Англи хэлийг системтэй сурахад туслах зөвлөгөө


Үжин | YOLO.MN
2017-12-08

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс сэтгүүлчдийг чадавхжуулах цуврал сургалтынхаа хоёр дахь удаагийнхыг өчигдөр зохион байгууллаа.
Хоёр дахь удаагийн сургалтыг Сангийн дэд сайд Х.Булгантуяа удирдан явуулсан бөгөөд тэрбээр гадаадад тэтгэлгээр болон хөнгөлөлттэй суралцах арга зам, гадаад хэлийг амжилттай сурахад туслах зөвлөгөөг өгсөн юм.

Х.Булгантуяа дунд сургуульд байхдаа Австрали улсад суралцаж, МУИС-д суралцаж байгаад Засгийн газрын тэтгэлгээр БНХАУ-ын топ сургуулиудын нэг Дундад Хятадын Шинжлэх ухааны их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Мөн боловсролын чансаагаараа Харвардын дараа жагсдаг, эцэг хүү Ерөнхийлөгч асан Буш, Ерөнхийлөгч асан Билл Клинтон болон Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон нарын төгссөн АНУ-ын Ейлийн их сургуульд Олон улсын болон Хөгжлийн эдийн засгаар магистр хамгаалжээ.

Тэрбээр БНХАУ-д суралцаж байхдаа англи хэлний багш хийдэг байсан бөгөөд Японд жил гаруйн хугацаанд энэ хэлийг заажээ. Салбартаа үнэлэгдсэн, англи, хятад, япон хэлтэй түүний хэл сурахад баримталдаг аргуудаас сонирхуулж байна.

1. ЗӨВ ДУУДАЖ СУРАХ

Хэл сурч буй хүмүүс үгээ зөв, буруу дуудчих болов уу гэж санаа их зовдог. Гэтэл Энэтхэг, Австрали, Америк, Англи дуудлага өөр өөр мөртлөө ойлголцоод л байдаг. Тиймээс буруу унших вий гэж эмээх хэрэггүй. Гол нь зөв дуудаж сурахын тулд авиа зүй буюу дуудлага дээр анхаарах шаардлагатай.

Үгийн ард хаалтад байдаг phonetics буюу дуудлагыг хүмүүс тэр бүр ач холбогдол өгдөггүй. Тэгвэл үүнд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай аж. Үүнийг мэддэг хүн зөв дуудна, зөв дуудаж байна гэдэг сонсоод ойлгож чадна гэсэн үг.

"Монголчуудад гаргаж чаддаггүй авиа гэж бараг байхгүй. Хятад, Япончууд гэхэд дуудаж чаддаггүй авианууд байдаг. Түүнээсээ болоод ойролцоо дуудлагатай үгнүүдийг андуурах тохиолдол бий. Гэтэл манайханд бол ийн хүндрэл бараг байхгүй" гэдгийг тэрбээр хэлж байв.

Дуудлагаа сайжруулахын тулд phonetics-ийг судалж, youtube дээрх энэ талаарх хичээлийг сайн үзэх хэрэгтэй. Мөн англи хэлний амны хайрцаг их шаарддаг учраас сайн дуудлагатай хүмүүсийн амны хайрцгийг сайтар ажиглаж, хэрхэн дуудаж байгааг сурах боломжтой байдаг аж. Тиймээс үүнд цаг зарцуулах хэрэгтэй гэдгийг тэрбээр зөвлөсөн.

2. ШИНЭ ҮГИЙГ ИНГЭЖ ЦЭЭЖЛЭЭРЭЙ

- Дуудлагыг нь бичих
- Жишээ өгүүлбэр бичих
- Угтвар, дагавартай нь бичих,
- Ижил утгатай өөрийн мэддэг үгээ санах,
- Эсрэг утгатай өөрийн мэддэг үгээ санах,
- Ижил, ойролцоо дуудлагатай өөрийн мэддэг үгээ санах гэсэн зарчмын дагуу цээжлэх хэрэгтэй. Ингэснээр тухайн үгийг зөв цээжлэхээс гадна үгийн сангаасаа эргэн санах, хэрэглээг илүү ойртуулдаг юм байна.

3. ҮГИЙН САНГАА НЭМЭХИЙН ТУЛД

- Өдөрт 20 үг цээжлэх,
- Өгүүлбэр, өгүүлбэрээр нь цээжлэх. Ингэснээр ярианд ашиглахдаа бодохгүйгээр ашиглах чадвартай болдог байна.
- Байнга сонсох. Гэхдээ дуунаас илүүтэй мэдээ, нэвтрүүлэг үзэх хэрэгтэй.
- Шинэ үгээ хаа сайгүй бичээд харж байх,
- Эхний 6 өдөр цээжлээд, ням гарагт өөрийгөө шалгаж байх. Энэ өдрийг зургаан өдрийн турш цээжлэх гээд чадаагүй үгсээ нэгтгэн цээжлэх өдөр болгох.
- Өдөр бүр өдрийн тэмдэглэл хөтлөх. Энэ нь өөрийгөө хэрхэн өсөж дэвшиж байгааг харах нэг арга байдаг аж. Өдрийн тэмдэглэл бичихдээ өөр өөр зүйлийн талаар бичихийг оролдоорой.
- Орчин бүрдүүлэх. Өөртэйгөө ижил, эсвэл дээд түвшний хүмүүстэй цаг гарган уулзах. Хоол хийх зуураа англи хэлтэй сувгууд дээр телевизээ тааруулах гэх мэтчилэн аргуудыг хэрэглэж болно.

4. SYNONYMS VS CONNOTATION

Ойролцоо утгатай үгнүүдэд анхаарал хандуулах шаардлагатай. Учир нь монгол хэлэнд байдаг доромж үгтэй адил тул харилцааны явцад сөрөг үр дагавар гарч болзошгүй байдаг аж. Жишээлбэл, stingy, economical гэдэг үгс адилхан л хэмнэлттэй гэсэн утгатай мэт боловч stingy нь нарийндаа хатсан, economical нь эдийн засагт хэмнэлттэй гэсэн үг аж. Энэ мэтчилэн адилхан мэт боловч нэг нь эерэг, нөгөө нь сөрөг утга агуулж байдаг үсгийн ялгааг олж харах нь чухал аж.

"Айх хэрэггүй. Дадлага сургуулилт л төгс зүйлийг хийх эхлэл нь болдог" гэдгийг тэрбээр хэлсэн юм. 

#Language #Learning #Advice #Teenagers