Таны ажлын хэл юу вэ?


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2025-05-29

Бэлэг өгөх, урмын үгс хэлэх, хамт цагийг өнгөрөөх гээд хувь хүний хайраа илэрхийлэх болон мэдрэх хэлүүдийг бид мэднэ шүү дээ. Тэгвэл үүнтэй адил “Ажлын хэл” гэж мөн байдгийг мэдэх үү?

Ажлын хэл гэдэг нь та ямар нөхцөлд хамгийн их урам авч, үр бүтээлтэй, идэвхтэй ажилладаг вэ гэдгийг илтгэдэг ойлголт юм. Энэ нь таны зан чанар, үнэт зүйлс болон амжилтад хүрэх сэдэлтэй чинь шууд холбоотой. Өөрийн ажлын хэлийг ойлгосноор стресс багасаж, илүү үр бүтээмжтэй, сэтгэл ханамжтай ажиллахад туслах болно. 

Ажлын хэлээ хэрхэн тодорхойлох вэ? Та өөрөөсөө дараах асуултуудыг асуугаад үзээрэй.
Та ганцаараа ажиллах дуртай юу эсвэл баг хамт олонтой ажиллахыг илүүд үздэг үү?
Ачаалал ихтэй үед үр дүнтэй ажилладаг уу эсвэл төгсгөлд нь том шагнал байхад илүү их хичээдэг үү?
Ажлын тань ямар хэсэг танд хамгийн их баяр баясал, сэтгэл ханамжийг өгдөг вэ?

5 төрлийн ажлын хэлний талаар танилцуулъя.

1. Амжилт

Ийм ажлын хэлтэй хүмүүс зорилго тавьж түүндээ хүрэхдээ хамгийн их таашаалыг мэдэрдэг. Тэд асуудал шийдвэрлэх, төвөгтэй даалгавар гүйцэтгэх болон сорилттой тулгарах дуртай.
Ямар нэг зүйлийн төлөө хичээх нь урам өгдөг учраас эдгээр төрлийн хүмүүст зорилгоо жижиг жижиг алхмуудад хувааж, ажлын үйл явцаа хүснэгт хийж хянахыг зөвлөж байна. Мөн том ч бай, жижиг ч бай амжилт бүрээ тэмдэглэж, өөрийгөө урамшуулж байгаарай.

2. Бусдад танигдах

“Үнэхээр сайн ажиллалаа” гэдэг үгийг сонсоод л бүтэн өдөр гэрэлтдэг хүмүүс бий. Хэрвээ танд бусдын үнэлэмж, талархал хамгийн их урам өгдөг бол та энэ төрлийн хүн байна. Ийм ажлын хэлтэй хүмүүст өөрийгөө чухал, үнэ цэнтэй гэдгийг мэдрэх нь чухал байдаг.
Тиймээс менежертэйгээ тогтмол уулзаж, урам зориг, үнэлгээг авч байх нь таны бүтээмжийг дээд түвшинд хүргэнэ. Өөрийн хийсэн зүйлийг бусдад харуулахдаа ч мөн битгий санаа зов.

3. Өсөлт, хөгжил

Шинэ зүйл сурах, чадвараа сайжруулах нь хамгийн том урам болдог уу? Тэгвэл таны ажлын хэл бол өсөлт, хөгжил юм. Ийм төрлийн хүмүүс үргэлжид суралцах дуртай, сорилтоос айдаггүй, шинэ зүйл сурах боломжийг эргэлзэлгүй атгадаг, байнга л өөрийгөө хөгжүүлэх зүйлсийг эрэлхийлдэг хүмүүс байдаг.
Шинэ зүйл сурч байх үедээ та хамгийн их урамтай, бүтээлч байдаг учраас ажлын газрынхаа санал болгодог сургалт, боломжуудыг бүрэн ашиглаарай. Ингэснээр ажилдаа илүү сонирхолтой байхаас гадна кареераа өсгөхөд тань ч тус болно.

4. Хамтын ажиллагаа

Энэ ажлын хэл бол яг л сонсогдож байгаа шигээ бусадтай ажиллах үедээ хамгийн үр бүтээлтэй байдаг хүмүүсийн төрөл юм. Та ажлынхантайгаа хамт суугаад санаа гаргахдаа хамгийн идэвхтэй байдаг уу? Хэрвээ тийм бол та хамтрагч сэтгэлгээтэй хүн байх нь. Эдгээр төрлийн хүмүүс ганцаараа амжилтанд хүрч танигдахаас илүүтэйгээр багийн төсөл нь бүтэхэд илүү сэтгэл хангалуун байдаг. 
Хэрэв та ийм хүн бол санаа оноогоо чөлөөтэй хуваалцаж, бусадтай хамтарч ажиллах орчин бүрдүүлэхийг хичээгээрэй. Ганцаараа хийх юмыг ч бас болж өгвөл хамтдаа хийхийг эрмэлз.

5. Эрх чөлөө

Багаар ажиллагчдаас эсэргээрээ эдгээр төрлийн хүмүүс нь ганцаараа юунд ч баригдахгүйгээр ажиллахдаа хамгийн үр бүтээмжтэй байдаг. Тэд биеэ дааж, өөрийн сонирхлоор ажиллахдаа хамгийн тухтай байдаг. Үүнээсээ болоод өөрийн цагийн хувиараар ажиллах эсвэл гэрээсээ ажиллах сонирхолтой байдаг. 

Хэрэв таны ажлын хэл эрх чөлөө бол менежертэйгээ тохиролцож, өөрийгөө бие даан ажиллах чадвартай гэдгээ батлан харуулахыг зөвлөж байна.


Ажил бол бидний амьдралын томоохон хэсэг байдаг. Ажлын хэл буюу өөрт тохирсон ажиллах хэв маягаа олсноор ажлын бүтээмж нэмэгдэхээс гадна ажилдаа илүү сэтгэл ханамжтай байж, цаашлаад стрессгүй аз жаргалтай амьдрахын түлхүүр болно. 

Эх сурвалж: theeverygirl.com 

 

#ажлын хэл