Сүүлийн үед манай хүүхэд залуусын зарим нь БНСУ-д боловсрол эзэмших талаар ихэд сонирхох болсон. Тэгвэл бид энэ талаар мэргэжлийн хүний ярилцлагыг хүргэж байна. Тэрээр Монгол хүнд зориулсан солонгос хэлний сурах бичиг бүтээх мөн Солонгос улсад боловсрол эзэмших тал дээр судалгаа хийн ажиллаж байгаа аж. “Нарийн гарц” олон хэл, хэл шинжлэлийн хүрээлэнгийн захирал, Солонгос хэл судлаач, багш Б.Очирбаяртай ярилцлаа.
YOLO: Сүүлийн жилүүдэд хүүхэд залуус Солонгос улсад суралцах тухай сонирхож, тэр хэмжээгээрээ ч суралцах нь ихэссэн. Үүний шалтгаан нь юу вэ?
-Энэ бол дэлхий даяаршиж байгаатай шууд холбоотой юм. Зөвхөн Монгол хүүхэд залуус гэлтгүй дэлхийн бусад улсын залуус чгадаадад суралцахыг эрмэлзэж, дэлхийд өрсөлдөх чадвартай болъё гэсэн хандлагатай болсон. Мөн Монгол хүүхэд залуусын боломж, нөхцөл байдалд хамгийн сайн тохирч байгаа улс бол БНСУ юм. Жишээ нь, суралцагч талаасаа амьдралын өртөгийн хувьд тийм ч өндөр биш, сургалтын төлбөрийн зөрүү бага гэдэг ч юм уу. Улс орон талаас нь яривал, дэлхийн зах зээл өөрөө хүн амын дутагдал гэдэг зүйлд ороод байгаа юм.
Нэг үгээр боловсролын салбартаа зөв маркетинг хийж, аль болох олон залуусыг элсэн суралцуулаад, ажиллах хүч болгох хэрэгтэй гэж үздэг. Тиймээс тэтгэлэгт хөтөлбөрүүд, сургалтын чанар гэх зэрэг эдгээр суралцах таатай нөхцлийг хямд төлбөрөөр бүрдүүлж өгөөд байгаа нь Солонгосын их дээд сургуулиуд чинээлэг байгаадаа биш, маш олон салбарын ажлыг хамарсан бодлого явж байдаг юм.
YOLO: БНСУ болон Монголын их дээд сургуулиуд сургалтын хувьд ямар ялгаатай вэ?
-Монголын их дээд сургуулиудын үйл ажиллагааны хэлбэр нь оюутан төвтэй буюу оюутнаасаа төлбөрөө аваад, үйл ажиллагаагаа явуулах гэсэн зорилттой гэж би хардаг. Энэ нь хүн амын тоотой ч холбоотой байж болох юм. Харин Солонгосын их дээд сургуулиудын хувьд оюутнуудын төлбөрөөс гадна, мэргэжилээ дээшлүүлж буй оюутнууд судалгааны ажил хийж зах зээлд нийлүүлэх нь бас нэг чухал эх үүсвэр, зорилт нь болж өгдөг, үүгээрээ ялгаатай гэж бодож байна.
YOLO: Солонгос улсын их, дээд сургуулиуд анагаахын чиглэлээр оюутан авч байгаа юу?
-Ихэнх анагаахын сургуулиуд дотрын болоод тархины мэс засалч гэх зэрэг нарийн мэргэжлээр гадаад оюутан элсүүлэхгүй журамтай байдаг. Гэтэл манай төвөөс 66 их дээд сургуулийг судлаад үзэхэд зарим сургууль энэ мэргэжлээр элсүүлэн авах тохиолдол ч байна, тэгэхээр сургуулиа маш сайн судлах хэрэгтэй.
Үнэхээр өөрөө чин хүсэлтэйгээр хичээж чадвал 10 сарын дотор ч хангалттай сайжирч чадна
Б.Очирбаяр
YOLO: Залуучуудын хувьд Солонгост суралцахад 2+2 гэх хөтөлбөр бас нэгэн боломж болж өгдөг. Таны хувьд энэхүү хөтөлбөрийн онцлог нь юу вэ?
-Сургуулиудын чиглэлээс хамаараад харилцан адилгүй байдаг. Ерөнхийдөө хэл, соёлд нь суралцаж байгаа нь хамгийн гол онцлог давуу тал болж байгаа юм.
YOLO: Гадаадад суралцах хүсэлтэй хүүхдүүдэд “Бакалаврын сургалтыг эх орондоо эзэмшээд, мэргэжил дээшлүүлэхдээ гадаадад суралцсан нь дээр” гэх үг ихээхэн эргэлзээ болдог. Энэ тал дээр таны бодол?
-Энэ бол эзэмшиж буй мэргэжилтэй шууд хамааралтай. Жишээ нь, миний хувьд Солонгост суралцах боломж байлаа ч би Монголдоо суралцахыг илүүд үздэг юм. Учир нь миний судалж, хийж байгаа ажил маань Монголчуудад зориулсан сурах бичиг, сургалтын хөтөлбөр гэх зэрэг байдаг. Тэгэхээр надад Монголд суралцсан тэр сэтгэлгээ хэрэгтэй гэсэн үг лдээ. Чиний ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдлөөс чинь л хамаарч хаана илүү амжилттай суралцах боломжтой вэ гэдгээ сайн судлах хэрэгтэй. Түүнээс биш Солонгост очоод л шууд амжилтанд хүрчихдэг, онц сурчихдаг гэсэн үг биш юм. Үүнд хувь хүний төлөвшил, хүсэл мөрөөдөл, хичээл зүтгэл чухал ач холбогдолтой.
YOLO: Солонгосын их дээд сургуулиудын хувьд тэтгэлэг олголтоороо дэлхийд тэргүүлж яваа билээ, энэхүү тэтгэлэгүүдийн үндсэн шалгуурууд юу байдаг вэ?
-Хамгийн чухал нь хэлний оноо байдаг. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт нийт 6 түвшинтэй, түүний 3, 4, 5, 6 түвшинд тэнцвэл тэтгэлэгт хамрагдах боломжтой болж эхэлдэг юм. 3-р түвшинд тэнцвэл хэлний бэлтгэлд суухгүйгээр үндсэн ангидаа 30-40%-ийн тэтгэлэг авах, 4-р түвшинд 50-60%-ийн тэтгэлэг авах, 5-р түвшинд 70-90%-ийн тэтгэлэг авах, 6-р түвшинд тэнцвэл 100% тэтгэлэгт хамрагдах тус тусын боломжтой байдаг.
Дараагийн нэгэн чухал зүйл бол сайн дурын ажилд оролцсон байдал их нөлөөлдөг. Өөрийгөө ирээдүйд хөгжих боломжтой, чадвартай, хичээл зүтгэлтэй гэдгийг нотлох хэрэгтэй.
Мэргэжлийн бус 10 хүний үгээс илүү мэргэжлийн нэг хүний өгсөн зөвөлгөө чамд илүү их хэрэг болно
Б.Очирбаяр
YOLO: Солонгос хэлний ямар ч мэдлэггүй хүүхэд, өөрөө маш их хичээгээд хэдий хугацаанд 5-р түвшинд тэнцэх боломжтой вэ?
-Ойролцоогоор 10 сар. Өнгөрсөн онд 10 сарын хугацаанд манай сургалтын төвийн сурагч 5-р түвшинд тэнцсэн тохиолдол ч байна. Үнэхээр өөрөө хичээж чадвал хангалттай боломж байгаа юм.
YOLO: TOPIK буюу Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг хэрхэн өгдөг юм бэ?
-Энэхүү шалгалтыг 6 сард нэг удаа буюу 4-р сард, 11-р сард тус тус авдаг юм. Улаанбаатар хотод явагддаг энэхүү шалгалтыг насны хязгааргүй өгөх боломжтой.
YOLO: Англи хэлний оноотойгоор Солонгосын их дээд сургуульд элсэн суралцах боломжтой байдаг уу?
-Англи хэлээр хичээлээ заадаг сургуулиудад элсэх бол нээлттэй. Гэхдээ ихэнх сургуулиуд нь Солонгос хэлээр хичээлээ заадаг учраас англи хэлний оноотой бол их сургуульдаа элсэн ороод Солонгос хэлний бэлтгэлд суралцаж байж л их сургуульдаа суралцах боломжтой гэсэн үг. Ер нь Солонгос улсын их дээд сургуульд элсэн суралцах, тэтгэлэгт хамрагдах зэрэг дээр үндсэн шалгуур нь Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын оноо байдаг. Харин англи хэлний оноо бол давуу тал болж өгдөг гэсэн үг юм.
YOLO: Хүүхэд залуусийн хувьд Солонгос хэл хамгийн сайнаар суралцах боломж нь тэнд нь хэлний бэлтгэлд суралцах ойлголт байдаг шүү дээ. Мэдээж Солонгос хэлийг эх орондоо, гэртээ суралцах боломжтой, харин суралцах хугацаа, чанарын хувьд ямар ялгаа гардаг юм бол?
-Ер нь бол Солонгос улсад хэлний бэлтгэлд суралцъя гэвэл зөвхөн төлбөртэй хамааралтайгаар дунджаар 14-15 сая төгрөг зарцуулагдаж байдаг. Хямд төлбөртэй сургуулиуд нь 8-10 сая хүртэл байж болно. Үүн дээрээ амжиргааны зардал нэмэгдвэл дунджаар нэг жилийн хэлний бэлтгэлд суралцахад 20 сая төгрөгний зардал юм. Харин түүний оронд дунджаар 2-3 сая төгрөгний зардалтайгаар гэртээ, эх орондоо хэлийг нь сайн сураад шууд үндсэн ангидаа тэтгэлэгтэйгээр суралцах боломж маш өндөр байна.
Ямар нэгэн зүйлд зорилго тавихдаа зөвхөн түүндээ төвлөрөхөөс илүүтэй зорилгодоо хүрэхийн тулд надад юу хэрэгтэй вэ гэдгээ бодоорой
Б.Очирбаяр
Үнэхээр өөрөө чин хүсэлтэйгээр хичээж зүтгэж чадвал, 10 сарын дотор 5-р түвшинд тэнцэх боломжтойг би өмнө нь дурдсан. Тийм учраас энэ тал дээр хүүхэд залуус маань сайн бодож шийдвэрээ гаргаасай гэж хүсч байна.
YOLO: Ярилцлагын төгсгөлд таны хувьд Солонгосын их дээд сургуульд суралцах, Солонгос хэл, соёлд сурах хүсэлтэй хүүхдүүдэд хандаад зөвлөгөө өгвөл?
-Хийх дуртай зүйлээ тодорхойл, хүн бүрийн хувьд хийхийг хүсдэг зүйл гэж байдаг. Тэрхүү хийхийг хүсдэг зүйлээ мэдэхгүй байвал, эрж хайх хэрэгтэй. Яаж вэ гэвэл, олон төрлийн сайн дурын үйл ажиллагаа хийж тасралтгүй оролдож байгаарай. Жишээ нь, эм зүйч болохыг хүсдэг бол ургамал судлах, сагс тоглох дуртай бол NBA тухай судлах гэх мэт. Дараа нь тэрхүү хийх дуртай зүйлээ ном уншин тордож өгөөсэй гэж хүсч байна.
Хүүхдүүд мэргэжлээ сонгох тал дээр их эргэлздэг, тэр бол дуртай зүйлээ мэдэхгүйгээс л шалтгаалдаг гэсэн үг. Тэгэхээр өөрийнхөө хийх дуртай зүйлийг тодорхойлоод түүндээ тууштай байх хэрэгтэй юм. Ямар нэгэн зүйлд зорилго тавихдаа зөвхөн түүндээ төвлөрөхөөс илүүтэй зорилгодоо хүрэхийн тулд надад юу хэрэгтэй вэ гэдгээ бодоорой.
Түүний дараагаар бас нэгэн чухал зүйл бол өөрийнхөө дуртай зүйлийнхээ чиглэлээр мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, уулзаж, оролдлого хийгээрэй. Мэргэжлийн бус 10 хүний үгээс илүү мэргэжлийн нэг хүний өгсөн зөвөлгөө чамд илүү их хэрэг болно.
YOLO: Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх