Удахгүй эхлэх ЭЕШ-ндаа хэрхэн бэлтгэх талаар санаагаа чилээж байвал чамд бага ч гэсэн тус болох мэдээллийг хүргэж байна. О.Мөнхсаран болон Х.Тэнүүнзаяа нар 2016 оны ЭЕШ-ын англи хэлний хичээлийн шалгалтад 800 авч байсан туршлагатай залуус юм. Тэдний хичээл болон шалгалтад бэлтгэх арга барил, энэ жил шалгалтад орох хүүхдүүдэд зөвлөгөө өгсөн ярилцлагыг хүлээн авна уу.
-Сайн байна уу? Та хоёрт энэ өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Өөрсдийгөө товч танилцуулна уу?
О.Мөнхсаран: Сайн байна уу? Намайг О.Мөнхсаран гэдэг. 2016 онд Эмпати сургуулийг төгссөн. Энэ жил гадаад явахыг зорьсон болохоор Монголын их сургуульд элсэн ороогүй.
Х.Тэнүүнзаяа: Сайн, сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Тэнүүнзаяа гэдэг. Би Сүхбаатар аймгийн Д.Сүхбаатарын нэрэмжит үндэсний лаборатори 1-р бүрэн дунд сургуулийг төгссөн. Одоогоор их сургуульд хараахан элсээгүй байна.
-ЭЕШ-дээ хэр удаан бэлдсэн бэ?
О.Мөнхсаран: Би ЭЕШ болохоос хоёр сарын өмнөөс л түлхүү бэлдэж эхэлсэн. Учир нь өөр шалгалтанд бэлдэж байсан болохоор бэлтгэлээ "халтуурдахыг" хүсээгүй. Ер нь нэг зүйлд тууштай бэлдэх нь олон зүйлийг нэг дор бэлдснээс хамаагүй илүү үр дүнтэй гэж боддог.
Х.Тэнүүнзаяа: Яг үнэндээ би ЭЕШ-ын англи хэлний шалгалтанд зорьж бэлдээгүй. Гэхдээ 10-р ангид байхдаа аймгийн англи хэлний олимпиадад бэлдэх гээд ЭЕШ-ийн бүх оны тестүүдийг хийж байсан. Алдаануудаа түүж аваад, ямар дүрэм мэдэхгүй болохоор алдаад байна гээд бүгдийг нь дүгнэж аваад гурав, дөрвөн хоногийн дараа ахиад тэр тестээ хийдэг байсан. Жил бүрийн тестийг бараг гурав, дөрвөн удаа хийж байсан байх. Тэгэхээр ЭЕШ-ын бэлтгэл гэвэл тэр сар хагасын бэлтгэл байсан байх. Гэхдээ тэр үеэс төгсөх анги хүртлээ хийж байсан англи хэлний гэрийн даалгаварууд бас давтлага болж өгсөн.
Оноогоо ахиулах хамгийн сайн арга бол нэмэлт материалүүд дээр хичээллэн, алдсан алдаануудаа нягтлан, багшаасаа төвөгшөөлгүй асууж байх хэрэгтэй гэж боддог.
О.Мөнхсаран
-Оноогоо ахиулах хамгийн сайн арга юу байдаг гэж бодож байна?
О.Мөнхсаран: Миний хувьд оноогоо ахиулах хамгийн сайн арга бол нэмэлт материалүүд дээр хичээллэн, алдсан алдаануудаа нягтлан, багшаасаа төвөгшөөлгүй асууж байх хэрэгтэй гэж боддог. Учир нь багш хүн сурагчаа хамгийн сайн оноог л аваасай гэж хүсдэг. Анх сорил өгч байхдаа 70%-тай л хийж байсан. Харин нэмэлт материал дээр багштайгаа илүү цагаар суудаг болсноор хоёр сарын дотор 88-100% хооронд авдаг болсон.
Х.Тэнүүнзаяа: Миний бодлоор ЭЕШ-ийн тестүүд адилхан дүрэм шалгадаг. Нэг оны тест хийж үзээд эхлээд алдсан бүх дүрмүүдээ ангилаад, тэрнийхээ талаар багшаасаа эсвэл интернэтээс ороод хайх хэрэгтэй. Интернэтээс хайх нь багшийн өгсөн бэлэн будааг биш, өөрөө мэдээллээ боловсруулдаг болохоор илүү тогтоцтой бас ойлгомжтой юм шиг санагддаг. Хоёрдугаарт, зөв хийснийгээ ч бас шалгаад тэр тестээ аль болох автоматаар хурдан хийж сурах хэрэгтэй байх. Эцэст нь оноогоо хурдан өсгөх арга бол яг тэр тестэн дээр шалгадаг дүрмүүдийг л бүгдийг нь цээжлэх. Шинэ үгний хувьд, бүх оны тестэн дээрх мэдэхгүй үгнүүдээ түүж аваад чээжилбэл шалгалтан дээр мэдэхгүй үг бага гарна. Ганцхан өгүүлбэр дээрх үг биш хариун дээрх үгнүүдийг ч бас түүх хэрэгтэй.
Бэлдэх үедээ дор хаяж 3 цаг сууна. Гол нь бэлдэхдээ анхаарах зүйл гэвэл орчноосоо тасрах хэрэгтэй. Би лав утсаа унтраагаад өрөөнийхөө хаалгыг түгжээд бэлддэг байсан.
О.Мөнхсаран
-Шалгалтандаа өдөрт хэр давтамжтай бэлддэг байсан бэ?
О.Мөнхсаран: Үнэнийг хэлэхэд би өдөр болгон бэлддэг байгаагүй. 7 хоногтоо 3-4 удаа л бэлддэг байсан. Бэлдэх үедээ дор хаяж 3 цаг сууна. Гол нь бэлдэхдээ анхаарах зүйл гэвэл орчноосоо тасрах хэрэгтэй. Би лав утсаа унтраагаад өрөөнийхөө хаалгыг түгжээд бэлддэг байсан. 7 хоногтоо 3 удаа орчноосоо тасарч бэлдэх нь өдөр бүр энгийн даалгавар хийж байгаа шигээ хийхээс илүү үр ашиг нь гардаг гэж бодож байна.
Х.Тэнүүнзаяа: Би төгсөх ангидаа англи хэлний ЭЕШ-дээ бэлдээгүй. Гэхдээ дунд ангиасаа хойш өдөр болгон л англи хэл дээр ямар нэгэн юм үзэж (memes, dramatic tumblr quotes, movies, tv shows) бага багаар бэлдсэн байх гэж бодож байна. Төгсөх ангийнхан одооноос төвлөрвөл хангалттай хугацаа бий. Тиймээс бэлдэх цаг хугацаа боломжийг бүү алдаарай, цагийг нь тулгаж хийснээс эрт бэлтгэлээ хийж байвал дээр шүү.
Тест хийж үзээд тэрэн дээрээ тогтмол ажиллаад яг юун дээр алдаад байгаагаа тодорхойлоод, юугаа сайжруулах хэрэгтэйгээ мэдээд ирэхээр тест ч энгийн ойлгомжтой болоод оноогоо сайжруулах явц ч хурдасдаг.
Х.Тэнүүнзаяа
-ЭЕШ өгөх гэж буй хүүхдүүдэд хандаж юу гэж зөвлөмөөр байна вэ?
О.Мөнхсаран: ЭЕШ гэдэг шалгалтнаас айгаад хэрэггүй. Аль болох өөрийгөө тайван байлгах хэрэгтэй. Сэтгэл зүй сайтай байх хэрэгтэй шүү. Ер нь ЭЕШ болохоос өмнөх 1-3 хоногт хичээл хийх хэрэггүй. Кино үз, тоглоом тогло, гадуур зугаал, хүссэнээ л хий. Мөн ЭЕШ-ын аз хүртэл чухал санагддаг. Тиймдээ ч 800 авсан санагддаг шүү. Мөн энэ хичээл дээр би асуудалгүй сайн оноо авна гэж ерөөсөө бодож болохгүй. Бэлдэж байна гээд өөрийгөө хэт ядраавал үр дүн гарах нь бага санагддаг.
Х.Тэнүүнзаяа: Хэцүү гэж бодож өөрсдийнхөө өндөр оноо авах боломжийг багасгах хэрэггүй. Угаасаа хэцүү гээд хаячих гээд байдаг тал бий. Тест хийж үзээд тэрэн дээрээ ажиллаад яг юун дээр алдаад байгаагаа тодорхойлоод, юугаа сайжруулах хэрэгтэйгээ мэдээд ирэхээр тест ч энгийн ойлгомжтой болоод оноогоо сайжруулах явц ч хурдасдаг. Хоёрдугаарт, тестээ хэр хурдан хийж дуусаж байгаагаараа хэдэн оноо авахаа барагцаалж болно. Өөр шалгалтанд бэлдэж байхдаа энийг ойлгож авсан. Цагаасаа өмнө дуусахгүй байгаа бол бүтэн оноо авах магадлал их бага байдаг юм байна лээ. Би ЭЕШ-ын англи хэлний шалгалтан дээр нийт цагийнхаа талаас нь өмнө тестээ хийж дууссан, бас хоёр удаа өөрийгөө бүтэн шалгаж амжсан. Тестээ хийж сурахын тулд тестэн дээрх дүрмүүдийг мэдэхээс гадна автоматаар мэддэг болох хэрэгтэй. Би зарим өгүүлбэрүүдийн дохио үгнүүдийг хараад за тийм цагаар бичигдсэн хариулт байх ёстой гээд хайдаг байсан. Тэгэхээр зарим зүйлсийг чээжилчих хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд 800 оноо авч чадна гэж бодоод л бэлдэх хэрэгтэй. Хэн ч хожигдоно, тэнцэхгүй гэж аливаа юманд ордоггүй шүү дээ.
-Цаг зав гарган бидэнтэй ярилцаж, үнэтэй зөвлөгөөнүүд өгсөнд маш их баярлалаа! Цааш цаашдын хичээл сурлагад нь өндрөөс өндөр амжилт хүсье!
О.Мөнхсаран: Танай хамт олонд ч бас өндөр амжилт хүсье!
Х.Тэнүүнзаяа: Баярлалаа. Бидний өгсөн зөвлөгөө жаахан ч гэсэн тус болно гэж найдаж байна.
Холбоо барих хаягууд:
Facebook: О.Мөнхсаран
Facebook: Х.Тэнүүнзаяа
Ярилцсан С.Ариунбат
Эх сурвалж: www.goodyouths.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх