Д.Сугармаа: “Сурах ёстой” гэсэн дарамтыг өөртөө өгөхийн оронд тухайн зүйлдээ дурлаж хий


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2017-04-26

Энэ удаа бид МБҮТ -ийн /Манлайллын Боловсролын Үндэсний Төв/ дэргэдэх +300 клубын гишүүн, Чингэлтэй дүүргийн аварга шалгаруулах уран илтгэлийн тэмцээний хоёр удаагийн аварга, 2016 оны Нийслэлийн шилдэг хүүхэд Д.Сугармаатай ярилцлаа.

YOLO: Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

Нийт уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Д.Сугармаа гэдэг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17-р сургуулийн төгсөх ангид суралцдаг.

YOLO: 2016 оны Нийслэлийн шилдэг хүүхэд хэмээх хүндтэй шагналын эзэн болсонд нь оройтсон ч гэсэн баяр хүргэе!

Маш их баярлалаа. Жил болгон оны сүүлээр Нийслэлийн шилдэг хүүхэд шалгаруулах уралдаан зарлагддаг. Эхлээд сургуульдаа өрсөлдөж шилдэг нь тодорно. Үүний дараа дүүрэгтээ сургууль болгоны шилдэг сурагчидтай өрсөлдөнө. Дараагаар нь 5 номинацид 5 хүүхэд шалгарч нийслэлд өрсөлдөх эрхтэй болдог. Энэ жилийн хувьд би Чингэлтэй дүүргийн “Манлайлагч хүүхэд” болж нийслэлд өрсөлдөх эрхийн эзэн болсон.

YOLO: Ямар ямар шалгуур үзүүлэлтийн үндсэн дээр энэ шагналын эзэн болсон бэ?

Сургууль дээрээ нийгмийн идэвх, тэмцээн уралдааны амжилт, сурлага хөдөлмөрөөрөө өрсөлдсөний дараагаар дүүрэг болоод нийслэлд шагнал урамшуулал, ярилцлага, эссе бичлэг гэх мэт маш олон шалгуур үзүүлэлтэд тэнцсэний эцэст энэ шагналын эзэн болсон.

YOLO: Илтгэх урлаг мэтгэлцээнээр хичээллээд хэр удаж байна вэ?

Илтгэх урлаг мэтгэлцээнээр хичээллэж эхлээд хоёр жил болж байна. 2014 онд хамгийн анхны тэмцээндээ орж байсан. 

Хэчнээн их сандарч байсан ч түүнийгээ нууж чаддаг байх хэрэгтэй

 

                                                                                                Д.Сугармаа

YOLO: Тэмцээний үеэр сандардаг уу. Хэрэв тийм бол сандралаа хэрхэн дардаг вэ?

Мэдээж ямар ч салбарын тэмцээн уралдаанд оролцоход сандрал гэж байдаг. Гэхдээ олон удаагийн тэмцээн, шаргуу бэлтгэл сургуулилтын үндсэн дээр сандрал тодорхой хэмжээгээр багасаж эхэлдэг. Мөн хүн хэчнээн их сандарч байгаа ч түүнийгээ нууж чаддаг чадвартай байх хэрэгтэй.

YOLO: Сугармаа маань чөлөөт цагаа хаана хэрхэн өнгөрүүлдэг вэ?

Би ихэнх цагаа ихэвчлэн нэг газар өнгөрүүлэхийг хичээдэг. Энэ бол МБҮТ-ийн дэргэдэх +300 илтгэх урлаг мэтгэлцээний клуб маань юм. Клуб маань миний хөгжих орчин болж өгдөг. Иймээс би клуб дээрээ ихэнх цагийг өнгөрүүлдэг дээ.

YOLO: Илтгэгч хүн гэж дөрвөлжин ширээг бөөрөнхий гэж итгүүлтэл үнэмшилтэй ярьдаг хүнийг хэлнэ хэмээх ойлголт хүмүүсийн дунд их байдаг. Таны хувьд илтгэгч хүн гэж хэн бэ?

Би илтгэгч хүн гэж хэн нэгэнд ямар нэг зүйлийг бусдад итгүүлдэг хүн гэж ойлгодоггүй. Илтгэгч хүн гэж мэдээж үнэн зүйлийг зөв ярьж чаддаг хүнийг хэлнэ.

YOLO: Хүн болгонд алхам тутамдаа санаж урам авдаг хэлэх дуртай үг гэж бий. Таны хэлэх дуртай үг юу вэ?

“Миний амьдрал миний гарт”

YOLO: Саяхан оролцсон “Сэтгэлийн хүч II” хэмээх цуврал лекцийнхээ тухай яривал?

“Сэтгэлийн хүч I” лекц 2016 онд анх зохион байгуулагдахад зочин илтгэгчээр оролцож байлаа. Бид тухайн лекцийнхээ үндсэн дээр Халдвар судлалын хүүхдийн сүрьеэгийн тасагт номын сан байгуулсан. Саяхан “Сэтгэлийн хүч 2” лекц маань амжилттай зохион байгуулагдлаа. Уг лекцэнд гурван илтгэгч өөр өөрийн илтгэлийг хэлэлцүүлсэн. Миний хувьд илтгэх урлаг намайг хэрхэн өөрчилсөн тухай, илтгэх урлагтай холбоотой олон гайхалтай дурсамжуудаа хуваалцсан.

YOLO: “Илтгэх урлаг” “мэтгэлцээн” хэмээх энэхүү нэр томьёоноос олон хүүхдүүд эмээж өөрийнхөө чадварт эргэлзэж тойрон өнгөрдөг. Эдгээр хүүхдүүдэд хандаж хэлэх үг байна уу?

Хүн өөрийнхөө дуртай зүйлийг хийх нь хамгийн сайхан шүү дээ. Иймээс үүнийг л сурах ёстой гэсэн дарамтыг өөртөө өгөхийн оронд тухайн зүйлдээ хайрлаж дурлаж сурах юм бол олон зүйлийг сурч мэдэж өөртөө төлөвшүүлэн амжилтад хүрэх боломжтой болно. 

YOLO: Ярилцсанд баярлалаа.

#Teenagers #Lecture #Speech