Эмма Шарлотт Дюэрр Уотсон 1990 оны дөрөвдүгээр сарын 15-нд Францын Парис хотноо мэндэлжээ. Эмма 5 нас хүртлээ Парист амьдарсан ба түүний эцэг эх салсны дараа ээж болон эрэгтэй дүүгийнхээ хамт английн Оксфордшийр рүү нүүжээ.
Тэрээр Оксфорд хотын Dragon School сургуульд 2003 он хүртэл суралцжээ. Эмма 6 настайгаасаа эхлэн жүжигчин болохыг хүсч эхэлсэн тэрээр Stagecoach Theatre Arts нэртэй театрын урлагийн сургуулийн Оксфорд дах салбарт суралцаж дуу дуулах, бүжиглэх, жүжиглэх зэргийгн зах зухаас суралцжээ.
ХАРРИ ПОТТЕРИЙН ЭРИН ҮЕ
Английн зохиолч Жоан Роулингийн 1999 оны бестсэллер зохиолоос сэдэвлэн хийх гэж буй “Харри Поттер ба Философийн чулуу” нэртэй кинонд жүжигчид шалгаруулж авч эхэлжээ. Найман удаагийн шалгаруулалтын дараа Эмма Уотсон, Дэниэл Рэдклифф, Руперт Грийн нар Хермайни Грейнжер, Харри Поттер болон Рон Уизли нарын дүрд тоглохоор сонгогдсон байна.
2001 онд үзэгчдийн хүртээл болсон “Харри Поттер ба Философийн чулуу” Эммагийн хувьд анхны дэлгэцийн уран бүтээл байсан юм. Тус кино 2001 оны хамгийн өндөр орлоготой киногоор тодорч, кино шүүмжлэгчид гол дүрд тоглосон гурвын жүжиглэх авъяасыг магтаж байсан ч тэр дундаас Эммаг илүү онцолж байв. Жилийн дараа Харри Поттер цувралын хоёр дахь анги болох “Харри Поттер ба Нууц өрөө” дэлгэцнээ гарч, энэ удаад ч Эммагийн жүжиглэлтийг томоохон хэвлэл мэдээллүүд онцлон дурьдаж байсан юм.
2004 онд “Харри Поттер ба Азкабаны хоригдол” анги гарахад шүүмжлэгчид Дэниэл Рэдклиффийн жүжиглэлт “модон” байсан ч Эмма Уотсоны гайхалтай жүжиглэлт киног аварлаа хэмээн онцолсон юм.
2005 онд түүний тоглосон “Харри Поттер ба Галт хундага” 2007 онд “Харри Поттер ба Фениксийн бүлгэм” зэрэг ангиуд тус тус нээлтээ хийсэн.
Харри Поттерийн цувралуудад тоглосноороо Эмма 2007 оны байдлаар $12 сая гаруй ам. долларын ашиг олжээ. Тэрээр энэ талаараа дахиж хэзээ ч мөнгөний төлөө кинонд тоглохгүй боллоо хэмээн ярьж байжээ. 2009 оны гуравдугаар сард Эмма Форбс сэтгүүлийн хамгийн үнэ цэнэтэй залуу одуудын жагсаалтын зургадугаарт бичигдсэн бол 2010 оны хоёрдугаар сард Холливудын хамгийн өндөр хөлстэй эмэгтэй уран бүтээлчээр тодорсон юм. 2009 онд тэрээр $23 сая гаруй ам.долларын ашиг олжээ.
“Харри Поттер ба Фениксийн бүлгэм” маш их амжилт дагуулсан ч гол дүрийн гурван жүжигчид тус цувралын сүүлийн ангиудад тоглох эсэхдээ эргэлзэж байжээ. Ингээд 2007 оны 3 сард Эмма Харри Поттерийн сүүлийн ангиудад Хермайнигийн дүрийг дахин амилуулахаар гэрээ байгуулжээ.
Эмма Харри Поттерийн цувралаас өөр кинонд тоглосон нь 2007 оны “Ballet Shoes” кино байсан юм. Мөн 2008 онд нээлтээ хийсэн “The Tale Of Desperaux” хүүхэлдэйн кинонд гүнж Пигийн дууг оруулжээ.
2008 оны 12-р сард Эмма Поттерийн цувралыг дуусгаад их сургуульд сурах хүсэлтэй байгаагаа дурьдсан байна. 2009 оны долдугаар сард “Харри Поттер ба Эрлийз хунтайж” нээлтээ хийсэн бол “Харри Поттер ба Үхлийн бэлэг: 1-р хэсэг” 2010 онд, 2-р хэсэг нь 2011 онд тус тус нээлтээ хийсэн юм.
Харри Поттерийн цувралын дараах Эммагийн анхны дэлгэцийн дүр 2011 онд нээлтээ хийсэн “Мэрилинтэй өнгөрүүлсэн долоо хоног” нэртэй киноны Люсигийн дүр байв.
2012 онд түүний тоглосон “The Perks of Being a Wallflower” кино нээлтээ хийсэн. 2013 онд тэрээр хэд хэдэн хулгайн хэрэг хийсэн 7 өсвөр настнуудын тухай “The Bling Ring”кинонд Алексис Нэйерсийн дүрийг бүтээсэн юм. Тус кино шүүмжлэгчдээс сайн үнэлгээ аваагүй ч бүгд Эммаг дүрээ маш сайн гаргасантай санал нэгджээ. Мөн түүнчлэн тэрээр 2013 онд “This Is The End” инээдмийн кинонд өөрөө өөрийнхөө дүрийг бүтээсэн юм.
2013 онд түүнд Walt Disney компанийн Үнсгэлжин хүүхэлдэйн киноны бүрэн хэмжээний уран сайхны киноны хувилбарт тоглох санал тавьсан ч тэрээр татгалзсан байна.
2014 онд нээлтээ хийсэн “Noah” кинонд Эмма жүжигчин Энтони Хопкинс, Рассел Кроу, Женнифер Конноли нарын хамт тогложээ. 2015 онд түүний тоглосон “The Colony”, “Regression” зэрэг кинонууд дэлгэцнээ гарчээ.
Тэгвэл түүний гол дүрд нь тоглосон “Араатан ба Гоо үзэсгэлэн” киноны нээлт ирэх оны гуравдугаар сарын 17-нд нээлтээ хийх гэж байгаа юм.
2016 оны хоёрдугаар сард Эмма жүжигчний ажлаасаа урт хугацааны завсарлага авч өөрийгөө хөгжүүлэх болон эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хийх ажилдаа илүү их цаг зарцуулахаар шийдсэнээ зарласан юм.
ТҮҮНИЙ АВСАН ШАГНАЛУУД
Анх 2002 онд Young Artist Awards шагнал гардуулах ёслолоос Шилдэг залуу эмэгтэй жүжигчний шагналыг хүртэж байв. Мөн тэрээр Teen Choice Awards, People’s Choice Awards, MTV movie awards зэргээс шагнал хүртэж байсан юм.Түүнчлэн Elle сэтгүүлийн Style Icon, British Fashion Awards-аас Best British Style өргөмжлөлүүдийг тус тус хүртэж байсан байна.
ХУВЦАС ЗАГВАРЫН ЕРТӨНЦӨД...
Тэрээр хамгийн анх Teen Vogue сэтгүүлийн нүүрэнд 15 настайдаа гарч байсан нь тус сэтгүүлийн нүүрийг чимсэн хамгийн залуу од болж тус сэтгүүлийн түүхэнд бичигдсэн юм. 2009 онд Эмма Burberry брендтэй 2009 оны Намар/өвлийн коллекшний сурталчилгаанд хамтран ажиллах болсноо зарласан.
Мөн тус брендийн 2010 оны хавар/зуны сурталчилгаанд дүү Алексийн хамт тоглосон байна. 2011 онд тэрээр Lancфme гоо сайхны брендийн нүүр царай болсон байна. 2009 онд Эмма “People Tree” брендтэй хамтран хаврын хувцасны коллекшний загварын зохион бүтээлцсэн байна.
ТЭР БОЛОВСРОЛДОО АНХААРДАГ БҮСГҮЙ
Ахлах сургуулиа төгссөнийхөө дараа тэрээр Харри Поттерийн сүүлийн ангид тоглох гэж нэг жил зөвхөн жүжигчний ажил дээрээ төвлөрсөн. Тэрээр 2009 онд Америкийн Брауны их сургуульд суралцах болсноо зарласан юм. 2011 онд тэрээр Оксфорд дах Ворчестер Коллежид түр суралцахаар болсон. Ингээд тэрээр 2014 оны тавдугаар сард Брауны их сургуулийг Английн уран зохиол судлалын бакалаврын зэрэгтэй төгссөн.
ТЭР ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭДЭГ
2014 оны долдугаар сард Эмма НҮБ-ын Эмэгтэйчүүдийн сайн дурын элчээр томилогджээ. Тэрээр тус оны есдүгээр сард HeForShe нэртэй кампанит ажил эхлүүлж байгаагаа зарлан үг хэлсэн юм. Тэрээр эрэгтэйчүүдийг жендерийн эрх тэгш байдлыг дэмжихийг уриалсан юм. Мөн түүнчлэн эрэгтэй эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй байж адилхан боломжуудыг хүртэх ёстой, эрчүүдийг үзэн ядах гэсэн ойлголт байхгүй болох ёстой гэж уриалжээ.
Түүнийг үг хэлсний дараа Эммад маш олон сүрдүүлэг ирсэн гэнэ. Тэрээр эдгээр нь намайг миний үзэл бодлоос болиулах санаа байсан ч миний хувьд эсрэгээрээ үйлчилсэн гэсэн байна. 2015 Нобелийн энх тайвны шагналт Малала Юсуфзай Эммагийн хэлсэн үгийг сонсоод өөрийгөө феминист гэж бодох болсноо дурьджээ. Эмма НҮБ-ын сайн дурын элчийн журмаар Уругвайд айлчилж үг хэлсэн юм. Тэрээр Тайм сэтгүүлийн Хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын 26д бичигдсэн билээ. Эмма 2016 онд Our Shared Shelf нэртэй номын клуб нээсэн юм. Тус клубын зорилго нь феминист үзэл бодлыг түгээх юм.
ХУВИЙН АМЬДРАЛ
2006-2007 Эмма рэгбигийн тоглогч Том Дакэртай жил орчим үерхжээ. 2008-2009 Эмма Жей Бэрримор нэртэй санхүүчтэй үерхсэн. Харамсалтай нь Эмма Брауны Их Сургуульд сурахаар явснаар тэдний харилцаа дуусгавар болсон юм. 2011-2013 онд тэрээр Оксфордын оюутан Уилл Адамовичтэй хоёр жилийн турш үерхсэн ч холын зай тэдний хувьд салах шалтгаан болжээ. 2015 онд тэрээр анх “Харри Поттер ба Галт хундага” ангид тоглож байхдаа танилцаж байсан Роберто Агуир хэмээх залуутай үерхэж байжээ.
ТҮҮНИЙ СТИЛЬ, ИМИЖ
Улаан хивсний ёслол зэрэг албан ёсны үйл ажиллагаанууд дээр Эмма мэдээж өөлөхийн аргагүй хээнцэр ганган, маш мэдрэмжтэй хувцасладаг.
Харин энгийн амьдралдаа тэрээр тод, олны анхаарлыг татахуйц хувцас сонгохоосоо илүү даруухан, биед эвтэйхэн хувцас голчлон өмсдөг. Түүний хувцаснуудад хар бараан, тод биш завсрын өнгө голчилдог. Эмма хар скинни өмд, жийнсэн өмд өмсөх дуртай бөгөөд доогуураа ихэвчлэн намхан ултай гутал хослуулан өмсдөг. Эмма гадуураа савхин хүрэм, цув, пальто зэргийг өмсөх дуртай. Үсний засалтын хувьд тэрээр 2010 оны 11 сард эрс өөрчлөлт хийж, үсээ халимаг болгож байсан.
Түүний талаарх сонирхолтой баримтууд
- Түүний аав ээж хоёр хоёулаа хуульч мэргэжилтэй
- Түүний бага эрэгтэй дүүг түүний ихэр гэж зарим нь боддог ч Алекс Уотсон 1992 онд төрсөн.
- Харри Поттерийн зураг авалтын үеэр Эмма өдөрт 5 цаг багштай хичээллэдэг байжээ.
- Тэрээр хоккей, теннис, нэтболл зэрэг спортуудад дуртай.
- 10-12 настай байхдаа Эмма Драко Малфойн дүрд тоглодог жүжигчин Том Фелтонд дурласан байсан гэнэ. Тэрээр өглөө зураг авалтан дээр ирэнгүүтээ л тухайн өдөр Том зураг авалтанд орох эсэхийг шалгадаг байж. Харин Том түүнд дүү шигээ л ханддаг байсан гэнэ.
- Эмма орой болгон өдрийн тэмдэглэгээ бичдэг. Тэрээр одоогийн байдлаар 30 гаруй дэвтэр дуусгаад байгаа гэнэ.
- Тэрээр ном унших дуртай.
- Эмма Headington School-д суралцах хугацаандаа сургуулийнхаа хоккейн багт тоглодог байсан байна.
- Түүнийг Хермайнигийн дүрд шалгуулж байхад зохиолч Жоан Роулинг түүнийг Хермайнигийн дүрд яг тохирно хэмээн үзсэн гэдэг.
- Түүнийг анх Америкийн их сургуульд сурна гэхэд бүгд гайхаж байсан юм. Энэ талаар тэрээр Америкийн их сургуулиудад олон төрлийн хичээлүүдээс сонгон үзэж болдог хэмээн ярьсан юм.
- Түүний дуртай ТВ шоунууд бол “Friends”, “Girls”, “House of Cards”, “America’s next top model”, “Mad Men”.
- Эммагийн үсний төрөлхийн өнгө шаргал.
- Түүний дуртай дуучид бол Жастин Тимберлейк, Аланис Мориссетт нар.
- Тэрээр Бабблс болон Домино гэсэн хоёр мууртай.
- 2013 онд тэрээр Иогийн багш болох сургалтанд суусан ба сургалтын явцад Эмма долоо хоног бясалгаж, хэнтэй ч, юу ч яриагүй байна. Энэ нь өөрөө өөрийгөө олоход тусалдаг гэнэ.
- Тэрээр цайвар цэнхэр, цагаан өнгөнд дуртай.
- Харри Поттерийн номнуудаас түүнд “Харри Поттер ба Азкабаны хоригдол” таалагддаг.
- Эмма болон “America’s next top model” шоуны ялагч Софи Самнэр нар найзууд. Тэд бүр нэг өрөөнд хамт амьдарч байжээ.
- Түүний дуртай жүжигчид бол Рассел Кроу, Жонни Депп нар юм.
- Тэрээр 165 см өндөр.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх