“Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” хэмээх монголын нэгэн сайхан зүйр цэцэн үг байдаг шүү дээ. Тэгвэл энэ үгийг санагдуулах, сайн дурын ажлыг “Youth Can Help” клубын хүүхдүүд маань санаачлан хийдэг аж. Тэд хараагүй иргэдэд туслах зорилгоор нийгэмд ашиг тустай маш олон үйлийг хийнгээ бие биеэсээ суралцаж, нөхөрсөг хамт олныг бүрдүүлэхийг эрмэлздэг аж.
КЛУБ ҮҮССЭН ТҮҮХ
“Шинэ Эхлэл” лаборатори сургуулийн сурагч, “YCH” сайн дурын клубын ахлагч Ө.Биндэръяа
“Youth Can Help” гэдэг маань “Залуус тусалж чадна” гэсэн утгатай бөгөөд энэ ч утгаараа манайх нийслэл хотын 14-18 насны 9-12-р ангийн сурагчдаас бүрдсэн сайн дурын байгууллага юм. Анх “Ахлах ангийн сурагчдын сайн дурын аян” гэх 500 гаруй гишүүнтэй фейсбүүк группээс хүүхдүүдээ бүрдүүлж 50 гаруй гишүүнтэйгээр энэ оны дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Одоогийн байдлаар нийгэмд ашиг тустай маш олон үйлийг хийнгээ бие биеэсээ суралцдаг, нөхөрсөг хамт олныг бүрдүүлж чадсан. Ихэнхи мэдээллүүд болон хэлэлцүүлгүүд маань цахимаар явагддаг учраас гишүүддээ бие дааж үүрэг даалгавар гүйцэтгэх чадвар болон хувь хүний зохион байгуулалт тал дээрээ боловсрох боломжтой байдаг.
“Сант” сургуулийн 11-р ангийн сурагч, YCH клубын үүсгэн байгуулагч Г.Сумъяабазар
Youth Can Help гээд нэрнээс нь гишүүд зөвхөн сурагч байх хугацаандаа л идэвхтэй байх юм шиг санагдаж магадгүй. Бид анх энэ клубээ байгуулахдаа л холын ирээдүйгээ төсөөлөн бодсон. Үүсгэн байгуулагч болох бид одоо 1~2 жилийн дараа их сургуульд орж, тус тусын амьдралаа хөөнө шүү дээ. Гэсэн ч энэ клубээ доод ангийн дүү нараасаа манлайлал болсон хүүхдүүдэд хариуцуулан өгч, тэдэнд зааж чиглүүлэн, дэмжлэг үзүүлэх болно. Цаашдын зорилго бол ирээдүйдээ нийгэмд байр сууриа олчихсон үедээ энэ клубтээ санхүүгийн тусламж үзүүлэн, гишүүдэд нь гадаадад хэрхэн суралцах талаар мэдээлэл олгож, YCH гэсэн гэр бүл, холбоог байгуулахыг л мөрөөдөж байна даа. Ингэснээр бидний доод үеийнхэн бас гадаадад чанартай боловсрол эзэмшиж, өөрсдийн доод үедээ мөн тэрхүү боломжийг өвлүүлэн, Монгол улсдаа ихийг хийж бүтээх хойч үеэ бэлтгэсээр байна.
ЭНЭ КЛУБД ЭЛСЭХИЙН ДАВУУ ТАЛ ЮУ ВЭ?
Байгаль Эх лицей ахлах сургуулийн 12-р ангийн сурагч П.Сэлэнгэ
Өөрийгөө хөгжүүлэх мэдлэгийн ном хаа сайгүй байдаг л даа. Гэхдээ ямар ч ном хэн нэгнийг болон түүний бусдыг татах чадвар, сүр хүч, нөхөрсөг дулаан чанарыг бодит мэт мэдрүүлж чаддаггүй шүү дээ. Мөн аливаа зүйлийг практикт тулгуурлаж хийж сурах буюу ойлгож авснаар өдөр тутмын амьдралдаа ашигладаг юм. Үүнээс дурьдвал, бусдыгаа гэх сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээ, үр дүнтэй ажиллах зуршил, ажилдаа хандах эв дүй, эерэг итгэл үнэмшил, бусдад үлгэрлэх,манлайлах зэрэг чанаруудыг олж авна.
Түүнээс гадна бие бялдрын хувьд хөгжихөөс үл барам танилын хүрээ тэлэгдэж олон найз нөхөдтэй болно.
Орчлон сургуулийн 9-р ангийн сурагч О.Танан
YCH буюу Youth Can Help клуб маань ахлах ангийн хүсэл эрмэлзэл, зорилго тэмүүллээр дүүрэн сурагчдаас бүрдсэн ба хамтдаа хөгжин дэвшиж, Монгол улсынхаа нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулан, зөв зорилготой, зөв хүн болохыг эрмэлздэг. Ямар ч нийгэмд хүн хүнээ зөв зүйлд уриалан дуудахад хүмүүс бид зөв замаа олж чаддаг гэж би үргэлж итгэдэг учир энэ нийгэмлэгийн нэг хэсэг нь болсондоо баяртай байдаг. Манай клуб нь хүсэл тэмүүлэлтэй, шинийг эрэлхийлсэн хэн бүхэнд нээлттэй гэдгийг хэлэхэд таатай байна.
“Сант” сургуулийн 11-р ангийн сурагч Х.Билгүүнцог
Манай клубын давуу тал нь YCH ийн гишүүд нь сайн дурын ажил хийж бусдад туслахаас гадна бие биенээсээ суралцаж, нэгэндээ тусалж нэгнээсээ тусламж авах нөхцлийг бүрдүүлдэг. Гадаадын их дээд сургуульд ороход сайн дурын ажил хэр зэрэг хийсэн болон TOEFL SAT оноог голчлон харах нь бий.
Брайль болон “Daisy” хүртээмжтэй цахим номын сангийн ажилтан М.Цэнгэл
Манай номын сангаар үйлчлүүлэгч харааны бэрхшээлтэй иргэдийн гол зорилго бол мэдээлэл олж авах байдаг. Сайн дураар ажиллаж байгаа хүүхэд залуус маань хэвлэмэл болон бичмэл материалыг аудио хэлбэр рүү шилжүүлэх, электрон цахим хэлбэрт оруулан мэдээлэл олж авахад нь туслах, MP3, аудио ярьдаг номыг “Daisy” хүртээмжтэй форматанд оруулах гэх мэт үйл ажиллагаа нь Монголын олон зуун харааны бэрхшээлтэй иргэдэд маш том туслалцаа үзүүлж байгаа хэрэг юм.
ЭНЭХҮҮ КЛУБТ ХЭРХЭН ХАМРАГДАЖ БОЛОХ ВЭ?
Тэд клубээ үүсгэх хамгийн эхний алхам бол зөвхөн чөлөөт цагаараа бус, харин зорьж, тусдаа цаг зай гарган сайн дурын ажил хийдэг хүүхдүүдийг цуглуулахад чиглэгджээ. Тийм ч учраас гишүүн шалгаруулахдаа идэвхийг чухалчлан харна гэнэ. Бүртгэлийн хувьд, яг одоо тавдугаар сарын сүүл хүртэл зуны элсэлтийн материалыг албан ёсны фейсбүүк хуудас дээрээ хүлээн авч байгаа аж. Цаашдаа тавдугаар сард зуны, арваннэгдүгээр сард намрын хэмээн хоёр удаа элсэлт авахаар төлөвлөжээ.
Сонирхуулахад, үүнээс гадна тавдугаар сарын 9-нөөс 19-ний хооронд “НОМЫН ДОНОР” гэх ном, сурах бичгийн хандивын аяныг клубын гишүүдийнхээ буюу 10 гаруй сургуулиудад өрнүүлж захын дүүргийн сургуулиудад тараах зорилгоор хэрэгжүүлж байгаа аж. Сонирхсон хүүхэд залуусыг энэхүү үйлд болон дараа дараагийн олон үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалсан юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх