Монгол залуус маань хэдийн олон улсад нэрээ гаргаж эхэлсэн билээ. Монгол гэх нэрийг ертөнцийн чихэнд дуурсгаж яваа залуусын маань нэг О. Эрхэстэй уулзаж ярилцлаа. Тэрээр "Сакура шинжлэх ухааны сурагч солилцооны хөтөлбөр"-т Монголоос хамрагдсан хоёр хүүхдийн нэгээр шалгарч Мандах нарны орон хэмээн нэрлэгддэг Арлын Япон орны индэр дээрээс ОУ-н илтгэл хэлэлцүүлжээ. Ингээд О.Эрхэстэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
YOLO: Сайн байна уу? Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?
- Сайн байцгаана уу? Намайг О.Эрхэс гэдэг. Би Чингэлтэй дүүргийн 50-р сургуулийн 12-р ангид суралцдаг.
YOLO: Саяхан "Сакура шинжлэх ухааны сурагч солилцооны хөтөлбөр"-т хамрагдаад ирсэн. Энэ талаараа сонирхуулаач?
- Энэ сурагч солилцооны хөтөлбөрт Лаос, Энэтхэг, Монгол хэмээх гурван улс хамрагдсан. Гурван улсын хөтөлбөр дээр тухайн тус тусын улсынхаа онцлог, ялгарах давуу талыг илэрхийлсэн илтгэлийг дэлгэцээр харуулан Англи хэлээр хэлэлцүүлсэн. Илтгэлийн хугацаа маш богинохон байсан учир Монголынхоо талаар өргөн ойлголт өгч чадаагүй ч ерөнхий мэдэгдэхүүнийг олгож чадсан.
YOLO: Хилийн чанадад гараад ирсэн хүмүүс Монгол улсын хөгжил ямар байгаа талаар их ойлголттой болоод ирдэг шүү дээ. Япон улс, Монгол улсын хөгжлийн ялгаа яг юундаа оршино вэ?
- Монгол улс одоогийн байдлаар Япон улсаас 40, 50 орчим жилийн хойно явж байна. Өөрөөр хэлбэл 40, 50 жилийн өмнө Япон улс өнөөгийн Монгол шиг байсан гэж ойлгож болно.
Энэ олон жилийн хоцрогдолтой явж байгаа шалтгаан нь Монгол хүн болоод Япон хүний сэтгэл зүйн, харилцааны соёлын ялгаанаас үүдэлтэй юм болов уу гэж бодож байна. Монгол одоогийн байдлаар ядуу байна гэхдээ 40, 50 жилийн өмнө ч Япон ийм л байсан.
Тэр үедээ тэд нэгэндээ тусалж өнөөгийн өндөрлөгт хүрсэн. Монголчуудад ч тийм боломж байгаа. Гэхдээ миний үеийнхэн, ахмадууд маань, залуус маань ер нь монголчууд бүгд үндсэрхэг үзэлтэй болчихсон. Японд хүмүүс нь Япон биш эсэх байх тийм ч чухал биш тэд нэгдэж чаддаг. Улсаа хөгжүүлэх сэтгэл нь Япон хүний дотроос нь гарч ирдэг. Уг бодлоо бодоод явах тууштай хэрэгжүүлж ирснээрээ Япон улс ингэж хөгжсөн байх гэж бодож байна даа.
YOLO: Хөгжлийн ялгаа их байна. Тэгвэл тэр хөгжил сайтай оронд үлдчих юмсан гэсэн бодол төрсөн үү?
- Би өмнө нь хилийн дээс алхаж байгаагүй учраас анх очиход маш цэвэр цэмцгэр тохилог орчинд орчихлоо доо хэмээн бодож "Монголоос маань огт өөр юм байна. Би энд амьдардаг бол ямар сайхан бэ?" гэх бодол төрсөн.
Гэхдээ Монгол улс маань ийм биш ч гэсэн би ийм болгоод Монголдоо амьдрах ёстой гэсэн сэтгэгдэл дараа нь төрсөн. Монголдоо ирээд тэр бүх сайн сайхан зүйлсийг бий болгоод Монголдоо амьдрах хэрэгтэй юм байна лээ.
YOLO: Монгол хүн Япон хүний хоорондын ялгааг ярилаа. Ялгаа нь яг юун дээр харагдсан бэ?
- Би Японд очоод нэг удаа шөнө төөрөөд зочид буудлаа олдоггүй. Тэгээд хүнээс зочид буудлаа асуутал зүгээр заагаад өгөх биш бүр дагуулаад зочид буудалд маань хүргэж өгсөн.
Мөн үйлчилгээний байгууллагынх нь ажилчид үйлчлүүлэгчидтэйгээ эелдэг боловсон харьцаж байнга хүндэтгэн ёсолдог. Гаалийн ажилчид нь гэсэн үргэлж инээмсэглэн угтдаг.
Монголдоо ирээд гадаад паспортаа өгөхөд урдаас маш их стрессийг өгсөн. Японд үргэлж инээмсэглэсэн хүмүүсийн дунд явж ирэхэд урдаа паспортыг маань ууртайгаар өгч муухай аашлах тэр үед л би Японд биш Монголд байгаагаа ойлгосон.
YOLO: Монгол залуус маань гадаадад суурьшин иргэншиж амьдрах хүсэл сонирхол ихтэй болсон шүү дээ. Энэ талаар өөрийн чинь үзэл бодол?
- Тэтгэлгээр сургуульд сурдаг мундаг залуус их байна. Гэвч гадаадад очоод гадаад орны соёлд дурлаад буцаж ирдэггүй нь хамгийн муу зүйл болоод хувирчихсан.
Хэрвээ тэр залуус маань гадаадад сурчихаад монголдоо ирж хийж бүтээдэг бол Монгол улс маань хөгжих боломжтой. Гадаадад амьдарч байгаа хүмүүс ч гэсэн Монголынхоо цалинг голоод явдаг. Очоод хийдэг ажил хар бол хэцүү ажлууд байдаг.
Уул нь гадны улсууд эх орондоо хамгийн чадварлаг хүмүүсээ ажиллуулж гадаад руу чадвар багатайгаа явуулдаг бол Монголчууд хамгийн чадварлагаа гадаадад ажиллуулаад чадвар муутай нь монголдоо ажиллаад байгаа юм шиг сэдэл төрүүлчихсэн.
Гадаадад суралцахаар очоод тэндээ үлдсэн хүмүүс өөрийн суурь төлөвшилдөө Монгол гэдэг сэтгэхүйг сайн тусгаагүй учраас тэндээ үлдэх тохиолдол ихсээд байгаа. Гэхдээ залуус маань монголдоо ирээд улсаа ямар ч улсаас дутахааргүй хөгжүүлж чадна байх.
YOLO: Өөрөө хэдэн хэлийг сонирхон судалж суралцаж байгаа вэ?
- Би Монгол хэлээ ч төгс эзэмшиж дуусах арай болоогүй. Амьдрах явцдаа ч монгол хэлээ сурч судалж явна. 10 жилийн өмнө Англи хэл сурах шаардлагатай гэдэг байсан бол одоо Англи хэлийг заавал сур нэмээд нэг хэлийг сурах шаардлагатай гэдэг нийгэм дээр ирчихсэн учраас би Англи хэлийн хажуугаар Япон хэл сурч байна.
Япон хэлийг Монгол Японы төвд 2 жил сурч байгаа. Англи хэлийг сургалтын төвд хамрагдан мөн өөрөө шаргуу хичээллэж сурсан.
YOLO: Монгол Японы сургалтын системийн ялгаа юу байна?
- Япон улс Монгол улсын Япон улс нь хөгжлөөрөө илүү ч гэлээ Монгол улс сурагчдад арай илүү мэдлэгийг олгодог юм шиг санагдсан. Монголд 8,9-р ангид заагаад дуусчихсан хичээлийг тэнд 11-р ангид нь зааж байдаг.
Монголд их хэмжээний мэдлэгийг хүүхдүүддээ олгодгийн хажуугаар зарим хүүхдүүд гүйцэж чадалгүй чанартай мэдлэгийг олж авалгүйгээр хоцрогдолд орох сул талтай. Японд бол бага хэмжээний мэдлэлийг тэнэг хүн ч ойлгохоор маш ойлгомжтойгоор бага багаар агуулга нэмж давтан заадаг.
YOLO: Монгол Японы төвийн шилдэг сурагчаар шалгарсан. Энэ талаараа сонирхуулаач?
- Монгол Японы төв маань нэг ангидаа 30 гаруй хүүхэдтэй суралцдаг. Тэр 30 гаруй хүүхдүүд маань хоёр хичээл тутамд нэг шалгалт өгдөг мөн улиралд хоёр удаа их том шалгалт өгдөг. Ингээд шалгалт, идэвх чармайлтын оноогоор ангидаа тэргүүлж шилдэг сурагчаар шалгарч 20%-н тэтгэлэг хүртсэн.
YOLO: Гадаад хэл сурахын ач холбогдол юу юм бол?
- Миний хувьд Япон хэлийг сурч байхдаа Япон соёлыг илүү таньж мэдсэн. Зарим хүүхдүүд гадаадын соёлыг судалж байхдаа Монгол соёлоо гээгдүүлдэг. Гэхдээ Япон Монгол гэсэн хоёр улсын соёлыг харьцуулан судлаад сайныг нь өөртөө тусган авах чадварыг гадаад хэл олгодог. Мөн зөвхөн Англи хэл биш багадаа л 2-3 хэл сурч байж дэлхий дээр ойлголцож амьдрах боломжтой болсон.
YOLO: О. Эрхэс маань Чингэлтэй дүүргийн Хүүхдийн Холбооны дэд тэргүүнээр ажилладаг. Тэгвэл энэ Хүүхдийн холбоо маань яг ямар асуудлыг илүү хөндөж яг юуг хийдэг юм болоо?
- Монголд одоогийн байдлаар 560000-аад хүүхэд байна гэсэн судалгаа бий. Энэ олон суралцагчид маань хөдөө орон нутаг, нийслэлийн 9 дүүрэгт хувваагдан суралцдаг. Бүх хүүхдүүдийн дуу хоолойг төр засаг сонсоод байхгүй.
Иймээс тэдгээр хүүхдүүдийн төлөөлөл сурагчид нэгдэн Хүүхдийн Холбоог байгуулсан. Чингэлтэй дүүргийн Хүүхдийн Холбоонд одоогоос хоёр жилийн өмнөөс дэд тэргүүнээр ажиллаж байгаа. Хүүхдийн яг юу болохгүй юу бүтэхгүй байна гэдэг дуу хоолой нь болох зорилготой байгууллага.
YOLO: Хүүхэд залуусын оролцоо нийгэмд яг ямар хэрэгтэй байна вэ?
- Би саяхан Ялалтын талбай дээр "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг миний оролцоо" сэдвээр илтгэл тавьсан. Уг илтгэл дээр бидний хөрш айл, бидний ойр орчимд буй хүмүүс хүүхдээ зодож хүчирхийлж байгааг бид зүгээр хараад суух биш хаалгыг нь тогшоод хонхыг нь дараад шаардлага тавьдаг, хүүхэд гэж ялгалгүйгээр том хүмүүс бидний үгийг сонсдог байгаасай гэж хүсдэг талаар ярьсан. Томчууд биднийг нэг их зүйл ойлгохгүй мэдэхгүй гэдэг. Гэвч бид маш ихийг мэддэг ойлгодог хүсдэг.
Гэхдээ биднийг томчууд төдийлөн ойлгодоггүй.
YOLO: Сургуулиа төгсөөд Монголдоо сурах уу? Хилийн чанадад сурах бодолтой байгаа юу?
- Би Японд сурах хүсэлтэй байгаа. Гэхдээ Японд сурлаа гээд Японд амьдарна гэсэн үг биш. Японд суралцаад Японы соёлыг, дэвшилтэт технолгийг монголдоо нэвтрүүлж Монголдоо хөрөнгө оруулалт их зорилготойгоор Японд сурах хүсэлтэй байгаа.
YOLO: Монголын ирээдүй болсон үе тэнгийн залуучууддаа хандаж үг хэлээч?
- Монгол гэж омгорхдог ч гэлээ Монгол гэдэг нэрийг дэлхийд танилж чадварлаг боловсон хүчин болж бэлтгэгдэхийн тулд өөрийн хүчил чармайлтыг буруу тал руу биш илүү зөв тал руу оруулж өөрийгөө хөгжүүлээсэй гэж хүсэх байна.
YOLO: Ярилцсанд баярлалаа
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх