Монгол хэл бичгийн шалгалтад сурагчдын гаргадаг түгээмэл 5 АЛДАА


Сэтгүүлч Д.Дөлгөөн | YOLO.MN
2025-04-15

Энэ жилийн монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 2025 оны 4-р сарын 17-19-нд зохион байгуулагдана. Хэл бичгийн шалгалт өгөхдөө гаргадаг сурагчдын нийтлэг хэд хэдэн алдаанууд бий. Тиймээс өмнө жил хэл бичгийн шалгалтаа амжилттай өгсөн миний зүгээс сурагчдын гаргадаг нийтлэг 5 алдаан дээр  суурилсан зөвлөгөөг хүргэж байна.

Эсээн дээр хайнга ханддаг.

Нийт шалгалтын онооны хамгийн их хувийг эзэлдэг хэсэг нь эсээ. Гэхдээ эсээ бичих нь тийм ч хүнд хэцүү зүйл биш харин өөрийн санаагаа  л бусдад зөвөөр илэрхийлэх ур чадвар юм. Эсээ бичихдээ уншигчийн өнцгөөс харж бичвэл  их зүгээр. Мөн би төвтэй эсээний сэдвүүд орж ирдэгтэй холбогдуулан сурагчид хэтэрхий хэцүү зүйлс даван туулсан тухайгаа их дурдах хандлагатай байдаг. Тэрний оронд гэгээлэг түүхүүдээ дурдаж өгвөл илүү дээр.

Эсээний бүтцийг ерөнхийдөө бид мэднэ. Тиймээс нэмэлт анхаарвал зохих зүйлсийг дурдъя.

  • Өгөгдсөн сэдвийнхээ дагуу ойлгомжтой бөгөөд өөрийн болгож бичих
  • Ямар ч төрлийн эсээнд тохирч болохоор алдартай нэгний эшлэл цээжлэх
  • Байж болох хамгийн сонирхолтой жишээ, баримтыг бодон цэгцтэйгээр бичих
  • Үгийн тоог хэтрүүлж эсвэл үгийн тоондоо хүргэхгүй байж болохгүй
  • Бичгийнхээ хэвийг гаргацтай баллахгүй байхад анраарах

Сэтгэл санааны тогтворгүй байдал

Хэдийгээр тус шалгалт бидний эх хэлний мэдлэгийг шалгаж байгаа ч гэсэн еранхийдөө бид монгол хэлнийхээ дархлааг хадгалж, үндэсний соёлоо тээн өвлүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа юм. Тиймээс хэт их алдаа гаргахгүй гэдэгт анхаарал хандуулалгүй, олон зүйл бодохгүйг хичээн сэтгэл санаагаа тайван, тогтвортой байлгахыг хичээгээрэй. Бас  сэтгэл санаанд нөлөөлдөг гол чухал зүйлсийн нэг бол нойр учраас нойроо сайн авах хэрэгтэй шүү.

Цагаа тооцоолдоггүй

Ямар ч төрлийн шалгалтад цагаа төлөвлөх нь хамгийн чухал хэсэг. Цагаа төлөвлөөгүйгээс сандрах, амжихгүй орхих зэрэг асуудлууд үүсдэг учир миний зүгээс бугуйн цагийг зөвлөж байна. Мөн монгол хэл бичгийн шалгалт нь нийтдээ 100 минут үргэлжилдэг. Хүн хүний хурдны чадвар өөр болохоор өөртөө тохируулан цагаа төлөвлөөд ороорой.

Эхээ төвлөрч уншдаггүй.

Ялангуяа эхний хэсэг буюу эх уншиж ойлгох хэсэгт хэр сайн төвлөрч байгааг шалгадаг. Тийм учраас уншихынхаа өмнө сайн төвлөрөөд эхлэх хэрэгтэй.  Ихэнх сурагчид эхлээд эхээ уншиж эхэлдэг. Харин миний хувьд эхлээд эсээгээ бичиж дуусаад дараа нь эхээ уншиж эхлэвэл илүү төвлөрөлт нэмэгддэг. Тийм болохоор эсээгээ бичсэний дараа эхээ уншвал эхийн дасгалууд дээрээ илүү анхааралтай хандахад тусална гэж бодож байна.

Хянахаа мартдаг.

Өмнө жилийн шалгуулагчид цагаа төлөвлөөгүйгээс хянах цаг гараагүй гэж их хэлж байсан. Санаандгүй байдлаар зөв гэж бодсон хариултаа буруу дугуйлсан эсвэл дүрмийн жижиг алдаанууд  гаргах магадлал их байдаг. Жижиг алдаанууд гаргахгүйн тулд 5-10 минутыг заавал дахин нягтлан, шалгахдаа зориулаарай.

Эцэст нь хэл бичгийн шалгалт өгөх нийт суралцагчдадаа шалгалтад нь амжилт хүсье.

#ЭЕШ