Ханиадны эсрэг вакциныг хүний биеийг өвтгөлгүй хийх туршилт амжилттай болсон байна. Эрдэмтэд хэдхэн сантиметр диаметртэй наалтан дээр зуун ширхэг бичил зүү байрлуулсан нь хүний бие рүү ямар ч өвдөлтгүй орж, ханиадны эсрэг вакцины шаардлагатай тунг биед нь оруулдаг аж.
Америкийн Эмори их сургууль, Жоржиягийн Технологийн хүрээлэнгийн эрдэмтдийн бүтээсэн наалт тариа тариулахаас, өвдөхөөс, хатгуулахаас айдаг хүмүүст ханиадны эсрэг вакцинд хамрагдахад тустай юм. Наалтыг хэрэглэхэд амархан бөгөөд биедээ нааж хэсэг байлгахад л ханиадны эсрэг вакцины шаардлагатай тунгаа авчихна хэмээн мэргэжилтнүүд онцолжээ.
Одоо хэрэглэж байгаа ханиадны вакцины адил тус наалтыг заавал хөргүүрт хадгалах шаардлагагүй. Эмийн сангууд худалдаалах боломжтой юм.
Наалтны туршилтад сайн дураараа оролцсон иргэд ямар ч өвдөлтгүй байсныг онцолсон байна. Ханиадны вакциныг тарихад зүү арьсыг нэвтэлж, булчин руу ордог. Харин наалтны бичил зүүнүүд арьсны хамгийн дээд давхаргаас доошоо нэвтэлдэггүй аж.
Наалтыг зохион бүтээсэн багийн ахлах эрдэмтэн Марк Прауснитц тус технологийн эрхийг худалдаж авах гэж буй компанид давхар ажилладаг ба “Микроскопоор танд олон ширхэг, маш жижиг зүүнүүд арьсыг ямар ч өвдөлтгүйгээр нэвтэлж байгаа нь харагдана.” Хэмээн ярьсан байна.
Эрдэмтэд шинэ бүтээлээ жирийн ханиадны вакцины тарилгатай хамтад нь туршиж үзжээ. Туршилтад оролцсон зуун хүн ханиадны эсрэг вакциныг гарын булчиндаа тариулж, нөгөө зуу нь шинэ наалт ашиглажээ.
Сайн дураараа туршилтад оролцогчдын дийлэнх нь наалт ямар ч өвдөлтгүй байсныг онцолсон байна. Заримд нь наалт наасан хэсгийн арьс улайх, загатнах, мэдрэг болох шинж тэмдэг илэрсэн ч хэдэн өдрийн дараа арилсан гэнэ.
Мэргэжилтнүүд энэ бүтээл нь ганц ханиадны эсрэг вакцин ч биш бүх вакцинд ашиглах боломжтойг онцолсон байна. Гэсэн ч тус наалтыг өргөнөөр ашиглах хүртэл олон удаагийн клиникийн туршилтад орох шаардлагатай юм.
Наалтыг хэрэглэснийхээ дараа шууд энгийн хогийн саванд хаяж болох гэнэ. Учир нь наалтан дээр байсан бичил зүүнүүд нь уусан алга болдог аж.
Заавал хөргүүрт хадгалалгүйгээр хэрэглэж болох учраас энэхүү наалтыг хөгжиж буй орнуудад ашиглахад тохиромжтой юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх