ЗАХИДАЛ: Би дүүгээ харсаар залхаж байна


ССҮТөв | YOLO.MN
2017-06-29

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Одоо дүү  маань 2 настай удахгүй дахин нэг дүүтэй болно

Намайг  М... гэдэг. Би юу юунаас илүү нэрэндээ дуртай. Би одоо 12-р ангид орно. Гэртээ эгчийнхээ хүүхдийг хараад нэг жил боллоо. Зуны амралт болсон ч ийшээ тийшээ явж чадахгүй, найзуудтайгаа ч уулзаж болохгүй... Эгч маань ажилтай ба 14/14 ээлжээр ажилладаг. Би хөдөө суманд амьдардаг болохоор чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байхгүй. Хий дэмий л дүүгээ л харж байгаа юм шиг санагдана. Сүүлдээ бүр хичээл хийх сонирхолгүй болсон. Гэрийнхэн маань тоохоо больсон. “Ингэж сурч байхаар хөдөө мал малла” гэж загнана. Би уг нь ангидаа онц сурлагатан, ангийн даргатайгаа хамт суудаг юм л даа. Хичээлээ тараад гэрээ цэвэрлэнэ оройн хоолоо хийнэ. Тэгээд аяга тавгаа угаагаад 20:00 цагаас даалгавраа хийнэ дээ. Интэрнетээр мэдээлэл их авдаг ч гэсэн хэрэгжүүлж чаддаггүй. Өөрийн хүсэл сонирхлоо ойлгохоо болилоо. Уг нь гэр бүлдээ хэлэхээр шийдсэн ч намайг тоохгүй байхыг нь харахаар хааяа гомддог, ямар ч байсан ар гэрээ зовоохгүй, тэтгэлэгтэй сургуульд орно гэж боддог байсан. Гэхдээ одоо дүү  маань 2 настай удахгүй дахин нэг дүүтэй болно. Би хэнз болохоор ээж маань аль хэдийнээ тэтгэвэртэй гарсан. Хааяа хөдөө яваад 2, 3 сар болдог. Аав минь намайг нялх байхад салсан. Одоо надад ямар ч мөнгө өгдөггүй. Би одоогоор аль нэг газар төлөвлөөгүй ч МСҮТ-д сурдаг юм билүү гэж бодож байна. Гэр бүлийн байдлаас болоод их сургуульд орох боломжгүй гэж би ойлгож байна. Надад зөвлөгөө өгөөч. Их урт зүйл бичсэнд уучлаарай, анх удаа ингэж өөрийн бодож явдаг зүйлээ ил гаргаж байна.smiley

ЗӨВЛӨГӨӨ: Байнга ийм байхгүй бас удаан үргэлжлэхгүй гэдгийг ойлгоорой

Сайн байна уу ? Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Мөн захидал илгээсэнд баярлалаа. Асуусан асуултанд нь хариулахаас өмнө хэдэн зүйлийн талаар бодлыг тань сонсмоор байна. Үүнд:
1-рт Чөлөөт цагаа өнгөрүүлэх газар чиний бодлоор хаана бас ямар байвал сайхан бэ?
2-рт Чөлөөт цагаараа юу хийхийг хүсэж байна?
3-рт Тэтгэлгээр сурах ямар ямар боломжийг чи эрж хайж үзсэн бэ?
4-рт Ямар мэргэжилтэй, юу хийдэг хүн болохыг хүсэж байна ? Яагаад

Эхний ээлжинд эдгээр асуултуудыг өөрөөсөө асуугаад дараагийн захидалдаа хариултыг нь явуулбал чамд туслахад хялбар байх болно.

Харин одоо чамд өгөх зөвлөгөө бол:
Юуны өмнө эгчийн чинь ажлыг 14 хоног ажиллаад 14 хоног амардаг мөн эгч чинь удахгүй нярайлах юм байна хэмээн захианаас ойлголоо. Бага насны хүүхэдтэй, мөн бие давхар эгчдээ тусалж байгаа чинь маш сайн хэрэг. Үнэхээр бахархууштай байна. Найзуудтайгаа уулзах, гадуур зугаалах асуудлын хувьд чиний энэ завгүй байдал эгчид чинь маш том тус хүргэж байгаа бөгөөд байнга ийм байхгүй бас удаан үргэлжлэхгүй гэдгийг чи мэдэх хэрэгтэй. Эгчийн чинь бие тэнхэрч дүү чинь ч харьцангүй том болно шүү дээ. Харин ч гэртээ дүүтэйгээ байх хугацаандаа магадгүй дүүгээ өдөр унтсан үед нь хичээлээ эсвэл хийх дуртай зүйлдээ цаг гарган өөрийнхөө анхаарлыг төвлөрүүлэхэд тохиромжтой цаг ч байж болно гэдгийг бодоод үзээрэй. Эцэг эхийн хувьд бол чиний хажууд эгч чинь байгаа болохоор чамайг тоохгүй байгаа хэрэг бус чамайг өөрийнх нь туслалцаагүйгээр эгчийнхээ хажууд биеэ авч явах хангалттай чадвартай, том болсон хэмээн үзэж байж болно. Харин хүсэл сонирхлын хувьд дээр чамаас асуусан 2 болон 4 дүгээр асуултыг дотроо сайн бодоод үзээрэй. Ингээд энэ захидлаа үүгээр дуусгая. Хариу бичихийг тань хүлээж байя. Амжилт хүсье. 
smiley

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн
Сэтгэл судлаач
Б. Энхлэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#your brother #look