-НАРС зуслангаас хийсэн тэмдэглэл-
YOLO.mn-ээ төлөөлөн "Нарс" зусланд өнгөрөөсөн хоёр хоногийн тэмдэглэлээ та бүхэнтэй хуваалцъя.
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: АНХНЫ СЭТГЭГДЭЛ
Өсвөрийн сэтгүүлч Цовоо бид хоёр Нарс зуслангийн 6 дахь ээлжийн 6 дахь хоногт очсон юм. Хотоос холгүйхэн буюу машинаар бол 1 цаг орчим яваад хүрэх газарт Нарс зуслан байрладаг. Хашаанаас нь эхлээд л хүүхдийн зуслан тэр дундаа аюулгүй байдал сайтай зуслан гэдэг нь харагдана. Үүдэнд нь хүрч очсон даруйд зуслангийн "дүрэмт" хувцастай багш хүлээн авч бидний хэрэг зоригийг асуун дотоод холбоогоор дээш мэдээлэв. Тэр дорхноо зуслангийн захирал, бүлгийн ахлах багш хоёр биднийг угтан авч хүйтэн уух зүйлээр дайлсан нь тун тааламжтай санагдаж байлаа. Ийнхүү бидний тус, тусын байрлах өрөөг заан өгч төд удалгүй ахлах багшаар удирдуулан бид хоёрын ч ажил эхэллээ.
ЭНД ЗӨВХӨН АМРААД ЗОГСОХГҮЙ ОЛОН ШИНЭ ЗҮЙЛИЙГ МЭДЭЖ АВНА
Хамгийн эхэнд таалагдсан зүйл бол зуслангийн байршил буюу хүрээлэн буй орчин. Эргэн тойрон ой модтой бөгөөд тэр дундаа Нарс мод ихтэй. Зуслангийн байрнуудаас 100 орчим метрийн цаана ойн цоорхойд гоёмсог усан оргилуур байдаг. Шөнө болохоор олон өнгөөр асах гэрлүүд усны хоржигнох дуу, ой модны үнэр, цэлмэг тэнгэртэй нийлээд үнэхээр сайхан харагддаг.
Нарс зусланд очсоноор чи зөвхөн амраад зогсохгүй олон, олон шинэ зүйлийг танин мэдэж, суралцах боломжтой. Зургадугаар ээлжийн хувьд нийт 5 төрлийн дугуйлан хичээллүүлж байгаа аж. Эдгээрт харилцаа, спорт, гар урлал, Англи хэл, урлаг гэсэн дугуйлангууд багтана. Амрагч хүүхэд бүр өөрийн сонирхсон дугуйландаа элсэх боломжтой бөгөөд 6 хоногийн туршид шинэ зүйл сураад зуслангийн сүүлийн өдөр болох долоо дахь өдрөө бусад хүүхдүүд, багш ажилчиддаа тайлангаа тавьдаг.
Барилгын зохион байгуулалтын хувьд бас л тун сонирхолтой. Нийт 6 бүлэг байх бөгөөд тэдгээр нь хоёр, хоёроороо хоорондоо нэг том танхимаар холбогдсон байдаг. Энэхүү танхимуудад дээр дурдсан дугуйлангууд хичээллэдэг. Нийт гурван том танхим байх бөгөөд нэгэнд нь шатар даам, нөгөөд нь ширээний теннис тоглож болдог харин хамгийн сүүлийн танхимд нь кино театр байдаг. Кино театр нь бидний үйлчлүүлдэг кино театраас хэмжээгээрээ л бага болохоос биш бусад зүйлээрээ дутахааргүй. Хөшиг, хаалгаа хаагаад харанхуй орчин бүрдүүлж байгаад том дэлгэцээр хүссэн киногоо үзэх боломжтой. Нэг үгээр бол home theater буюу гэрийн театр л гэсэн үг.
Зусланд өнгөрөөх долоо хоногийн өдөр бүрд зориулсан өөр, өөр арга хэмжээтэй. Арга хэмжээ бүрийг хүүхдүүдтэй тулж харьцдаг зуслангийн багш нар боловсруулдаг учраас амрагчиддаа яг тохирсон, аль болох сонирхолтой байлгахыг хичээдэг нь харагдсан. Эдгээрээс миний хувьд хамгийн их таалагдсан нь "аяллын өдөр" буюу зуслангийн 4 дэх өдөр зохиогддог арга хэмжээ байлаа. Энэ өдөр 14 болон түүнээс дээш насны хүүхдүүд нэг хоногийг багш нарын хамтаар зуслангаас холгүйхэн байх отогт очих бөгөөд өөрсдийн гараар цайгаа чанаж, хоолоо хийж нэгэн үдшийг оддын дор майханд өнгөрөөн өглөө нь зусландаа буцан ирцгээдэг. Гурван танхимаас гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөгийн талбайтай.
Зусланд очсон эхний хэдэн цаг тэр дорхноо өнгөрлөө. Харин одоо өдрийн хоолны цаг. Хоолны хувьд амт чанар үнэхээр гологдох зүйлгүй. Хоолны залны хажууд дэлгүүр байдаг. Гэхдээ дэлгүүрт бэлэн гоймон гэх зэрэг биед хортой зүйлс ерөөсөө зардаггүй нь таалагдаж байлаа. Зуслангийн ажилчид үнэхээр дотно, хүүхэд бүртэй маш дотно харьцдаг учраас тэр дорхноо л дасчихав.
ХОЁРДУГААР ХЭСЭГ: ЗУСЛАНГИЙН АМРАГЧИД
Зуслангийн амрагчдын талаар дурдахгүй байхын аргагүй. Учир нь Нарс зусланд зөвхөн Монгол хүүхдүүд бус Өвөр Монголоос бүр тэртээ холын Австрали улсаас ч амрагчид ирдэг. Ерөнхийдөө 6-18 насны буюу ЕБС-ын сурагчид хамрагддаг. Анх би очихдоо зургаа, долоохон настай хүүхдүүд бүтэн нэг долоо хоногийн турш ээж, ааваасаа хол яаж "барна" даа л гэж санаа зовж байлаа. Гэтэл энд амарч байгаа 120 гаруй хүүхдүүд өнөр өтгөн нэг гэр бүл л гэсэн үг. Мөн нийтдээ 6 туслах болон 6 үндсэн гээд нийт 12 багштай.
Зуслангийн энэ ээлжид нийт 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллагаа байгаа гэхээр амрагчидад нь тав тухтай байхаас аргагүй. Мөн Өвөр Монголоос нийт 70 гаруй хүүхэд ирсэн нь зусланг улам л илүү сонирхолтой болгож байлаа. Нарс зуслан нийтдээ 6-8 ээлж хүлээн авдаг бөгөөд нэг ээлжид 250 орчим хүүхдийг хүлээн авах чадалтай. Иймдээ ч Монголын томоохон зуслангуудын нэгт яах аргагүй тооцогддог.
ГУРАВДУГААР ХЭСЭГ: ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ
Энэ мэтээр нэг хоног тун сонирхолтой өнгөрлөө. Бид зуслангийн бүхий л үйл ажиллагаанд амрагчийн хувиар оролцож байсан маань зуслангийн үйл ажиллагааны талаар илүү бодит мэдээллийг олж авахад дөхөм болж байв. Бас нэгэн сайшаалтай зүйл нь Нарс зуслан өдөр бүр тогтсон хөтөлбөртэй ч өдрийн хоолны дараа чөлөөт цаг гаргаж өгсөн байдаг. Энэ хугацаанд амрах хүсэлтэй хүүхдүүд нь амарч бусад нь тус тусын хийхийг хүссэн зүйлсээ хийдэг. Зуслан гэдэг нэг утгаараа олон зүйл сургах ёстой ч амрагч хүүхдээ ядраахгүй байх ёстой шүү дээ. Энэ утгаараа Нарс зуслан хөтөлбөр, амралтыг хослуулж чадсан нь тун зөв зүйл санагдаж байлаа.
Зуслангийн сүүлийн орой амрагч бүр өөрт таалагддаг охин/хөвгүүн эсвэл талархаж явдаг багшдаа, жолооч ах, тогооч эгчдээ гээд хүссэн хүндээ захиа бичдэг бөгөөд үүнийг нь хамгийн сүүлийн өдөр болдог хаалтын арга хэмжээн дээр эзэн бүрт нь гардуулдаг уламжлалтай гэнэ. Үүнээс гадна өмөх өдрүүдэд нь олон төрлийн спортын тэмцээн, урлагийн наадам, шатар даамны тэмцээнүүд зохиогдсон бөгөөд эдгээрийн шагналыг мөн л хаалтын арга хэмжээн дээр зуслангийн нийт амрагчдын өмнө хүндэтгэлтэйгээр гардуулдагаа ахлах багш бидэнд сонирхуулсан юм. Ийнхүү зуслангийн хаалтын ажиллагаа эхэллээ...
Тайлан, хөгжөөнт тоглоом, шагнал гардуулах ёслол, захидлуудыг эздэд нь гардуулж өгсний дараа диско эхэлнэ. Уг дисконд зөвхөн амрагчид бус тогооч эгч нар бүжиглэж, жолооч ах ая дуу өргөн барьж байв. Долоо хоног бус хоёрхон өдрийг өнгөрөөсөн миний бие хүртэл энэ зусланд дасжээ.
Үүний дараа сүүлчийн оройн тойргоо баяр гуниг хослуулан хийж дуусгалаа. Өвөр Монгол хүүхдүүд дараа өдөр нь зуслангаас явах хуваарьтай байсан тул Монгол найзуудтайгаа салах ёс гүйцэтгэн тэврэлдэнэ. Бүгд л гунигтай харагдах бөгөөд дотно болсон багш, найз нартаа хоргодон уйлах нэг нь ч харагдаж байлаа. Нарс зулсан гэр шиг тавтай тухтай, элгэмсэг гунигийн нулимс гэрчилж байх шиг санагдав.
Төгсөв.
Нарс зуслангийн Фэйсбүүк хуудас.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх