Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Бид жижиг асуудал дээр маргалдаж муудалцдаг.
Сайн байна уу? Би юм асуух гэсэн юм. Би найз залуутайгаа үерхээд тийм ч их удаагүй байгаа юм. Бид жижиг асуудал дээр маргалдаж муудалцдаг. Сүүлдээ салах шахам л болдог. Энийг яаж буцаагаад хэвийн байдалд оруулах вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Ямар ч хосууд үл ойлголцох үе байдаг
Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа. Захиагаа их товчхон бичсэн байна. Жижиг асуудал гэвэл яг ямар асуудал вэ? Та хоёр зөрчил маргаан эхлэх үед яаж ханддаг вэ? шууд уурлаж гомдсон, дургүйцсэн, таалагдахгүй байна гэдгээ илэрхийлдэг үү? Хоёр тал хоёулаа дургүйцлээ илэрхийлдэг үү? Эсвэл нэг нь буулт хийдэг тохиолдол байгаа юу? Та хоёр муудалцсаны дараа хэрхэн буцаад эвлэрдэг вэ? Асуудлаа шууд мартаж орхидог уу? Яагаад маргалдсан талаараа ярилцдаг уу? Хав дараад өнгөрдөг үү?
Ямар ч хосууд үл ойлголцох үе байдаг. Харилцааны эхэн үед маргалдах нь бие биенээ таних, харилцааны дүрмээ тогтоох оролдлого гэж үздэг. Энэ үүднээс бол та хоёр маргалдаж байгаа нь хэвийн зүйл. Гэхдээ мэдээж байнга муудалцаад байж болохгүй. Хосын харилцааг эв нэгдэлтэй болгохын тулд асуудал, үл ойлголцол яагаад бий болоод байна гэдгийг хамтдаа ярилцаж дүгнэлт хийдэг байх нь зөв юм. Энэ нь нэг нэгнээ бас өөрсдийгөө илүү сайн танихад тусалдаг. Ер нь амархан маргалдаад байна гэдэг нь бие биенээ сайн таниагүй, байгаагаар нь хүлээн зөвшөөрөөгүй, харилцааны дүрмээ тогтоогоогүй байгаагийн илрэл.
Мөн хосын харилцаанд нэг нь хичээгээд, асуудлыг ганцаараа зохицуулах гээд яваад байх нь шийдэл болж чаддаггүй. Хоёр тал хоюулаа хичээх хэрэгтэй болдог. Магадгүй та хоёрын нас залуу туршлага багатай учир аливаа зүйлд сэтгэл хөдлөлөөрөө хандаж байж болох юм. Үүнийг өөрчлөхөд цаг хугацаа, туршлага хэрэгтэй болдог. Анхнаасаа бие биедээ юу хүсч байна, хүсэхгүй байна гэдгээ нээлттэй хэлдэг, бие биенийхээ хэрэгцээг нээлттэй сонсож хүлээж авдаг, хүндэлдэг, ойлголцохгүй муудалцах үедээ ч бие биенээ хүндэлдэг харилцааг бий болговол урт удаан эрүүл үргэлжлэх болно. Гол нь нууц нь бие биенээ хүндлэхэд байдаг. Та хоёрт амжилт хүсье.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
М.Анир
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх