор хангасан Номын сангийн зургаан давхар барилгын 1-4 давхарт номын сангийн уншлагын танхимууд, 5-6 давхарт МУИС-ийн судалгааны лабораториуд, лекцийн танхимууд төвхнөжээ.

Шинэ хичээлийн эхэлснээс хойш оюутнууд “Номын сан хэзээ нээгдэх вэ?” гэж хэмээн асууж лавлах, орж гарах нь их болжээ. Эрдэмд шамдсан залууст дуулгах сайхан мэдээ байна. Номын сан аравдугаар сарын 5-ны өдөр албан ёсоор нээлтээ хийхээр номын санчид номнуудаа өрөх, заал зохион байгуулагчид нь шинэлэг өнгө загвар бүхий  ганган ширээ, сандлуудыг байрлуулах зэргээр түмэн чөлөөгүй ажиллацгаана.

Шинэ номын сан шинжлэх ухааны онцлогуудаар ялгарсан Эрдэм шинжилгээний уншлагын танхим, Багш нарын уншлагын танхим, Байгалийн ухааны уншлагын танхим, Цахим уншлагын танхим, Нийгэм, хүмүүнлэгийн ухааны уншлагын танхим, Электрон уншлагын танхим гэсэн уншлагын зургаан танхимтай. Танхим бүрийн тохижилт, шинэ сандлууд өөр өөр загвар, өвөрмөц хэв маягтай. Хичээлээ судлаад суух таатай орчныг бүрдүүлснийг хараад залуусын өмнөөс баярлах сэтгэл төрөв.

Нэгэн зэрэг 700 оюутанд үйлчлэх суудалтай ч оюутнууд номоо сонгоод уншаад суух, тохь тухтай зай талбай, чөлөөт орчин шинэ номын санд их байгааг Номын сангийн захирал, дэд профессор Г.Цэрэн онцолсон.

МУИС-ийн багш, оюутнуудад үйлчлэх зорилготой шинэ номын сан руугаа энэ зунжин нүүж, номнуудаа зөөжээ. Өмнө нь МУИС-ийн салбар бүхэн номын сантай байсан. Шинэ номын сан хаалга нээсэн ч Бизнесийн сургууль, Хуулийн сургууль, Олон Улсын Харилцааны Нийтийн Удирдлагын Сургууль дахь салбар Номын сангууд нь сургууль дээрээ давхар ажиллаж, мэргэжлийн сурах бичгүүдээрээ үйлчлэх юм байна.

МУИС төдийгүй Монгол Улсын нүүр царай болсон шинэхэн номын санд 51 номын санч ажиллаж байна. Салбар сургуулиудынхаа номын сангаас ирсэн номын санчдыг шинэ номын сандаа хуваарилаад ажиллаж эхэлсэн нь энэ юм.



















#МУИС #Library