Өсвөр насны “Шар шувуу” /тэмдэглэл/


Хэзээ нэг цагт биелүүлнэ дээ гэсэн өөрийгөө хуурч, өрөөлд үзүүлэх гэж буй мэт зузаан зургийн дэвтэр дээр “Мөрөөдлийн цомог” хэмээн гарчиглажээ. Томоос том тодоос тод, хэзээ хэвлүүлснийг ч үл мэдэх, наасан хэдэн зураг нь салах шахсан тэрхүү дэвтрээ би хуучин ном, цэгцэлж  суухдаа олов.

Өнгө өнгийн харандаагаар хавтасны доод хэсэгт 5Б ангийн сурагч тэр хэмээн бүдэг бадаг нэрээ бичсэнийг бодвол тавдугаар ангидаа багшийнхаа заавраар хийж биелүүлсэн нэгэн даалгавар гэдгийг сая л нэг санав. Нээж үзвэл эхний нүүрэнд гялалзсан хар өнгийн машин, шүүгээ дүүрэн хувцас, загвар өмсөж буй хэдэн моделиудын зураг, мөн Парис хотын гээд олон зураг эгнээстэй. Бодвол ирээдүйд өөрийн болгож, бас аялж үзэх газруудынхаа зургийг наасан бололтой. Гэхдээ ямар нэгэн логик холбоосгүй, ухаарч бодож төлөвлөөгүй, зүгээр л хамгийн гоё гэж бодсон хэдэн зургаа Гүүглээс олж аваад хэвлүүлэн багшдаа үзүүлж дүн авсан бололтой.

Арван настайдаа мөрөөдлөө хэрхэн төсөөлж, төлөвлөж байснаа хараад инээд хүрэхийн зэрэгцээ ирээдүйд юу хийж бүтээх талаараа утгагүй хий хоосон мөрөөдөлтэй байжээ гэсэн гунигтай бодол дагзыг минь алгадах шиг болов. Тэр үед өсвөр нас аажмаар миний амьдралд орж ирснээр толгой эргэмээр олон бодлууд, хүмүүсийн гадаад дотоод ертөнцийн шинж чанарыг таних ухаан, бие физиологийн өөрчлөлт, найз нөхдийн элдэвтэй элдэвгүй харилцаа, сургуулийн орчин дахь хүрээлэл гээд бухимдах олон асуудал над руу дагуулж ирсэн мэт санагддаг. Тэр үедээ би аль болох бүх юмаа эмхэлж цэгцэлж /одоогийн ойлголтоор бол минималист хандлага руу шилжих гэж оролддог байсан юм шиг/ оюун бодлоо цэгцэлдэг болсон. Яг тэр үедээ тэрхүү дэвтрийг олж үзсэн минь ч гэсэн одоо бодоход нүдээ нээж урагш алхах нэгэн түлхэц болсон юм болов уу.

Өдрийн хэмнэл...

Би гэдэг бодгаль улирал бүрийн онцлог бүхэнд дурлаж, бороо ороход сэтгэл хөнгөрч, цас будрахад бүх зүйл шинээр эхэлж байгаа мэт тийм л романтик сэтгэлгээгээр амьдарч байв. Зарим өглөө биеэ дааж ядан босоод нүүр гараа угааж хичээлийн дүрэмт хувцсаа өмсөн сургуулийн зүг алхана. Гэхдээ энэ бол зөвхөн өмнөх орой нь шөнөжин унталгүй юм хийж дөнгөж 3-4 цаг л дуг хийсэн үед шүү дээ. Бусад үед бол аль болох л өглөөг сэргэг угтахыг эрмэлздэг байлаа. Мэдээж тогтсон ёсоороо өглөөний цайгаа ууна. Учир нь ээж маань ирээдүйд эрүүл байлгахын тулд үргэлж өглөөний цай уулгаж хэвшүүлсэн юм. Дулаан үед хичээл тарсны дараа найзуудтайгаа гадаа юм ярьж сууна, үгүй бол дадсан ёсоор ангидаа хичээлээ давтана. Гэр хүртэл арав хүрэхгүй минут алхдаг байсан болохоор гэртээ ирээд шалгалтдаа бэлдэнэ. Өсвөр насныхны ихэнх нь ухаалаг утасны хамааралтай байсан болохоор утсаа шалгахгүй л бол хорвоо ертөнцөөс тасарчих юм шиг сэтгэгдэл төрж завсар зайгаар нь ширтээстэй. Түүнээс гадна  сонирхлыг минь тэгтлээ их татсан нэгэн зүйл байлаа. Нэг л үзвэл зогсохоо үл мэдэн хэдэн цагаар ч хамаагүй анимэ гэх тэр зүйлийг үзээд л сууна. Дуу хөгжим мөн л миний амьдралын салшгүй нэгэн хэсэг учраас чихэвчээ биенээсээ салгана гэж огт үгүй. Нэг мэдэхэд л миний оршин буй дэлхий тэнхлэгээ нэг бүтэн эргэчихсэн байдаг байлаа. Өдөр хурдан өнгөрч байхад жил ч бас хурдан өнгөрөх буй за.

Хүсэл зорилго хэдий байсан ч яаж хүрэхээ мэдэхгүй, эсвэл зүгээр л толгойдоо бодох төдийд л биелчих юм шиг “Мөрөөдлийн цомог”-оо нээн бага ангийн дэвтэр номтойгоо хамт номын сангийн гар хүрэхгүй хэсэгт үлдээж мартсан тэр цагаас хойш өдөр бүрийн амьдрал дээрх хэмнэлээр үргэлжилж байсныг сая л нэг ухаарав. Ирээдүйд бичдэг хүн болох юм чинь гээд хүмүүс надад төрсөн өдрөөр дандаа тэмдэглэлийн дэвтэр бэлэглэдэг байсан болохоор төвөггүй шинэхэн дэвтэр нээж ирээдүйн зорилгоо нарийн төлөвлөж бичиж эхлэв. Түүнд хүрэх арга замуудаа хүртэл жил жилээр тооцоолж, ойрын жилүүдэд хийх зүйлсийн тов гарлаа.

Энэхүү тэмдэглэлийнхээ гарчгийг яагаад “Өсвөр насны “Шар шувуу” гэснийг чамд таавар болгон үлдээе...

#Мөрөөдөл, #Өсвөр_Нас