Монгол хүү Японы парламентаас зарласан зохион бичлэгийн уралдаанд түрүүлжээ


Сондор | YOLO.MN
2017-08-17

Япон Улсын Парламентын 70 жилийн ойг  тохиолдуулан Парламентын дээд танхимаас зохион байгуулсан "Хэрвээ би УИХ-ын гишүүн болбол" сэдэвтэй 4000 ханз болон үсгээс бүрдсэн эссэ бичлэгийн уралдаанд "Шинэ Монгол" ахлах сургуулийн 12-р ангийн сурагч Б.Хангай тэргүүн байр эзэлжээ.

Нийт 7074 ахлах, дунд ангийн сурагч оролцсон энэхүү уралдаанд түрүүлсэн түүнийг Парламентын дээд танхимын дарга Датэ Чюуичи Япон улсад урьж тэргүүн байрын шагналыг нь гардуулсан байна.

Б.Хангайгийн аав М.Батмөнх:
"Монголоос 20 гаруй хүүхэд оролцож япон хүүхдүүдтэй өрсөлдсөн юм билээ. Эхлээд эхний 20-д үлдчихлээ гэдгээ надад хэлсэн. Цаанаас нь зохион бичлэгтээ гарчиг өгөөч гэхээр нь монголоор орчуулбал "Гэрэлт ирээдүйтэй Монгол Улсынхаа төлөө" гэж гарчиглаад явуулсан юм.

Удалгүй түрүүлсэн гэсэн хариу бидэнд ирсэн. Ингээд Японоос урилга ирээд бид энэ нэр хүндтэй шагналыг очиж авсан юм" гэлээ.

Шинэ Монгол ахлах сургуулийн сурагч Б.Хангай 2016 онд Япон-Монголын төвөөс зохион байгуулсан ханзны баярт 500 онооноос 500 оноо авч түрүүлж байжээ. Мөн энэ онд тохиож буй Япон-Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохиогдсон Япон хэлний олимпиадын N1-N2 буюу дээд ангилалд түрүүлж байсан сурагч юм.   

Японы Парламент-Япон улс дэлхийн хоёрдугаар дайны дараа 1947 онд шинэ парламент дээд, доод хоёр танхимтай болсон ба дээд танхим нь 242 гишүүнтэй доод танхимыг хянах үүрэгтэй, доод танхим нь 475 гишүүнтэй, хууль батлах, гүйцэтгэх засаглалыг томилох, удирдах, хянах үүрэгтэй.

Эссэ бичих уралдааны талаар ухаж үзвэл 60 жилийн ойгоор буюу 2007 онд анх зохион бичлэгийн уралдаан зарлаж байсан байна. Энэ удаагийнх хоёр дахь уралдаан бололтой.

Ахлах ангийн сурагчдын ангилалд 400 ханз, үсэгтэй 10 хуудас буюу 4000 ханз үсгээс бүрдсэн эссэ бичих ёстой бөгөөд 1874 ахлах ангийн сурагч оролцсон, дунд ангийн сурагчдын ангилалд 400 ханз, үсэгтэй таван хуудас эссэ бичих ба 5200 сурагч оролцсон.

Түүний зохион бичлэгийг энд дарж үзэх боломжтой

http://www.sangiin.go.jp/japanese/ugoki/h29/la170730-1.html

#Japan #Parliament #Essay #Mongolia #First place