Одоо тренд болж буй охидын загварлаг ҮС ЗАСАЛТУУД


Б.Саранчимэг | YOLO.MN
УРЖИГДАР

Үс сайхан бол зүс сайхан гэдэг дээ. Нэгэн хэвийн үсээ боогоод эсвэл задгай тавиад яваад байгаа юм биш биз. Эсвэл надад өөр үсний засалт тохирохгүй гэж бодоод л байна уу. Эмэгтэй хүн бүр өөрт тохирох үсний засалт, нүүр будалттай бол хэнээс ч илүү дэгжин, үзэсгэлэнтэй харагддаг шүү. Тиймээс энэ удаагийн нийтлэлээр одоо тренд болж буй загварлаг үс засалтуудыг танилцуулж байна.

Хэтэрхий загварлаг биш энгийн хэр нь дэгжин засалтууд байгаа тул хичээл, сургуульдаа явахдаа нэг удаа ч болов туршаад үзээрэй. Гайхалтай өөр харагдах болно гэдэгт итгэлтэй байна.

 УРД ТАЛЫН ХЭСГЭЭ СҮЛЖИХ

Урд талын хэсгээ сүлжээд зарим хэсгийг нь дээш нь боогоорой. Одоо урд талын хэсгээ бага зэргийн гельдээд л боллоо. Урд хэсгээ сүлжихгүй гэвэл сүүлийн зураг шиг бага зэргийн үсээ гаргаж болно. Ингээд л амархан хэр нь дэгжин төрх бүтээчихлээ.  

 BUBBLE PONYTAIL

Энэхүү үс засалт сүүлийн жилүүдэд Instagram, Tiktok дээр ихээхэн алдаршиж тренд болоод байгаа. Хийхэд маш хялбархан тул туршаад нэг үзээрэй.

МООДНООС ГАРДАГГҮЙ СҮЛЖИЛТ

Бүх цаг үед хэзээ ч моодноос гарч байгаагүй үсний засалт бол сүлжилт. Өөрт тохирох хэлбэрээр сүлжээрэй. Сүлжихдээ хэтэрхий чанга биш аль болох сул сүлжих хэрэгтэй. Энэ нь илүү загварлаг харагдуулах болно.

ҮСЭЭ ХОЁР ХУВААЖ БООХ

Энэхүү загвар нь 1990-ээд оны поп соёл, ялангуяа Spice Girls гэх хамтлагаас үүдэлтэй. Өхөөрдөм, хөөрхөн харагдахуйц засалттай тул өсвөр насны охидод илүү тохиромжтой.

БАНТИКТАЙ ҮСНИЙ ЗАСАЛТ

Даашинз, чөлөөт хувцас, спорт хэв маяг гээд бүхий л төрлийн хувцаслалт дээр бантиктай үсний засалт төгс тохирно. Том, жижиг, нарийн, өргөн гээд төрөл бүрийн бантикаа хувцаслалтдаа тааруулаад өмсөх нь таныг илүү эмэгтэйлэг, үзэсгэлэнтэй харагдуулах болно.

УРД ХЭСГЭЭ ГЕЛЬДЭХ

Үсээ зүгээр л задгай тавилгүйгээр урд талын хэсгээ зурган дээрх шиг гельдээд үзээрэй. Энэхүү засалт нь баяр ёслол, үдэшлэгт төгс зохицдог бөгөөд нүүрний хэлбэрийг тодотгон илүү хээнцэр төрхийг бий болгодог.

ҮСНИЙ ДАРУУЛГА, HEADBAND ХЭРЭГЛЭХ

Хамгийн энгийн атлаа загварлаг гоёл бол үсний даруулга. Тиймдээ ч охид бүсгүйчүүдэд заавал байх ёстой. Үсний даруулга, Headband хэрэглэх нь хөөрхөн, цэвэрхэн дүр төрхийг бүрдүүлж өгдөг. Өргөн, нарийн, даавуун, торгон гээд бүхий л төрлийн загваруудаас сонголтоо хийж, хичээлдээ, болзоонд явахдаа эсвэл энгийн гадуур зугаалах үедээ ч зүүж болно.  

ШАТЛАЛТТАЙ ТАЙРАЛТ

Сүүлийн жилүүдэд эргээд моодонд орж ирсэн үсний нэг загвар бол шатлалттай тайралт. Энгийн тайралтаас илүү дэгжин харагдуулдаг. Ялангуяа урт болон дунд зэргийн урттай үсэнд тохиромжтой бөгөөд нүүрний хэлбэрийг тодруулж, илүү эрч хүчтэй, өөртөө итгэлтэй харагдуулдаг. Үсэндээ тийм ч их өөрчлөлт хийлгүйгээр шинэлэг харагдахыг хүсвэл шатлал бол хамгийн зөв сонголт.

УСАН ДОЛГИОН ШИГ ОРООХ

Хэт буржгар ч биш, хэт шулуун ч биш. Яг л байгалиасаа ийм зөөлөн долгионтой мэт харагдах засалт охидын дунд тренд болж байна. Үсний индүү болон үсний хайчаа халаасны дараа сулхан ороох хэрэгтэй. Дараа нь бага зэргийн хэв алдуулахгүй шүршигч шүршихэд л төгс болно. Хэрвээ танд үсний индүү байхгүй эсвэл индүү хэрэглэхээс татгалздаг бол үсээ сүлжээд унтаарай. Өглөө нь задлахад яг л ийм төрх гарч ирнэ.

ОЛОН ЯНЗЫН ХАВЧААР АШИГЛАХ

Хавчаарыг хичээл сургууль, албан уулзалт, аялал зугаалга гээд бүхий л үед ашиглах боломжтой. Ерөнхийдөө хамгийн хурдан загварлаг харагдах хэрэгсэл гээд хэлсэн ч буруудахгүй. Та ямар үсний засалттай байна түүндээ тохируулаад хавчаараа зүүгээрэй. Илүү загварлаг харагдах болно.

#тренд үс засалт