Сүүлийн жилүүдэд манай улсад воллейбол болон сагсан бөмбөгийн спорт эрчимтэй хөгжиж байгаа билээ. Ирээдүйд мэргэжлийн тамирчин болж дотоодын лиг гэлтгүй гадаадын томоохон лигт тоглох хүсэлтэй хүүхэд, залуус нэмэгдсээр байгаа нь бахархууштай юм. Түүнийг дагаад өдөр бүр бэлтгэлээ урам зоригоор дүүрэн, тууштай хийдэг хүүхдүүд ихэссээр л.
Воллейболын спорт гэдэг хүнээс тэсвэр хатуужил, тууштай зан чанар шаарддаг спорт. Воллейбол тоглосноор бие махбод болон сэтгэл зүйд ямар эерэг ач тусыг өгдөг талаар мэдээлэл хүргэж байна.
ХУРДАН ХАРИУ ҮЙЛДЭЛ ҮЗҮҮЛЭХ ЧАДВАР ХӨГЖИХ
Воллейбол маш хурдтай спорт бөгөөд гар, хөл, нүдний хурдыг сайжруулдаг. Тиймээс аливаа биеийн хөдөлгөөн шаардсан зүйлд тус спортын ачаар хурдан хариу үзүүлдэг болдог байна.
ОРОН ЗАЙН МЭДРЭМЖ ХӨГЖИХ
Гараа харахгүйгээр зөвхөн бөмбөгөө харах хэрнээ зөв байрлалд бөмбөг хүлээн авах гэдэг өндөр түвшний орон зайн мэдрэмж юм. Мөн талбай дээрх тоглогчдын байрлал, эсрэг багийн хөдөлгөөнийг тооцоолж хөдлөх нь биеийн уялдаа холбоог сайжруулан орон зайгаа сайн мэдэрч байгаагийн илрэл. Энэ чадвар хөгжсөнөөр зөвхөн воллейбол гэлтгүй бусап зүйлс дээр ч эерэг талаар ашиглах боломжтой юм.
ХААНА Ч ТОГЛОЖ БОЛНО
Заалнаас гадна өвс, элс гээд ямар ч гадаргуу дээр тоглох боломжтой. Байгаль орчны ялгаа олон эерэг талыг дагуулна. Нэгт өөр өөр орчинд дасан зохицон чадвар сайжирна. Хоёрдугаарт воллейбол тоглох ур чадварыг илүү их хөгжүүлэхэд тустай.
ЗҮРХ СУДАСНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ
Воллейбол нь байнгын гүйх, үсрэх, довтлох зэрэг хөдөлгөөн шаардсан хурдтай төлөвтэй спорт. Ийм тасралтгүй идэвхтэй байдал нь зүрхний цохилтыг нэмэгдүүлж, зүрх судасны хэвийн үйл ажиллагааг сайжруулдаг. Тиймээс воллейболоор тогтмол хичээллэх нь цусны эргэлтийг сайжруулж, зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулах эерэг талтай юм.
СУНГАЛТ БОЛОН ХУРД
Тус спортоор хичээллэгчид бөмбөг рүүгээ хүрэхийн тулд уян хатан, шаламгай байх хэрэгтэй. Доош уналт хийх, хаалт хийх, довтлох зэрэг хөдөлгөөнүүд нь үе мөчний уян хатан байдал болон хурдтай хариу үйлдэл хийх чадварыг сайжруулдаг. Энэ нь гэмтэл бэртлээс сэргийлэх, бусад хүч шаардсан дасгалуудад илүү сайн гүйцэтгэл үзүүлэхэд тусалдаг байна.
СТРЕСС ТАЙЛАХ
Дасгал хийх явцад ялгардаг эндорфин нь стресс, түгшүүр, сэтгэл гутралыг бууруулахад тусалдаг. Түүнчлэн хамт олонтойгоо тоглох, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлэх, багаар ажиллах зэрэг нийгмийн эерэг харилцааг шаарддаг тул сэтгэл санааг өөдрөг байхад нөлөөлдөг. Ерөнхийдөө воллейбол шиг биеийн идэвхтэй хөдөлгөөн шаардсан бүх спорт сэтгэлзүйн эрүүл мэндэд ихээхэн ашиг тустай.
ХАРИЛЦААНЫ ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ
Мэдээж багийн спорт учраас байнгын харилцааг шаардана. Хэдий сэтгэлээр унасан, стресстэй байлаа ч бусадтай нэг баг болж байгаагийн хувьд зөвөөр харьцах хэрэгтэй. Мөн нөгөө талаас бусдын сэтгэл зүйг илүү ойлгодог болох учраас нэгэндээ урам хайрлаж, нэг гэр бүл шиг найз нөхдийг бий болгодог. Энэ нь цаашдын ирээдүйн ажил, амьдралд маш том ур чадвар болж үлддэг билээ.
БУЛЧИНГИЙН ХӨГЖИЛ
Волейбол тоглох үед биеийн олон булчин зэрэг ажилладаг. Хөлийн булчингууд үсрэх, хажуу тийшээ хурдан хөдөлгөөн хийхэд оролцдог бол цээжнээс дээш биеийн булчингууд цохилт, дамжуулалт, хаалтад оролцох үед илүү хөгждөг. Энэ нь бүтэн биеийн дасгал болж, булчин чангалах, нийт хүчийг нэмэгдүүлэхэд тусалдаг.
Эх сурвалж: Usa volleyball
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!