ЗАХИДАЛ: Би найзынхаа аясаар байсаар залхаж байна, яах вэ?


ССҮТөв | YOLO.MN
2017-08-07

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Яагаад гэдгийг нь би ерөөсөө ойлгохгүй байна

Надаас шалтгаалаагүй зүйлд уурласан хэрнээ найзуудын хүрээлэл дундаас зөвхөн надтай л харьцахаа болино, тоохгүй, юм асуухад хариулахгүй гэх мэт илт дургүйцсэн өнгө аястай болчихдог.

Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд. Хүн болгонд л нөхөрлөж явдаг олон найзууд дундаас "хамгийн сайн" гэх тодотголтой нэг онцгой хүн байдаг. Миний хувьд ч бас бий. Бид хоёр нөхөрлөөд тийм ч удаагүй л дээ. 4 жил орчим л болж байна. Өмнө нь би олон хүүхдүүдтэй найзалж байсан ч энэ найзтайгаа байхад үнэхээр чөлөөтэй, яг л жинхэнэ найз гэсэн мэдрэмжийг авдаг. Гол асуудал нь гэвэл найз маань надад үе үе уурлаад байдаг. Надаас шалтгаалаагүй зүйлд уурласан хэрнээ найзуудын хүрээлэл дундаас зөвхөн надтай л харьцахаа болино, тоохгүй, юм асуухад хариулахгүй гэх мэт илт дургүйцсэн өнгө аястай болчихдог. Яагаад гэдгийг нь би ерөөсөө ойлгохгүй байна. Үүнээс гадна найзуудаараа юм хийх болоход шийдвэр гаргах үүргийг надад ноогдуулдаг. Энэ мэдээж амаргүй байдаг ч бүгд л надаас яах ёстойг асуудаг. Тэгээд мэдээж аль болох эелдгээр би ганцаараа шийдмээргүй байгаа ч ийм шийдвэр гаргалаа гэдгээ хэлэхэд нөгөө найз маань мөн л таагүй авир гаргаж миний шийдвэрийг онцгүй байна гэж хэлсэн ч хэлснээр минь л хийдэг. Би хичээлдээ гайгүй сайн, тэгээд дүн авах боломжтой үед хичээсээр байгаад авах ёстойгоо авдаг. Тэгээд намайг дүн авахад (эсвэл зүгээр л хичээлдээ идэвхтэй байхад) бас л үл тоогоод эхэлдэг. Эсвэл би өөрт нь зааж өгөх гэхээр уурлах юм уу эсвэл өөр хүнээс асуухаар явдаг. Сүүлийн үед хичээлдээ огт анхаарахгүй, хичээнгүй байхаа больсныг нь би анзаарсан ч хэлэхээс айгаад байгаа юм. Учир нь би өөрийх нь дутагдлыг эсвэл зөвлөмөөр байгаа зүйлээ хэлэхэд "Чи бүхнийг өөрийнхөөрөө хийх гэж зүтгэх юм аа" гэдэг. Үүнийгээ маш олон удаа хэлсэн. Би үнэхээр тийм юм болов уу гэж бодоод хэлье гэснээ хэлэхээ больсон л доо. Энэ мэтчилэн олон зүйл дээр хатуу ханддагт нь би гомдож, бухимддаг ч гэсэн огт ил гаргадаггүй. "Ер нь дахиж ингэвэл хэлнэ ээ" гэж боддог ч дахиад уурлах вий дээ гээд больчихдог. Үүнийг би яах ёстой вэ? Би үнэхээр түүний хувьд сайн найз нь мөн болов уу? Эсвэл би ганцаараа л түүнийг сайн найзаа гэж бодож байгаа юм болов уу?

ЗӨВЛӨГӨӨ: Өөрт чинь  хэцүү байгааг найздаа хэлэх нь зөв ч өөрийнхөө дутагдалтай талыг бас мэдэж авч засах хэрэгтэй

Найз чинь чамд үе үе уурладаг нь чамаас илүү их зүйл хүлээж хүсдэгтэй холбоотой байж болно.

Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа. Найз чинь чамд үе үе уурладаг нь чамаас илүү их зүйл хүлээж хүсдэгтэй холбоотой байж болно. Зарим үед хүмүүс ойр дотны хүндээ муухай аашаа гаргадаг. Учир нь илүү их дэмжлэг авч аргадуулахын тулд. Гэвч  тэд ойр дотны хүнээ өөрөөсөө түлхэж байгааг олж анзаардаггүй. Энэ байдлаас болж нөгөө хүн залхаж бухимдаж эхэлдэг. Чамд ийм байдал үүссэн байж болох хэдий ч  нөгөө талаас чи ч бас найзыгаа гомдоосон байж болно. Чи энэ үйлдлээ өөрөө анзаараагүй орхидуулсан бол яах вэ? Өөрт чинь  хэцүү байгааг найздаа хэлэх нь зөв ч өөрийнхөө дутагдалтай талыг бас мэдэж авч засах хэрэгтэй. Учир нь зөвхөн нэг тал нь бүх зүйлд буруутаж нөгөө тал ямар ч буруугүй байна гэж байдаггүй. Найз нөхөд хоорондоо юу болохгүй байна гэдгээ ярилцах нь харилцааг хамгаалах гол суурь болдог. Дараачийн удаа чи чимээгүй өнгөрөх биш тохиромжтой нөхцөлийг харж байгаад найздаа өөрийн бодлоо хэлэхээс гадна найзынхаа бодлыг  сонсоорой. Чамд амжилт хүсье.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач
М. Анир

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Friends #Tired