Дэлхийн ОЙ ТОГТООЛТЫН дээд амжилтыг ЭЗЭМШИГЧИД


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2017-08-16

Үеийн хүүхдүүд нь тоглож дэрвэн, айлын хонх дараад зугтааж сахилгагүйтэх насан дээрээ байхад тэд аль хэдийнэ ОУ-н мастер болж, Дэлхийн дээд рекордыг эвджээ.

Бид энэ удаагийн ярилцлагын булангаараа АНУ-ын Лас Вегас хотноо дөрвөн жилд нэг удаа зохиогддог оюун ухааны спортын хамгийн том тэмцээн болох "Memoriad-2016" оюуны олимпийн хүрэл медальт, Дэлхийн 15 орны 178 тамирчин оролцсон 30 сая воны шагналын сантай Солонгосын Ой тогтоолтын тэмцээний "Images" төрөлд бага насны ангилалд өрсөлдөж Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон Б.Хангал болоод "Memoriad-2016" оюуны олимпоос хоёр алтан медаль хүртэж олимпийн аварга болсон, ОУ-н мастер Н.Намуундарь нартай танилцах нь ээ.

YOLOСайн байцгаана уу? Сайтын маань уншигч хүүхдүүдэд өөрсдийгөө танилцуулахгүй юу?
Н. Намуундарь: - Сайн байна уу? Намайг Н. Намуундарь гэдэг. Би 13 настай. Хобби сургуулийн 8-р ангид суралцдаг.

Б. Хангал: - Намайг Баттөрийн Хангал гэдэг. Одоо 12 настай. Мөн 8-р ангид суралцдаг.

YOLOТа хоёр оюун ухааны спортоор хичээллээд хэр удаж байна вэ?
Н. Намуундарь: - Хичээллэж эхлээд хоёр жил хагас болж байна.

Б. Хангал: - Би анх цээж бодолтоор хичээллэж эхэлсэн. Үүгээрээ хичээллээд нэг жил болж байна. Одоо ой тогтоолтоор хичээлэж байгаа бөгөөд ийнхүү хоёр жилийн нүүрийг үзэж байна.

YOLOӨсвөр насныхны сонирхдог сагсан бөмбөг, хөл бөмбөг, гар бөмбөг гээд л маш олон спортууд байдаг. Гэтэл яагаад заавал оюун ухааны спортыг сонгож хичээллэсэн юм бол?
Н. Намуундарь: - Анх хичээлээ хийхэд, суралцахад хэрэг болно гэж хичээллэж эхэлсэн. Тэр үедээ ингэж тэмцээнд орж, тамирчин болно гэж зүүдлээ ч үгүй. Хичээллэж явсаар сүүлдээ тамирчин болчихсон доо.

Б. Хангал: - Анх манай аав ээж маань намайг Монголын Оюун Ухааны Академид оруулсан. Чээж бодолтоор эхлүүлсэн гараа маань цаашаа хичээллэсээр ой тогтоолт руу орсон.

YOLOОлон Улсын мастер цолын эзэн болсонд нь оройтсон ч гэсэн баяр хүргэе. Энэ цолын эзэн болсон тэр үеийнхээ сэтгэгдлийг эргэн дурсвал?
Н. Намуундарь: - Тэр үед хурдны хөзрөө хийхдээ хоёр удаа алдчихсан юм л даа. Тэгсэн ч гэсэн "ОУ-н мастер цолоо авчихна байх" гээд бодож байтал багш маань "Дүрмэнд өөрчлөлд оржээ" гэж тоглосон. Би эхлээд тоглоом гэдгийг нь мэдэлгүй итгээд үнэхээр их гутарч, уйлаад гарч байсан. Гэхдээ цолоо авахад багш маань худлаа ярьснаа хэлэх тэр агшинд сэтгэл санаа амраад, уужраад бүр нэг их тайван гоё болчихсон /инээв/.smiley


YOLOХамгийн анхны Олон улсын хэмжээний тэмцээн ямар тэмцээн байсан бэ?
Н. Намуундарь: - Хамгийн анх 2015 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож Азийн дэд аварга болж байсан. Мөн 30 минутын тооны марафон төрлөөр дээд амжилт эвдсэн.

Б. Хангал: - 2015 оны есдүгээр сард Туркийн нээлттэй тэмцээнд цээж бодолтын төрлөөр оролцож эх орондоо 2 мөнгө, 2 хүрэл медальтай ирсэн. Анхны ОУ-н тэмцээний медаль учраас их гоё санагдаж байсан.

YOLOОюун ухааны спортын ямар ямар рекордыг эзэмшдэг вэ?
Н. Намуундарь: - Би бага насны хоёртын тооллын 30 минутын тооны марафон төрөлд рекорд эзэмшдэг. Гэхдээ одоо бараг энэ рекорд маань эвдэгдчихсэн байх. Би саяхан дунд насны ангилалд орсон л доо.

Б. Хангал: - Би Дэлхийн хоёр, Монголын хоёр рекордыг эзэмшдэг. Саяхан зохиогдсон Улсын аварга шалгаруулах тэмцээнээр хоёртын тооллын 5 минутын тооны марафон төрөлд мөн "images" хэмээх шинэ төрөлд 5 минутын рекордыг эвдсэн.

YOLOОюун ухааны спортоор хичээллэхийн давуу тал нь юу вэ?
Н. Намуундарь: - Аливаа юмыг маш хурдан чээжилдэг болоод зогсохгүй нэлээн өмнө чээжилж байсан зүйлсээ эргэн санадаг. Шүлэг, түүхэн үйл явдлыг хурдан чээжилдэг. Гадаадын их дээд сургуульд элсэхэд ч их ашигтай.

Б. Хангал: - Энэ спорт нь бүх хичээлд хэрэгтэй. Хэрэглэгддэггүй хичээл нь биеийн тамир л юм шиг байна. Математик дээр томьёо, хими дээр химийн элемент, биологи дээр эрхтэн тогтолцоо гэх мэт олон зүйл цээжилдэг. Эдгээрийг ямар ч асуудалгүй тогтоочихдог. Сургууль төгсөхөд 1-12-р ангидаа үзсэн зүйлсээрээ бататгаж шалгалт өгсөн ч алийг нь ч мартаагүй байх жишээний.


YOLOЭнэ спортоор хэчнээн хугацаанд хичээллэсний эцэст ингэж хурдан чээжилж тогтоодог болох вэ?
Н. Намуундарь: - Нэг шат нь нэг сар байдаг. Энэ шатанд чээжлэх хичээл орно. Шат ахих тусам чадвар улам өсөөд л байх болно. Манай академид Энхшүр, Мөнхшүр хэмээх хоёр ихэр охин бий. Тэд долдугаар сард бэлдэж эхлээд УАШ тэмцээнд үнэхээр сайн амжилттай оролцсон.

YOLOХүүхдүүд "Би ерөөсөө юм чээжлэх авьяасгүй ээ" гэдэг. Тийм хүүхдүүд ч гэсэн энэ спортоор хичээллээд сайжрах боломжтой юу?
Б. Хангал: - Боломжтой. Ой тогтоолтын спорт гэдэг нь зүгээр л төсөөлөл. Механикаар юм чээжлэх юм бол угаасаа чээжлэхгүй. Харин төсөөллөөр чээжилвэл үлдэцтэй. Тэгэхээр ямар ч хүн төсөөллөөр чээжлэх юм бол хурдан сайжирна.

YOLOОюун Ухааны Академийн талаар танилцуулахгүй юу?
Н. Намуундарь: - Оюун Ухааны Академи маань хүүхдүүдийн баруун зүүн тархийг хоёуланг нь хөгжүүлэх зорилготой байдаг. Speed Stack хэмээх хоёр гараа хоёуланг нь зэрэг ашигладаг төрөл бий. Энэ нь баруун зүүн тархийг хоёуланг нь зэрэг хөгжүүлдэг. Энэ төрлийг би ерөнхийдөө амархан гэж боддог.

YOLOОюун ухааны спортоор хичээллэхээс өмнө болон дараах байдлаа дүгнэж үзвэл?
Н. Намуундарь: - Хамгийн том ялгаа гэвэл их тэвчээртэй болсон. Дэлхийн аваргын төрлүүдэд нэг цаг чээжилж, хоёр цаг санадаг төрөл ч бий. Зарим хүүхдүүд 30 минут ч сууж чадахгүй босоод гүймээр санагддаг гэдэг. Энэ спортоор хичээллэж эхэлснээс хойш маш их тэвчээртэй болсон.

Б. Хангал: - Сая хэлсэнчлэн их тэвчээртэй болдог. Тэгээд хичээл заадаг багш нар их сайн болдог шдээ/инээв/. Үймүүлэхгүйгээр хичээлээ хийгээд суугаад байхаар багш нар их сайн ханддаг, дүн сайн гаргаад л...


YOLOОйрын хугацаанд бэлдэж байгаа тэмцээн бий юу?
Н. Намуундарь: - Би 2017 оны Жакартад болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд харин Б.Хангал Азийн аваргад бэлдэж байна.

YOLOЯмар нэгэн академи, клубд явалгүйгээр хувиараа оюун ухааны хөгжүүлэх боломжтой байдаг юм болов уу?
Н. Намуундарь: - Хүн, эд зүйл, үйл үг хэмээх систем байдаг. Өөрөөр хэлбэл тоо юм уу хөзрийг хүн, эд зүйл, үйл үг болгоод кодлочихдог. Ихэнхдээ хошин байдлаар чээжилвэл маш хурдан санана.

YOLOДэлхийд Монголын нэрийг гаргаж буй монголын ирээдүй болсон хоёр маань өсвөр үеийнхэндээ хандаж үг хэлээч
Н. Намуундарь: - Дуртай зүйлээ олоод түүнийхээ төлөө тууштай яваарай гэж уриалж байна.

Б. Хангал: - Хүн өөрийнхөө хүсэж сонирхсон зүйлээ хийвэл амжилт үргэлж дэргэд байдаг. Ямар нэгэн зүйлийг ял битгий болгоорой. Харин түүндээ дурлаж хийж байгаарай.

YOLOЯрилсанд баярлалаа. Дараа дараагийнх нь тэмцээн уралдаанд өндрөөс өндөр амжилтыг хүсье.

#MongoliaMemoryTeam2017 #Asia #Career #Holders