Хэрэгтэй мэдээллийг мартах үедээ хүмүүс өөрсдийгөө ихэд буруутгах хандлагатай байдаг. Гэхдээ мартах гэдэг тархины бидэнд бэлэглэсэн хамгийн хэрэгтэй зүйл юм. Учир нь бүх мэдээллийг тархиндаа хадгалж чаддаг байсан бол хүмүүс олон сэтгэцийн бэрхшээлтэй учирж мэдэх байсан. Тиймээс эхлээд мартах гэдэг ухаан муутайн шинж биш харин ч эрүүл байгаагийн шинж гэдгийг ойлгох хэрэгтэй.
Тархины түр зуурын болон урт хугацааны ой тогтоолтыг хариуцдаг хэсэг бол гиппокампус. Энэ хэсгийн учрыг олж чадвал хүссэн мэдээллээ мартаж, мартахгүй байх сонголтыг чөлөөтэй хийх сонголт нээгдэх боломжтой. Тиймээс тархины мэдрэлийн эмч Lisa Genova-ын өгсөн хүссэн мэдээллэ мартахгүй болоход туслах 9 зөвлөгөөг хүргэе.
Анхаарлаа хандуулах
Бид анхаарлаа хандуулсан зүйлээ л сайн тогтоодог. Жишээ нь та нүдний шилээ түр тайлаад нэг газар тавиад 10 секундын дараа хаана тавьснаа мартах магадлал маш өндөр. Учир нь та хаана тавьсандаа анхаарлаа хандуулаагүй, рефлекс юм уу өөр зүйлд анхаарснаас болж мартаж байгаа хэрэг. Тиймээс анхаарлаа хандуулах гэдгийг хүмүүс олон сонссон боловч үнэхээр ой тогтоолтод хэрэгтэй чухал хэсэг юм.
Урт хугацааны ой санамжиндаа оруулахын тулд холбоо үүсгэх
Хүний тархи бусдын нэрийг санахад зориулагдаагүй байдаг. Тиймээс ямар нэг зүйлийг санахын тулд түүнтэй холбоотой зураглал, дүрслэл нэмэх хэрэгтэй. Үүнийг сэтгэл судлалд "Baker Baker paradox" гэж нэрлэдэг. Мөн хэл сурахад ашигладаг түгээмэл арга болох “Mnemonic” арга ч гэж нэрлэдэг.
Жишээ нь хэрвээ хүний нэр “Mr. Baker” бол энэ нь зүгээр нэг нэр шүү дээ. Харин түүнийг талх баригч хүн гурилтай нүүр, урт хормогч, дуртай нарийн боовны газар зэргээр холбож төсөөлвөл тархинд олон мэдрэлийн холбоос үүсэж, Baker нэрийг санах магадлал нэмэгддэг.
Стрессээ зохицуулж сурах
Ялангуяа архаг стресс нь дурсамж үүсэхэд үргэлж сөргөөр нөлөөлдөг. Адерналин болон кортизол гэх мэт стрессийн дааврууд нь ой тогтоолт үүсгэхэд чухал үүрэгтэй тархины гиппокампус гэх хэсгийг чадамжийг багасгадаг. Мөн шинэ мэдрэлийн эсүүд үүсэх явцыг сааруулдаг. Тиймээс йог, бясалгал, mindfulness буюу одоодоо төвлөрч сурах зэрэг дадлууд нь архаг стресстэй хүмүүсийн тархин дахь гиппокампусын хэмжээг сэргээдэг.
Нойроо хангалттай авах
Унтаж байх үед тархи маш идэвхтэйгээр мэдээллийг боловсруулан ажиллаж байдаг. Унтаагүйгээс болж урд тархины хэсэгт байрлах анхаарал төвлөрүүлж, сэтгэн бодоход тусладаг хэсгийн чадамж буурах шалтгаан болдог. Түүнчлэн гиппокампус таны өдрийн турш сурсан мэдлэгийг шөнийн турш бататгаж, урт хугацааны дурсамж болгон хувиргадаг. Хэрвээ та хангалттай унтахгүй бол өчигдрийн мэдлэг бүрэн тогтоогдох боломжгүй юм.
Кафейн тохиромжтой хэмжээнд хэрэглэх
Кафейн нь анхаарал төвлөрүүлэлтийг нэмэгдүүлдэг тул ой тогтоолтод тустай. Гэхдээ нойрны хэмнэлийг алдагдуулахгүй байхаар тохируулж хэрэглэх нь чухал. Учир нь нойр бол дурсамжид зайлшгүй шаардлагатай зүйл. Зөвхөн кофе биш бусад цайнууд хүртэл кафейн агуулдаг гэдгийг санаарай.
Үргэлж давтах
Давтах нь урт хугацааны ой тогтоолтыг бэхжүүлэх гол түлхүүр юм. Та ямар нэг зүйлийг давтаж, дасгал хийж, олон дахин хэлж байх тусам тархины мэдрэлийн холбоосууд илүү бат бөх болон бэхжиж байдаг гэсэн үг. Давтах гэдэг ихэнх хүмүүсд залхуутай дадал мэт боловч өдөр тутамдаа хэвшүүлвэл ой тогтоолтод маш хэрэгтэй зүйл юм.
Тэмдэглэл хөтлөх
Өдрийн тэмдэглэл хөтлөх, хийх зүйлсийн жагсаалт бичих зэрэг нь ой тогтоолтыг тархинд бататгаж өгдөг. Мөн дараа дахин хянаж унших боломжийг олгодог. Тэмдэглэл хөтөлж байгаа нь муу ой санамжтай байна гэсэн үг биш. Онгоцны нисгэгчид онгоц нисгэхдээ ой санамжиндаа найддаггүй үргэлж шалгах хуудас ашигладагтай ижил чухал зүйлсээ тэмдэглэх нь ирээдүйн ой тогтоолтод хэрэгтэй зүйл юм.
Өөрийгөө шалгах, сорих
Өөрийгөө шалгах буюу өөрийн олж авсан мэдлэгээ дурсан санах дадал нь мэдээллийг тогтооход маш үр дүнтэй арга юм. Мэдээллийг хүлээн авах нь нэг чиглэлд мэдээлэл дамжин хүрч байгаа буюу зөвхөн нэг талын л зам юм. Харин үүнийг санах гэж хичээх нь цусны урсгал шиг нөгөө чиглэлд буцаан эргэлдүүлж буй хэрэг юм. Ийм хоёр талын мэдээлэл дамжуулалт нь тухайн мэдээллийг сайн бэхжүүлж чаддаг.
Зүгээр л санахад ойрхон байгаа зүйлээ google-ээс хайх
Хэлний үзүүр дээр гарч ирэх гэж байгаа үгээ санахгүй байх нь хэвийн зүйл. Тиймээс зүгээр л санахад ойрхон зүйлээ Google-ээс хайх нь таны ой санамжийг сулруулах биш сэтгэлгээгээ үргэлжлүүлж суралцах, мэдээлэл тогтоох зэрэгт анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгодог. Ямар нэг зүйлийг мартаж санахгүй байвал зүгээр л сайн хайгаад үзээрэй.
Эх сурвалж: Big think
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!