Америкийн эрдэмтэд АНХ УДАА хүний ДНК-г ӨӨРЧИЛЖЭЭ


А.Ихсанаа | YOLO.MN
2017-08-04

Америкийн эрдэмтэд ген өөрчлөх аргаар анх удаа амьдрах чадвартай хүний үр хөврөлийн ДНК-г CRISPR аргаар өөрчилжээ. Хүний ДНК-г ингэж өөрчилнө гэдэг нэг л өдөр бид төрөөгүй байгаа хүүхдийг аливаа өвчин тусахаас сэргийлж чадна гэсэн үг.

Гэхдээ нөгөө талаас хүний үр хөврөлийг генетикийн аргаар өөрчилнө гэдэг ёс зүйн асуудлыг бас сөхөх шалтгаан болох юм. Өнөөдрийн Nature сэтгүүлд нийтлэгдсэнээр Орегоны Эрүүл мэнд, Шинжлэх ухааны их сургуулийн профессор Шухрат Миталипов судалгааны ажлыг удирджээ.

Тэд амьдрах чадвартай үр хөврөлийн генд байсан зүрхний өвчин болох эрсдэлтэй мутацийг амжилттай салгасан аж. Калифорнийн их сургуулийн эрдэмтэн, судалгааны багийн гишүүн Женнифер Дудна "Хүний хувьд жижиг алхам байж болох хэдий ч хүн төрөлхтний хувьд том үсрэлт болж байгаа мэт л санагдаж байна" гэжээ.

Тэрээр энэхүү үр дүнгийн ачаар бусад эрдэмтэд хүний үр хөврөлийн генийг өөрчилж, аливаа өвчнийг анагаах, үгүй ядахдаа туршилт хийж эхэлнэ гэдэгт итгэлтэй байгаа аж. Хүний үр хөврөлийн ДНК-г CRISPR аргыг ашиглан өөрчилсөн тохиолдол өмнө нь зөвхөн БНХАУ-д болж байсан бөгөөд АНУ-ын хувьд ийм судалгааны ажил хийхэд хэцүү гэхээсээ илүү сэдвийнхээ хувьд олон асуудал дагуулдаг.

Үндэсний Эрүүл мэндийн судалгааны хүрээлэнг хүний үр хөврөлийн ген өөрчлөх судалгааны ажилд хөрөнгө оруулахыг хүртэл хориглодог аж. Гэхдээ өнгөрсөн хоёрдугаар сард Үндэсний шинжлэх ухааны академи болон Үндэсний анагаах ухааны академи хүний үр хөврөлд байгаа ноцтой өвчнийг устгах зорилгоор туршилт хийж болно гэсэн шийдвэр гаргажээ.

Генетикийн өөрчлөлтийг хүн дээр туршихад олон асуудал бий. Хэдийгээр CRISPR арга тун нарийн ген өөрчлөх хэрэгсэл боловч, зарим тохиолдолд алдаа гардаг. Тиймээс бяцхан алдаа хүн төрөлхтөнд заналхийлж болно гэж эмээдэг нэг хэсэг бий.

Түүнчлэн эцэг эхчүүд хүүхдээ "суперхүн" болгох хүсэл эрмэлзэл гаргаснаас болж орчин үеийн хүнийг генетикийн өөрчлөлттэй хүмүүс орлох эрсдэл гарах асуудал бас яригдна. Ийм хүүхдийг "Designer Baby" гэж нэрлэдэг бөгөөд ямар ч өвчин тусахгүй, бүх талаараа бусдаас гоц тийм хүүхдийг генийн өөрчлөлтөөр бүтээж болно гэж үздэг.

Мэдээж хэрэг генийн инженерчлэлээр төгс хүн бүтээх асуудал холын ирээдүйн сэдэв юм. Гэхдээ Миталипов сүүлийн судалгааны ажлаас үзэхэд тун ойртсон гэжээ. Түүний багийнхан үр хөврөлийн зарим генийг ямар нэгэн алдаагүйгээр, тун өндөр нарийвчлалтайгаар өөрчилж чадсан юм.

Үүнээс гадна Хятадын туршилтаас нэг ялгаатай нь үр хөврөлийн бүх эд эсэд байгаа ДНК-г ямар нэгэн мутацид оруулахгүйгээр нэгэн зэрэг өөрчилсөн явдал аж.
Судалгааны ажлыг хийхдээ тэд зүрхний согогийн мутаци бүхий генийг агуулдаг залуугийн эр бэлгийн эсийг эрүүл эм бэлгийн эстэй нэгтгэжээ. Ингээд CRISPR-Cas9 аргаар залуугийн генээс мутаци бүхий дарааллыг салгаж авсан байна.

Хамгийн амжилттай нь залуугийн ген эрүүл дарааллыг эмэгтэйн ген рүү хуулжээ. Гэхдээ яагаад ийм зүйл болсон тодорхойгүй бөгөөд үр хөврөл өөрийгөө засах арга байдаг байсныг бид илрүүлээгүй байсан гэсэн үг юм.

Нийт 58 үр хөврөл дээр хийсэн туршилтаас 42 үр хөврөл мутацигүй генийг эс бүрт хуулсан бол үлдсэн 16-д нь таамаглаагүй мутаци илэрсэн аж. Тэгэхээр энэ арга одоохондоо яг төгс болоогүй байна. Гэхдээ ген өөрчлөх арга ямар өндөр түвшинд хүрсэн болохыг харуулж, шинжлэх ухааны уран зөгнөл, шинжлэх ухааны бодит байдал болоход ойрхон ирж байгааг илтгэнэ.

Эх сурвалж: IFLScience

#America #Scientist #First #People