-НАРС зуслангаас хийсэн тэмдэглэл-
Зуны хамгийн сайхан зүйлсийн нэг бол найз нөхөдтэйгээ хамтдаа "Зуслан" явж цагаа үр бүтээлтэй мөн хөгжилтэй өнгөрөөх билээ. Тиймээс та бүхэндээ "Нарс" хүүхдийн зуслангийн амрагч хүүхдүүдтэй ярилцсанаа хүргэж байна.
"Нарс" хүүхдийн зусланд мөн Өвөр Монгол хүүхдүүд амарч байгаа бөгөөд тэд үнэхээр сэтгэл хангалуун, Ар Монгол хүүхдүүдтэйгээ сайн найзууд болж чадсан билээ.
Бат-Оргил / Мөнхцэцэг
Бат-Оргил / Мөнхцэцэг
Нарс зуслангийн амрагч Бат-Оргил:
YOLO: Зусланд амарч буй сэтгэгдэлээсээ хуваалцаач?
- Зусланд амрах их гоё бас хөгжилтэй. Олон найз нөхөдтэй болж чаддаг. Мөн биеэ дааж сурдаг. Хэрвээ би хотод гэртээ байсан бол ээж аав маань хоол хийгээд л өгнө. Тэгээд л би тэдний гарийг л харж сууна шүү дээ. Харин энд бол өглөө эртлэн босож өөрийнхөө хамаг зүйлийг хийх шаардлагатай болдог. Үнэхээр сайн төлөвшүүлдэг. Манайх мөн маш олон гоё клубуудтэй. Үнэхээр хөгжилтэй.
YOLO: Ямар ямар клубуудтэй вэ?
- Урлаг, Гар урлал, Англи хэл, Спорт, Харилцааны клубуудтэй. Эдгээр клубууд нь бидэнд маш их зүйл зааж өгдөг.
Нарс зуслангийн амрагч Мөнхцэцэг:
YOLO: Зуслангийнхаа талаар уншигч хүүхдүүдэд маань сонирхуулаач:
- Би энэ зусланд анх удаа амарч байна. Өмнө амарсан зуслангуудаас байгаль орчин, багш нар болон бусад бүх зүйлс нь илүү их таалагдсан. Мөн манай зуслан их хөгжилтэй байдаг. Бусад зуслангууд нэг бол маш их хөтөлбөртэй аль эсвэл ямар ч хөтөлбөргүй байдаг. Харин "Нарс" зуслан маань бүгдийг хослуулсан гэж хэлж болно. Хөтөлбөртэй мөн чөлөөт цагтай. Хөтөлбөрүүд нь үнэхээр хөгжилтэй шүү. Бас хоол нь их амттай байдаг учир энэ зуслан надад маш их таалагдсан.
Идэр / Анужин
Идэр / Анужин
Нарс зуслангийн амрагч Идэр:
YOLO: Хамгийн гоё тэмцээн уралдаан чиний хувьд юу вэ?
- Урлаг болон Спортын тэмцээнүүд маш сонирхолтой гоё болдог. Бид хоорондоо өрсөлдөөд л үнэхээр сонирхолтой. Жишээлбэл урлагийн тэмцээн дээр хүүхдүүд авьяасаа үзүүлдэг бол спортын тэмцээн дээр үнэхээр хүчтэй өрсөлдөөн болдог.
Нарс зуслангийн амрагч Анужин:
YOLO: Өвөр Монгол хүүхдүүдтэй хамт амарч байгаа шүү дээ. Хэр сайн ойлголцож байна?
- Ер нь гайгүй сайн ойлголцдог шүү. Тэд Монголоор маш сайн ярьж чаддаг. Гэхдээ зарим үгнийхээ дуудлага өөр байдаг. Гэхдээ үнэхээр сайн ойлголцдог.
YOLO: Тэдгээр хүүхдүүдтэй сайн найзууд болж чадсан уу?
- Тиймээ. Маш сайн найзууд болж чадсан. Үнэхээр нөхөрсөг сайн хүүхдүүд байдаг.
Өвөр Монголоос ирсэн "Нарс" зуслангийн амрагч Шигтгээ болон Судунатай мөн багахан яриа өрнүүлсэн билээ. Мөн Шигтгээ маань "Нарс" зуслангийн шилдэг амрагч хүүхдээр тодорсон шүү.
Шигтгээ / Судуна
Шигтгээ / Судуна
YOLO: Сайн байна уу өөрсдийгөө дэлгэрэнгүй танилцуулаач
Шигтгээ: Сайн байна уу? Би Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн Гол аймгийн Анх Хошуу нутагт төрсөн. Намайг Шигтгээ гэдэг. Би одоо 10-р анги.
Судуна: Би Бүгд Найрамдах дунд ард улсын Гансу мужийн газарт төрсөн. Би одоо 7-р анги.
YOLO: Анх Монгол улсад ирэхэд ямар санагдсан бэ?
Судуна: Маш гоё санагдаж байна. Миний амьдарч буй нутаг оронд ийм сайхан ногоон талбайдаггүй. Үнэхээр сайхан санагдсан.
Шигтгээ: Анх ирэхэд бүх хүмүүс Монголоор ярьж байсан. Үнэхээр сайхан сонсогдсон. Манай тэнд бүх хүмүүс Хятадаар ярьдаг. Монголоор ярьж байхыг сонсоход сэтгэлд үнэхээр сайхан байсан.
YOLO: Амарч буй зуслан чинь ямар санагдаж байна?
Шигтгээ: Тун найрсаг байсан. Багш нар нь хүртэл үнэхээр сайхан зантай надад маш их сайхан санагдсан.
YOLO: Танай нутагт зуслан байдаг уу?
Судуна: Манай нутаг оронд зуслан байдаггүй. Энд үнэхээр сайхан санагдаж байна. Манай орны хүүхдүүд Монгол зусланд ирж амрахыг үнэхээр их хүсдэг.
YOLO: Зуслангийн чинь хамгийн их таалагдаж буй үйл ажиллагаа юу вэ?
Шигтгээ: Урлагийн наадам хамгийн их таалагдсан. Би дуу дуулсан, жүжиг жүжиглэсэн бас бүжиглэсэн. Маш сонирхолтой наадам.
YOLO: Зуслангийн хоол ямар байна вэ?
Шигтгээ: Хоол нь үнэхээр гоё шим тэжээлтэй. Манай тэнд бол өдөр болгон нэг будаа нэг ногоогоо иддэг. Хоол нь маш их таалагдаж байна.
YOLO: Маргааш буцлаа шүү дээ?
Судуна: Маш гунигтай санагдаж байна. Найзуудыгаа үнэхээр санах байх даа.
YOLO: Өвөр Монгол хүүхдүүд ер нь чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?
Шигтгээ: Бид хичээлээ хийж өнгөрөөдөг. Дэмий чөлөөт цаг бараг л байддаггүй. Хааяа нэг хөлбөмбөг тоглодог.
YOLO: Ярилцсанд баярлалаа. Хичээл сурлагад чинь өндөр амжилт хүсье.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх