"ЦАГ ХУГАЦААНЫ МАШИН гэж байсан бол ИРЭЭДҮЙД ОЧИЖ ҮЗЭХИЙГ хүснэ"


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2017-09-19

“Маамуу” хүүхэлдэйн киног үзээгүй хүүхэд байхгүй биз ээ. Тэгвэл “МААМУУ” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Маамуу” хүүхдийн нэвтрүүлэг NTV, MN25, Royal, “Малчин” телевизүүдээр цацагдаад удаагүй байгаа билээ. Тус нэвтрүүлгийн хөтлөгчид болох Э.Анужин, П.Ихэрбаяр нартай танилцацгаая.

YOLO: Уншигч хүүхдүүдэд өөрсдийгөө танилцуулаач?
П.И: Намайг Пүрэвдоржийн Ихэрбаяр гэдэг. 15 настай. "Маамуу" хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байна.

Э.А: Намайг Э.Анужин гэдэг. Хөгжим бүжгийн их сургуулийн хийл хөгжмийн 12-р ангид суралцана. Мөн "Маамуу" хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байна. 

YOLO: Өндөр босготой гэж яригддаг урлагт хэдэн настайдаа орсон бэ? Энэ хугацаанд ямар уран бүтээлүүдэд оролцсон бэ? 
П.И: 3-р ангиасаа буюу 8 настайдаа Монголын Хүүхдийн Ордны “Драм”-ын дугуйланд Ө.Нямсүрэн багшийн шавь болж суралцсанаар эхэлж байлаа. 

Э.А: Миний хувьд 4 настайгаасаа эхэлж Саранхүү багшийн удирдлаган дор “Цоглог” энтертайнментийн хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан. 

YOLO: Жүжиглэхээс гадна ямар нэгэн авьяастай юу?
П.И: Би сонирхлоороо гитар тоглодог, мөн шүлэг бичих, унших сонирхолтой.

Э.А: 2007 оноос эхэлж Хөгжим бүжгийн коллежийн хийл хөгжмийн ангид суралцаж байна. .

YOLO: Ямар тэмцээн уралдаануудад орж ямар амжилтуудыг үзүүлсэн бэ?


YOLO: Хамгийн сайхан дурсамжийг үлдээсэн уран бүтээлийнхээ тухай яриач.
П.И: Инээдмийн баяраар Монголын Хүүхдийн Ордны Драмын дугуйлангаас зохион байгуулдаг “Өлгийтэй инээд” тоглолтод дөрвөн удаа оролцсон. Энэ хугацаанд маш олон зүйлсийг тус уран бүтээлээс суралцсан даа. 

Э.А: Мэдээжийн уран бүтээл бүр өөрийн онцлогтой, зохиомжтой, зохиолтой. Тэр бүхэнд олон хөгжилтэй, мэдэхгүй чадахгүй зүйлс их гардаг. Миний хувьд хамгийн дурсамжтай байсан уран бүтээл гэвэл X-Tuts продакшнтай хамтарч ажиллаж байсан цаг үед гэж бодож байна. 

YOLO: Урлаг их хэцүү гэж ярьдаг. Шантрах үе цөөнгүй гарч байдаг уу?
П.И: Дүрээ бүтээж чадахгүй, үзүүлбэрийн санаа орж ирэхгүй ийм тохиолдолд шантардаг. 

Э.А: Уран бүтээл дээр ажиллах үед шантрах үе цөөнгүй гардаг. Гэхдээ тэр бүхнийг би өөрөө хийх дуртай, сонирхолтой байдаг учраас шантарсан ч гэсэн, ядарсан ч гэсэн маш их эрч хүчтэй байдаг. 

YOLO: Жүжигчний мэргэжлээр суралцах уу?
Э.А: Эхлүүлсэн зүйлээ дуусгах нь зүйтэй байх. Тиймээс цаашдаа суралцана гэж боддог.

YOLO: Үлгэр жишээ авдаг хүмүүс, жүжигчдээс нэрлээч. Тэдний ямар ур чадвар нь илүү таалагддаг вэ?
П.И: Анх урлагт хөл тавиулсан, урлаг гэж ямар хатуу зүйл болохыг ойлгуулсан, маш олон зүйлийг зааж сургасан н.Нямсүрэн багшаасаа үлгэр жишээ авдаг. Би шүлэг бичих дуртай. Тэр ч утгаараа яруу найрагч Б. Лхагвасүрэн гуай, Р. Чойном гуай, жүжигчин Д. Сосорбарам гуайг хүндэлж биширч явдаг даа. 

Э.А: Бүх жүжигчид мундаг. Намайг бодвол мэргэжлийн сургуульд нь суралцаад төгссөн, маш их зүйлийг бүтээсэн хүмүүс. Тэгэхээр надад тэр хүмүүсийг харьцуулах шаардлага байхгүй. Багшаасаа маш их зүйлийг маш их зүйлийг сурж, туршлага хуримтлуулдаг.


Хамтарч уран бүтээл дээр ажилласан байсан хүний хувьд жүжигчин П.Одончимэг эгчээрээ маш их бахархдаг. Жүжигчин хүнийхээ хувьд, эмэгтэй хүнийхээ хувьд ч тэр биеэ зөв авч явдаг, маш өндөр ур чадвартай хүн байдаг болохоор үлгэр жишээ авдаг. 

YOLO: Жүжигчдийн хувьд жишээ нь Ромео Жульетта жүжгийн Ромеогийн дүрд тоглохыг хүсдэг гэх мэтчилэн уран бүтээлийн мөрөөдөл гэж байдаг. Та хоёрын хувьд жүжигчний мэргэжлээрээ төгсөөд бүтээхийг зорьдог дүр, уран бүтээл байна уу? 
Э.А:
Эмэгтэй жүжигчин бүр Жульеттагийн дүрд тоглохыг хүсдэг байх. Миний хувьд ч бас энэ дүрд тоглохыг хүсдэг. Харин энэ жил сургууль дээрээ энэ мөрөөдлөө амжилттай биелүүлж чадсан. (инээв) Одоо тоглохыг хүсэж байгаа дүр гэвэл миний зан чанараас эрс өөр, намайг өөр талаас маань харуулж чадах маш их ур чадварыг шаардсан уран бүтээл дээр ажиллахыг хүсэж байна. 

П.И: Гамлетын дүрд тоглохыг хүсдэг. Уран бүтээлийн чиглэл гэвэл эмгэнэлт, адал явдалт уран сайхны кинонуудад тоглохыг хүсэж байгаа. 

YOLO: Хүүхдүүдэд зөв хэвшил дадал олгох "Маамуу" нэвтрүүлгийн хөтлөгчөөр анх хэрхэн ажиллах болсон бэ? Чи бусдаас ямар чадвараар илүү болохоор шалгарсан гэж бодож байна вэ?
П.И:
Драмын дугуйлангийн зуны сургалтан дээрээ байхад маань "Маамуу" нэвтрүүлгийн ерөнхий найруулагч Г.Өлзийжаргал ах надад "Ийм нэвтрүүлэг байна. Сонгон шалгаруулалтанд оролцож үзээч. Амжвал өнөөдөр ирээд пробонд орооч" гэж надад хэлсэн. Тэр шалгаруулалтандаа амжилттай оролцоод одоо нэвтрүүлгийнхээ хөтлөгчөөр ажиллаж байна. 

Э.А: Би "Монгол Контент" ХХК-тай 2 жил хамтарч ажиллаж байна. Анх Ногун комикийн гар утасны аппликейшн дээр ажиллаж байсан. Мөн "Маамуу" төслийн хүүхдийн дууг дуулж байсан. Харин энэхүү нэвтрүүлгийн саналыг "Маамуу" төслийн менежер О.Оюундэлгэр эгч над руу залгаад "Шалгаруулалтад оролцоод бичлэгээ үлдээгээрэй" гэж хэлж байсан. 



Ямар шалгуураар авсан бэ гэдгийг бид мэдэхгүй, байгууллага л өөрсдөө шийдсэн байх. Миний бодлоор хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгч учраас телевизээр цацагдахад овор багатай, хүүхэд шиг харагддаг, сэргэлэн, туршлагатай учраас авсан гэж бодож байна.

YOLO: Нэвтрүүлэгт нэрээ сольж Амина, Тамир буюу Аами, Таами гэдэг нэртэй болсон байна лээ. Нэвтрүүлэг зурагтаар цацагдаад эхэлсэн шүү дээ. Жаахан хүүхдүүд хараад "Аами, Таами явж байна" гэж байна уу?
Э.А: Харин тэгэж байна. (инээв) Манай нэвтрүүлгийн баг, энэ байгууллагын хувьд бид хоёрыг Анужин, Ихэрбаяр гэдэг нэрээр тэр бүрчлэн мэдэхгүй байх. Биднийг ихэвчлэн Амина, Тамираа гэж дууддаг. Зураг авалт маш их үед бид бие биенийхээ нэрийг ч хүртэл мартсан байдаг. Сошиал орчинд мэдээлэл маш хурдацтай тархдаг болсон. Тийм ч учраас саяхан GoGo.mn сайтаар мэдээлэл цацагдсан, мөн "Нисдэг загас" дууны клип ч бас гарсан. 

Хэд хоногийн өмнө хамаатны дүүтэйгээ хамт гадуур дүүтэйгээ тоглоод явж байхад найз нь "Энэ Нисдэг загасыг дуулдаг эгч мөн үү" гэж асуусан гэсэн. Тийм үед бол гайхаад байх зүйл байхгүй. Яагаад гэвэл тоглосон л үнэн юм чинь. 

YOLO: Энэ нэвтрүүлэгт ажилласнаар ямар зүйлсийг сурч байна, хамгийн сайхан нь юундаа байна вэ?
Э.А: Маш их туршлагатай баг хамт олонтой ажиллаж байна. Энэ нь маш сайхан байна. Мөн багачуудын дунд маш их хүлээлттэй байгаа нэвтрүүлэг. Тийм ч учраас маш хариуцлагатай байх хэрэгтэй гэж бодож байна. Сурч байгаа ур чадвар гэвэл камертай ажиллаж сурах, багаар ажиллах, зохиол дээр ажиллах гэх мэт маш олон зүйлийг сурч байгаа нь л хамгийн сайхан нь юм даа. 

П.И: Баг хамт олон, хамтрагчаасаа маш олон зүйлийг сурч байна. Жишээ нь, Анужин маань надад дуу хоолойгоо яаж гаргах, хоолойны дасгал хийх гэх мэт олон зүйлсийг зааж зөвлөдөг. 





YOLO: Чиний амьдралынхаа мөрдлөг болгодог зарчим юу вэ?
Э.А: Хийж эхэлсэн зүйлээ дуусгахыг зарчим болгодог. Өдөр тутмын зүйлээ төлөвлөөд аль болох гүйцээхийг л мөрддөг. 

П.И: Өдөр бүр нэг зүйлийг хийдэг. Унтахынхаа өмнө тухайн өдрөө болсон үйл явдал, хийсэн зүйл бүртээ үнэлэлт дүгнэлт өгдөг. Энэ маань л юм болов уу. 

YOLO: 10 жил магадгүй 20 жилийн дараах П. Ихэрбаярыг, Э. Анужинг яаж хардаг вэ?
Э.А: Цаг хугацааны машин гэж байдаг бол би ирээдүйдээ очиж үзэхыг хүсдэг. Хүмүүс өнгөрсөндөө очиж алдаагаа засна гэдэг бол би харан ирээдүйдээ очиж үзмээр санагддаг. Тэр үед тодорхой хэмжээний хийж бүтээсэн зүйлтэй, нэр хүндтэй, бодож төлөвлөсөн зүйлийнхээ жижигхэн хэсгийг ч болтугай хийсэн, зөв бодолтой амьдарч байгаасай хэмээн хүсэж байна.

П.И: Анужингийн адилаар хийж бүтээсэн зүйлтэй, бусдад үлгэр дуурайлалтай хүн болно гэж боддог. Тэгэхээр бодол биеллээ олдог учраас энэ бодсон зүйлээ бодит болгохын төлөө зүтгэх, хичээх л хэрэгтэй. 

YOLO: Ярилцсанд баярлалаа. 

FB: Anu Jin 
FB: П.Ихэрбаяр

#Маамуу #Broadcast #Host